Монголын допингийн эсрэг байгууллага буюу МОНАДА-гийн Ерөнхийлөгч Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарыг АТГ-аас шалгаж буй талаар мэдээлж байсан билээ. 

Үүнтэй холбогдуулан Ж.Хатанбаатарыг Ерөнхийлөгчийн албан тушаалаас нь чөлөөлж, түүний оронд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Ц.Уугангэрэл ажиллахаар болсон байна. 

Улмаар шинэ Ерөнхийлөгчтэй Олимпизмын сайд Б.Бат-Эрдэнэ уулзаж, Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас ирүүлсэн зургаан зөрчлийг яаралтай арилгах талаар ярилцжээ.

Энэ тухай  Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Өнөөдөр MONADA буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын шинэ Ерөнхийлөгч Ц.Уугангэрэл, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нартай уулзаж гарын үсэг зурагч, холбогдох байгууллагуудын хооронд олон жил үл ойлголцол маргаантай явж ирсэн асуудлуудад цэг тавьж, цаашид нягт хамтран ажиллах талаар тохиролцлоо.

Юуны түрүүнд Монгол Улсын баг тамирчдыг олимпод оролцуулахгүй байх эрсдэлд оруулаад байгаа Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA)-аас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага (MONADA)-д ирүүлсэн зургаан зөрчлийг арилгах шаардлагыг яаралтай ханган биелүүлэх, түүнчлэн MONADA байгууллагыг допингийн эсрэг олон улсын гэрээ, WADA-ийн дүрэм, үндэсний допингийн эсрэг дүрмийн хүрээнд ил тод нээлттэй ажиллуулах, засаглалыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох, засгийн газрын зүгээс MONADA байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад онцгой анхаарах зэрэг асуудлаар ярилцлаа” хэмээн цахим хуудастаа бичсэн байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу