Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийж буй Төрийн айлчлалын үеэр “Зөөвч-Овоо” ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээний ерөнхий нөхцөлөөр Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг” компани урьдчилсан зөвшилцөлд хүрч, хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан.

Элизейн ордонд болсон гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон “Орано Майнинг”, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд оролцжээ.

Тус протокол нь хоёр талд харилцан ашигтай хөрөнгө оруулалтын гэрээний бодлогын хүрээг тодорхойлж, “Зөөвч-Овоо” төслийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлд Монгол Улсын Засгийн газар болон “Орано” компанийн олон арван жил үргэлжлэх хамтын ажиллагааны суурийг тавьж буйг талууд онцолсон байна.

“Ураны төслөөс ирэх 30 жилийн хугацаанд 3.2 тэрбум ам.долларын
орлого олох боломжтой”

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан энэ талаар твиттер хуудсаараа дамжуулан мэдээлэв. Тэрбээр “МОНГОЛЫН УРАН ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД, өнөөдөр Монгол Улсын Засгийн газар болон Францын “Орано майнинг САС” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ерөнхий нөхцлөөр Парис хотод хэлэлцээ хийж, Талууд урьдчилсан зөвшилцөлд хүрч чадлаа.

Энэ протоколд үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д өргөн барина.

Засгийн газар урьд өмнөх Хөрөнгө оруулалтын гэрээний алдаа оноог дүгнэн цэгнэж,  Монголын баялаг Монголдоо илүү өгөөжтэй, монгол хүндээ илүү хүртээмжтэй байх зорилго өвөртлөн, амар бус яриа хэлцлийг хийж, харилцан ашигтай хамтран ажиллах гэрээний нөхцлөө Францын талтай урьдчилан тохиролцлоо.

Монголын тал төслийн хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй. Эдийн засаг, техник технологийн ямарваа эрсдэлгүй хамтын ажиллагааны нөхцлөө тохиролцлоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад нэг ч долларын өр оногдохгүй, өгөөжөө  шууд хүртэнэ.

Олон сая жилийн туршид байгальд үүсч хуримтлагдсан, дэлхийд дээгүүрт орох ураны нөөцөө ардчилсан ертөнцийн тэргүүлэх гүрний нэг, гуравдагч хөрш Францын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологоор хамтран ашиглана.

Францын Засгийн газар “Орано” группын 89,99 хувийн хувьцааг эзэмшдэг, 17 улсад цөмийн энергийн чиглэлээр ажилладаг, 17 мянган ажиллагчтай, дэлхийн ТОП гурван компанийн нэг юм.

Франц улсад цөмийн эрчим хүчний 56 реактор ажиллаж, нэгийг нэмж барьж байна. Эрчим хүчнийхээ 68 хувийг уранаас гарган авдаг. Хятад, Солонгос, Өмнөд Африк, Иран улсууд Францад хөгжүүлсэн реакторын технологийг ашиглаж байна.

Бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх аварга том төсөл хагас зуун жил шахам буюу 47 жил үргэлжилнэ. 2024-2027 онд 3 жилийн туршид бэлтгэл ажлаа ханган базаана. 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Нөхөн сэргээх ажил нь гэхэд 2061-2070 онд 9 жил жил үргэлжилнэ.

Ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар болно. Жилийн цэвэр ашиг нь 131.0 сая ам.доллар, нийт дүнгээрээ 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох тооцоололтой.

Төслөөс Монголд жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрнө. Тухайлбал, АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1,550 сая ам.доллар болохоор тооцоолж байна.

Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдлэх урьдчилан тохирсон нөхцөлөөр нийтдээ 400 орчим сая гаруй ам.долларын ногдол ашиг нэмж авах урьдчилсан тооцоо гараад байна.

“Бадрах Энержи” ХХК-ийн бүх ажиллагсдын 96 хувь нь Монгол Улсын иргэд байна. Үүний 30 орчим хувьд нь орон нутгийн иргэд ажиллана. Шинээр 700 гаруй тогтмол ажлын байр нээгдэнэ.

Дэлхий дахинд эрчим хүчний хэрэглээ 2050 он гэхэд 2 дахин өсч, нүүрсхүчлийн хийн ялгарлыг 2 дахин бууруулах зорилго тавьсан нөхцөлд Монголын говиос олборлох эх үүсвэр үнэтэй хувь нэмрээ оруулна. Уран нь цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд төдийгүй хорт хавдрын оношилгоо, эмчилгээ, хоол хүнс ариутгах, савлах, бараа материалын чанар хянах, ус, агаарын бохирдол судлах зэрэг олон салбарт онц чухал үүрэгтэй билээ.

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанид бүтэц зөв бол бүх зүйл зөв гэдэг зарчмаар өөрчлөлт эхлүүлж, олон жил гацаж хүлээгдэж байсан томоохон төслүүд нь ийнхүү хөдөлж эхэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийж буй айлчлалын үеэр гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бататгах, мега төслүүдээ хөдөлгөх зэрэг бодит үр дүнгүүд гарсан яриа хэлцлүүд өрнөж байна.

#Монголчууд дэлхийн тавцанд эргэн ирж байна. #БаялагтааэзэнМонголчууд” гэж бичжээ.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу