Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга өнөөдөр (2023.10.13) Эдийн засгийн сэтгүүлчдийн клубын “Өглөөний уулзалт”-ын ээлжит зочноор уригдаж, Монгол Улсын боомтуудын өнөөгийн нөхцөл байдал, бүтээн байгуулалтын ажлууд, хүрэх үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Боомтын сэргэлт”-ийн зорилтын талаар хэлэхдээ “Манай улсын хувьд байгалийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг, эдийн засгийн дийлэнх хувь нь эрдэсийн экспорт дээр тулгуурладаг. Гэвч боомтоор нэвтрүүлэх экспортын хэмжээ 50 орчим сая тонноор хэмжигдэж байгаа нь чамлалттай юм. Иймд хөгжлийг дөтлөн урагшлуулах шинэчлэлийн гол хурдасгуур нь “Боомтын сэргэлт” хэмээн Монгол Улсын Засгийн газар үзсэн. Тодруулбал “Шинэ сэргэлтийн бодлого”-ын алсын харааг “Боомтын сэргэлт” тэргүүлнэ.

Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд дэд бүтэц бий болгож, экспортын гарцуудыг нэмэгдүүлж, хүчин чадлыг нь өргөтгөх замаар эдийн засгаа эрчимжүүлэхийг чухалчлах юм. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, хүчин чадлыг дээшлүүлэх, улмаар экспортыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр Боомтын сэргэлтийн үндэсний хороо ажиллаж байна.

Энэ хүрээнд төмөр замын сүлжээг шинэчлэн сайжруулах, шинээр төмөр зам байгуулах, хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачиж буулгах терминалууд байгуулах зэрэг нийт 6 багц төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, урсгалыг нэмэгдүүлснээр экспорт, худалдааны эргэлт сайжирч, аялал жуулчлалын салбарыг дэмжихэд томоохон хөшүүрэг болно гэж дүгнэж байна” гэв.

ӨЛГИЙ, ХОВД, МӨРӨН, ДАЛАНЗАДГАД, ЧОЙБАЛСАН
БООМТЫН СТАТУСААР АЖИЛЛАЖ ЭХЛЭЭГҮЙ 

Монгол Улсад нийт 39 боомт бий бөгөөд ердийн үед 28 нь үйл ажиллагаа явуулж байгаагаас агаарын замын 6 боомт, ОХУ-тай авто зам болон төмөр замын 16 боомт, БНХАУ-тай 17 боомтоор хиллэж байгаа юм. Агаарын замын 6 боомтын хувьд “Чингис хаан” олон улсын нисэх буудал ажиллаж буй. Өлгий, Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан зэрэг агаарын таван боомт олон улсын нислэг хүлээж аваагүй, боомтын статусаар ажиллаж эхлээгүй байгаа аж.

Монгол Улс ба ОХУ-ын хилд авто замын 14, төмөр замын 2, нийт 16 боомтоос 10 нь ажиллаж, дэд бүтэц хөгжөөгүй, бүтээн байгуулалт хийгдээгүйн улмаас 6 боомт ажиллахгүй байгаа юм байна. Харин Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын 4, нийт 17 боомт ажиллахаас 13 боомт үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй ажээ.

Боомтын сайд Б.Тулга боомт нэмэгдэх тусам Монгол Улсын орлогын үүд бодитоор өсөх тул Засгийн газар ажиллагаагүй байгаа боомтуудаа хэвийн ажиллах горим руу шилжүүлэхэд онцгойлон анхаарч байгааг онцлов. Тэрбээр “Боомтын хөгжлийг улсын эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжилтэй уяж, Монгол Улс бүтээмжийн хувьд нэг алхам урагшлах юм” гэв.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд, Гашуунсухайт, Алтанбулаг, Боршоо боомт дээр боомтыг сайжруулах иж бүрэн өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж буй юм байна. Мөн Булган, Бургастай, Шивээхүрэн, Ханги, Сүмбэр, Баянхошуу, Хавирга, Цагаандэл-Уул, Ульхан, Ханх боомтыг өргөтгөн шинэчлэх зураг төслийн ажлыг гүйцэтгэж буй аж.

Түүнчлэн БНХАУ-ын буцалтгүй тусламж болон Засгийн газрын хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд Гашуунсухайт болон Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын нэвтрэх чадлыг өргөжүүлэх ажил ид өрнөж буй юм.

Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын зорчигч тээврийн терминалыг ашиглалтад оруулсан бөгөөд ачаа тээврийн терминал энэ сард ашиглалтад орох аж. Харин Гашуунсухайт хилийн шалган нэвтрүүлэх боомтын нэвтрэх чадлыг өргөжүүлэх ажлын гүйцэтгэл 23 хувьтай явж буй бөгөөд энэ нь цар тахал болон үерийн гамшиг зэрэг давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр бага зэрэг хойшилжж, ирэх 2024 он гэхэд бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж буй юм байна.

“ЭРЭЭНЦАВ-БАЯНТҮМЭН ЧИГЛЭЛИЙН 238 КМ ТӨМӨР ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ, 2026 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА”

Азийн хөгжлийн банкны 27 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжиж буй “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд хилийн авто замын Алтанбулаг, төмөр замын Сүхбаатар болон авто замын Боршоо боомтын дэд бүтцийг сайжруулахаар ажиллаж буй аж.

Төмөр замын Сүхбаатар боомтын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орсон бол авто замын Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомтын нэвтрэх чадлыг өргөжүүлэх төслийн ажлын явц 81 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм байна.

Мөн Бичигт боомтын хувьд АХБ-ны санхүүжилтээр боомтын өргөтгөлийн ажил долоодугаар сард эхэлсэн бөгөөд ирэх жилийн 12 дугаар сард дуусах төлөвлөгөөтэй байгаа. Боршоо хилийн боомтын барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэл 99 хувьтай байгаа аж.

Мөн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын хил огтлолын цэг, өндөржилтийн дагуу эхний ээлжинд 1435 мм нарийн царигтай төмөр зам барьж, Хятадын талтай холбох асуудлыг ярьж буй юм байна. Шивээхүрэн боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замыг ирэх дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн Бичигт боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замын барилгын ажлыг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан эхлүүлэх асуудлыг Хятадын талд тавьсан байна. Бичигт боомтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улс жилд 10 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэх юм.

Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн 238 км төмөр замыг шинэчлэн, сайжруулах төслийн ТЭЗҮ,  техникийн зураг төслийн ажлыг энэ онд багтаан эхлүүлж 2026 он гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөө гарсан. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр Хөөт-Чойбалсан чиглэлийн 192 км төмөр зам болон Хөөт-Бичигт чиглэлийн 234.1 км төмөр замын төслийн техникийн зураг төслийг хийж буй бол Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын зураг төслийн ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.

Засгийн газраас Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 478 км, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км, Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км, Цагаандэл-Уул хилийн боомт хүртэлх 270 км, Норовлин-Баян-Уул-Ульхан чиглэлийн 124 км, Чойбалсан хотыг Хавиргын боомттой холбох 124.5 км зам барихаар ажиллаж буй юм байна.

Мөн Баруун-Урт-Бичигт чиглэлийн 277.3 км, Алтай-Бургастай чиглэлийн 320 км, Нөмрөг сумыг-Арцсуурь чиглэлийн хилийн боомтыг холбох 159.5 км, Хатгал-Ханх чиглэлийн 180 км, Баянхошуу хилийн боомт чиглэлийн 198.2 км, Сүмбэр хилийн боомт хүртэлх 152.06 км, Бага-Илэнх хилийн боомт хүртэлх 131.27 км, Тэс хилийн боомт хүртэлх 220 км, Өлгий-Даян чиглэлийн 185 км, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам 987.5 км холбох ажлыг хийхээр төлөвлөжээ.

АГААРЫН ТЭЭВРИЙН 4-5 БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЖИГДРҮҮЛНЭ

Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалт, агаарын замын ашиглалтыг сайжруулан, дамжин өнгөрөх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар хэрэгжүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгоход бодлогоо чиглүүлж буй аж.

Агаарын тээврийг төрөлжүүлэхэд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 4-5 агаарын тээврийн боомтын үйл ажиллагааг жигдрүүлэхээр зорьжээ. Урьдчилсан төлөвлөлтөөр Хөвсгөл, Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд олон улсын шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх аж.

Чойбалсан, Ховд аймгийг дамжин өнгөрөх агаарын тээврийн ослын буулт хийх төв цэг болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Улаангом хотын хувьд хилийн ойр орчмын буюу ОХУ-ын хотууд руу шууд нислэг үйлдэхээс гадна Хөвсгөл, Хэнтий аймагт 4С зэрэглэлийн нисэх буудлыг бий болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Монгол Улс хэтдээ зөвхөн зорчигч тээврээр хязгаарлагдахгүй олон улсын карго тээврийг хөгжүүлж, агаарын тээврийн дамжин өнгөрөх баазыг бий болгоход анхаарах нь. Орон нутгийн олон улсын статустай нисэх буудлуудыг нээлттэй нисэх буудал болгон зарлах, жуулчин тээврийн нислэгийн зөвшөөрлийг чөлөөтэй олгох, улирлын хамааралгүйгээр аялал жуулчлалыг хөгжүүлэхэд агаарын тээврийн оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг сайжруулах төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх юм байна.

-Дотоодын нисэх буудлын өнөөгийн хүчин чадалд тохирсон нислэгийн зохицуулалт, цагийн хуваарийн менежмент хийх, аль болох шууд, олон нислэг гүйцэтгэх зохицуулалт хийх, жуулчдын аюулгүй, тав, тухтай байдлыг ханган зорчигч урсгалыг татах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

-БНХАУ-ын хилийн боомтууд тус улсын гадаад дотоод худалдааны эргэлтийг идэвхжүүлэх замаар бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр 2023 оны байдлаар активын төрлөөс үл хамаарч томоохон 34, жижиг 2000 хилийн боомтод 36.2 тэрбум юань буюу ойролцоогоор 5.2 тэрбум ам.долларын актив хөрөнгө төвлөрчээ.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу