Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тогтолцооны өөрчлөлтөө хийж, Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж чадвал ирэх намар буюу 10 дугаар сард УИХ-ын сонгуулийг хийхэд татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс ч гэсэн сонгуулийг наашлуулах талаар өнгөрөгч онд нэг биш удаа намын дарга Л.Оюун-Эрдэнэд ам нээсэн байдаг. 2024 онд хугацаандаа сонгууль болбол МАН алдах юм ихтэй. Нүүрсний хулгай, Хөгжлийн банк цаашлаад бусад хулгайтай нэр холбогдсон хүмүүсийн цуваа хэд болж үргэлжлэхийг таах аргагүй юм. Тиймээс алдах боломж бага байгаа дээр сонгуулиа хийж авах томоохон зорилго дэвшүүлэн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд анхаарал хандуулж улс төрийн намууд байр сууриа илэрхийлж байна.

Эх орончдын баярын өдөр болсон “Шилэн нам” эрдэм шинжилгээний хурлын үеэр МАН-ын дарга “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжин, тойргийн эрх ашиг, нутгийн томилгоо, хатуу гишүүнчлэл, мөнгөний сүлжээний чөтгөрийн тойргоос гарч, тогтвортой хөгжлийн, олон намын дуу хоолой бүхий иргэдийн төлөөлөх эрхийг хангах парламентын чадавхийг бэхжүүлэх, нийгмийн сегмент бүрийн дуу хоолойг дэмжсэн тогтолцооны шинэчлэл хийхэд эрх баригч нам бэлэн байна” гэдэг үгс парламентад суудалгүй, сонгуулийн үеэр амь ордог намуудын хувьд алга ташим явдал болсон. Магад тэд үүнийг л хүлээж байсан байх.

Холимог тогтолцоог оруулж ирэх, гишүүдийн тоог нэмсэнээр парламентад суудалгүй намууд тодорхой босгыг давж сонгогчдын санал авч чадвал мөрөөдлөө биелүүлж парламентад суух боломжтой болно. Тухайлбал, Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Л.Оюун-Эрдэнэд итгэж байгаагаа нуугаагүй. Хэрэв итгэлийг хөсөрдүүлбэл “алалцана” гэдгээ ч мэдэгдсэн. БНН-ын дарга Б.Жаргалсайхан мөн л МАН-ын даргын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, “алалацана” гээд байгаа А.Отгонбаатартай алалцахдаа тулсан бичлэг нийтэд түгсэн. Ямартай ч парламентын гадна талд 20 гаруй жил хашхичсан улс төрийн хүчнүүд парламентад суудалтай болж, олон намын төлөөлөлтэй анхны парламент бүрэлдэх боломжтой болж байна.

Г.Занданшатарын тэргүүлсэн парламентын бараг тал хувь нь ямар нэг байдлаар гэмт хэрэгт нэр холбогдон шалгагдаж байна. Парламент гэхээсээ илүүтэй их хулгайчдын танхимын тэргүүн болчихоод байх шиг. Хууль хяналтын байгууллагын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Тиймээс МАН хэрэгт холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэх боломж тун бага юм. 2020 оны сонгуульд ЖДҮ-гийн хэрэгт нэр холбогдсон Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Б.Ундармаа тэргүүтэй ЖДҮ-чдэд нэр дэвших боломж олгоогүй. Ирэх сонгуульд мөн нүүрсний хулгай, Хөгжлийн банк, концесс, ЖДҮ-д нэр холбогдсон байх магадлал бүхий хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй байх зарчим барьж байгаа аж. Хэрэгт холбогдсон хүмүүсээ нэр дэвшүүлэх нь амиа хорлосноос өөрцгүй алхам болно. Парламентын хоёр удаагийн сонгуульд 65, 62 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан намын хувьд одоогийн байдлаар дараагийн сонгуульд тийм хэмжээний суудал авах боломж харагдахгүй байгаа. Гэхдээ тогтолцооны өөрчлөлт хийснээр үнэмлэхүй олонх биш ч олон суудал авч чадах тооцоог хийгээд байна. Тиймээс намын зүгээс тойргууд дээр рейтингийн судалгаа хийгдээд эхэлсэн талаар эх сурвалжууд хэлж байгаа юм.

Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор нэр зарлагдсан гишүүдийн хувьд прокурор олны анхаарал татсан хэрэг дээр тун чанга байх юм байна. Өнгөрөгч оны 12 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн заримт зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахдаа олны анхааралд байсан 22.1 дүгээр зүйлийн

“1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

“2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж өөрчилсөн.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдийн бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуул гэдэг байр сууриа бүлгийн хуралд илэрхийлсэн байдаг. Одоогоор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нүүрсний хэрэгт холбогдолгүй гэдгээ шалгуулж, ээжийнхээ эмчилгээнд анхаарахаар гишүүнээс бүр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний араас Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд байгаа. Санал хураалт нууцаар явагдах ч өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гишүүдийг парламент явуулах магадлал хамгийн өндөр байгаа юм. Ер нь явж явж Х.Баттулга л хэлсэн болохоос энэ парламентын талаас илүү нь бараг хулгайч нар боллоо гэдэг үнэний ортой болоод явчихлаа. Шүүхээр гэм буруугийн асуудал, гурван шатны шүүхийн процесс маш их цаг хугацаа шаардана. Тэгэхээр ирэх сонгуульд нэр дэвших боломж амаргүй болж байна. Тухайлбал, “Алтжин” группын захирал Г.Алтан агсны шүүх хурал долоон жил сунжирснаас харж болно. 

Г.Занданшатарын тэргүүлсэн парламентаас хэн хэн дараагийн сонгуульд нэр дэвшихгүй вэ гэдгийг тоймлон хүргэе. 

Тойрог Овог, нэр Нам

Тайлбар

1 1-р тойрог Ёндонпэрэнлэй БААТАРБИЛЭГ МАН 2020 оны сонгуульд Архангай аймгаас хамгийн олон сонгогчийн санал авч парламентад орж ирсэн гишүүн.  Түүнд холбогдох янз бүрийн муу цөвтэй зүйл сонсогддоггүй байсан ч Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон талаар ярих болсон. Архангайн иргэдийн итгэл түүнд алдраагүй байгааг нутгийнхан нь хэлдэг.
2 Жамъянгийн МӨНХБАТ МАН УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх өргөдлөө хамгийн түрүүнд гаргаж, нүүрсний хулгайн хэрэгт холбогдолгүй болохоо шалгуулна гэж мэдэгдсэн гишүүн. Энэ сарын 15-нд хаврын чуулганаар гишүүнээс чөлөөлөгдөх асуудал нь байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд яригдах учиртай. Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хүнд дахин нэр дэвших мандат олгох эсэхийг Л.Оюун-Эрдэнэ шийднэ.
3 Ганзоригийн ТЭМҮҮЛЭН МАН Архангай аймагтаа нэр дэвших боломжтой. Гэхдээ намын дарга Л.Оюун-Эрдэнийн тавьсан сайдын суудлаас татгалзсан. Төсвийн байнгын хорооны дарга. 
4 2-р тойрог Хавдисламын БАДЕЛХАН МАН Казахуудын онцлог болох омгийн тэргүүн гэдгээрээ улс төрд нөлөө бүхий байж парламентад гурван удаа сонгогдсон. Түүнийг тэтгэвэрийн нас болсон тул дахин нэр дэвшүүлэхгүй юм байна.
5 Телуханы АУБАКИР МАН Парламентад анх удаа сонгогдсон хэдий ч дахин нэр дэвших боломжгүй гишүүнээр нэрлэж байгаа. Учир нь тэрбээр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаныг огцруулах асуудлыг зохион байгуулсан гэж үздэг. Аймгийн намын хорооны гишүүдийн дотор нь хагалсан гэдэг нэр зүүгээд байгаа. Д.Бауыржан өөрөө өргөдлөө өгсөн боловч Ерөнхий сайд уг асуудлыг нь өнөөдрийг хүртэл шийдээгүй байгаа. Д.Бауыржан аймгийн намын хорооны дарга юм. Т.Аубакир Баян-Өлгий рүү дахиж тийшээ зүглэлтгүй болсон гэх мэдээлэл бий. Түүнийг дараагийн сонгуульд дэвшүүлэхгүй юм байна.
6 Буланы БЕЙСЕН АН АН-аас аймагтаа цор ганц суудал авч ирсэн гишүүн. Түүнд холбогдох Баян-Өлгий аймгийн иргэдийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн групп тогтоож өгч иргэдээс авлига авсан хэргийг АТГ шалгаж байгаа. Тиймээс нэр дэвшигчийн гэмт хэрэгт холбогдолгүй гэх тодорхойлолтыг АТГ өгөхгүй байх магадлал өндөр. Түүнийг тойрогт нь нэр дэвшүүлэхгүй.
7 3-р тойрог Гомбожавын ЗАНДАНШАТАР МАН УИХ-ын дарга байхдаа 2020 оны сонгуульд Баянхонгортоо арай гэж АН-ын хоёроосоо илүү гарч ирсэн. Намынх нь нэр хүнд тааруу байгаа үед тойрогт нэр дэвшиж азаа үзэхгүй. Тиймээс намын жагсаалт мөрөөдөж байгаа. Тэрбээр намын жагсаалтад намын дарга, генсек нарын араас 3 дугаарт эрэмбэлэгдэнэ. Үндсэндээ жагсаалтаас өөр боломжгүй гэж харагдаж байна.
8 Дашдондогийн ГАНБАТ АН АН-ын дарга болсон ч тамгаа авч чадаагүй дарга. С.Эрдэнэтэй хамт албан ёсны дарга Л.Гантөмөрийг “шантаажилж” байгаад намын жагсаалтын дээгүүр эрэмбэлэгдэх тохироо хийхээр гэдийж яваа. Хэрэв Баянхонгорт нэр дэвшбэл унах  магадлал өндөр байгаа юм. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг 3 жил муулсаных нь шанг тэд яаж хариулахаа мэднэ. Тиймээс Баянхонгорт очиж хөрөнгө зарж нэр дэвшихгүй.  
9 Амгалангийн АДЪЯАСҮРЭН АН Түүний хувьд нэр дэвших боломжоо хаалгасан парламентын бараг анхны гишүүн болсон. АТҮТ-ийн ажилтан Д-д нүүрс тээврийн автомашины С зөвшөөрөл гаргуулахын тулд 100 мянган ам.доллар өгч байгаад баригдсан байдаг. Д-г АТГ-аас саатуулж шалгасан ч тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга хэргийг нь хаалгасан гэдэг. Гэсэн ч “Шилэн” Б.Цогтгэрэл нүүрсний хэрэгтэй холбоотойгоор Ерөнхий прокурорт хүсэлт гаргаж, Нийслэлийн прокурорын зүгээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. АТГ-аас түүнийг яллагдагчаар татагдсан гишүүдийн дотор нэрийг нь зарласан. Тэрбээр нүүрс тээврийн С зөвшөөрлийн хэргээс галдан оффшорын дансны асуудлаар мөн шалгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн.
10 4-р тойрог Цогт-Очирын АНАНДБАЗАР МАН Хүчингийн гэх хэрэгт холбогдуулан түүнийг шалгах үеэр хэргээ нэг талд нь гаргаж шийдтэл намын дүрмийн хүрээнд МАН-ын гишүүнээс түдгэлзүүлсэн. МАН  түүний  гишүүнчлэлийг сэргээгээгүй. Тиймээс бүлгийн хуралдаа ч орохгүй байгаа. Ц.Анандбазарт МАН-аас нэр дэвших боломж байхгүй.

Харин бие дааж нэр дэвших ганц боломж бий. Харамсалтай нь түүний үүсгэн байгуулсан Содмонгол ХХК Эрдэнэт үйлдвэрийн тендерт орохдоо тендерийн бичиг баримтыг засварласан хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Тиймээс бие дааж нэр дэвших найдвар ч тун бага.

11 Жадамбын БАТ-ЭРДЭНЭ МАН Булган аймагт нэр дэвших боломжоо хадгалж үлдсэн ганц хүн гэгддэг. Гэвч Сүнээ гээд скандалтай. Түүний цээж нүцгэн зураг цахим орчинд тарж байсныг эс тооцоход нэр дэвших нь гарцаагүй. Гэвч ирэх сонгуулиар цээж нүцгэн зураг дахин гарч ирэх нь гарцаагүй. Түүний эхлүүлсэн “Шинэ хөдөө” төсөл маш амжилттай хэрэгжиж байгаа.
12 5-р тойрог Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН МАН Говь-Алтай аймагт дахин нэр дэвших боломжгүй болсон. Нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан талаар АТГ-аас мэдэгдсэн. Нүүрсний хулгайн хэргийн гэм буруугийн асуудал гурван шатны шүүх хуралдааныг хүлээвэл ирэх сонгууль түүний дараагийн сонгууль ч хүрч мэднэ. Тиймээс нэр дэвших ямар ч боломжгүй болоод байна.
13 Шатарбалын РАДНААСЭД МАН АТГ-аас түүнийг нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан талаар мэдээлсэн. Ирэх сонгуульд нэр дэвших бүү хэл намын гишүүнчлэлээсээ татгалзаад шалгуулах ёстойг намын дарга нь хэлээд байгаа. Мөн ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдтой хамт Говь-Алтай аймагт их хэмжээний бэлэг, автомашин бэлэглэсэн зардлын тайлангаа бүрэн дүүрэн тайлбарлаж чадахгүй байгаа талаарх мэдээлэл бий. Тиймээс түүнийг нэр дэвшүүлэхгүй.
14 6-р тойрог Сүхбаатарын БАТБОЛД МАН Улс төрд нөлөө бүхий хамгийн том фракцийн толгойлогч гэдэг. Түүнтэй холбоотой асуудлуудыг Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа хэлж байсан ч одоог хүртэл ямар нэгэн үр дүнд хүрсэн талаар юм дуулдаагүй. Тиймээс Дундговьдоо нэр дэвшинэ. МАН-д түүнээс өөр дэвших хүн бараг байхгүй.
15 Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ МАН Парламентад суугаа эмэгтэй гишүүдээс хоёр удаа сонгогдож, байнгын хорооны даргаар ажиллаж байгаа цөөн эмэгтэйчүүдийн нэг. Тиймээс намын жагсаалтад орох магадлал хамгийн өндөр. Түүний тойрогт УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нэр дэвшинэ. Тэгэхээр дараагийн парламентад жагсаалтаар орж ирж таарна. Монголын баян Б.Дэлгэрсайхантай анх нэг тойрогт нэр дэвшиж байсан бол түүний дараа дэлхийн баян Сү.Батболдтой хамт нэр дэвшин хоёр дахь удаагаа парламентад суусан “ёндоо”-той гишүүн гэдгийг намынхан нь хэлдэг.
16 7-р тойрог Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН МАН Бие даагчаар парламентад орж ирсэн тэрбээр байнгын хорооны дарга, ХХААХҮ-ийн сайд болтлоо дэвшсэн. Сонирхуулахад, Засагт сайд болсон хүмүүсийг жагсаалтад оруулахгүй болзолтойгоор сайд болгосон гэдэг яриа бий. Ямартай ч энэ болзлыг нь дэмжиж сайд болсон хүмүүсийн нэг.Тиймээс Дорнод аймагтаа нэр дэвших бодолтой яваа. Гэсэн ч түүнтэй холбоотой хамаарал бүхий хүмүүсийн баримт сэлт ил болж, түүнийг АТГ-аас шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл байгаа тул шууд нэр дэвших боломжтой гэж нэрлэхэд хэцүү болж байгаа юм.
17 Цэдэвийн СЭРГЭЛЭН МАН Түүнийг ирэх сонгууль ивээхгүй нь. Хэдийгээр нүүрсний гэх хэрэгт холбогдолгүй гэсэн бичгээ авсан ч аймгийнхаа намыг хуваасан, талцуулсан хэргийн эзэн хэнгэргийн дохиур гэгдэж байгаа. Х.Болорчулууныгаа АТГ-т шалгуулсан хүн нь Ц.Сэргэлэн гэдгийг өөрөө ч хэлсэн. Ер нь нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдэг зарчмыг Л.Оюун-Эрдэнэ барина.
18 8-р тойрог Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН МАН Дорноговьдаа асуудалгүй дэвших хүн. Хөгжлийн банк, ЖДҮ-д холбогдоогүй. Сүүлд төмөр зам барьсан том гавьяа түүнд хамаатай. Төрд томилуулсан хүн байхгүй гэгддэг. Дорноговийн ноход хүртэл нэрийг нь дуудаж хуцалдах нь холгүй байдаг талаар явган шог хүртэл гарсан байдаг.
19 Төмөртогоогийн ЭНХТҮВШИН МАН Б.Дэлгэрсайхан гишүүнтэй хамт хөтлөлцөөд нэр дэвших нь гарцаагүй хүн. Үйлдвэржилтийн байнгынх орооны даргаар ажилладаг.
20 9-р тойрог Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ МАН

Дэвшихгүй байх магадлал өндөр дараагийн эрхэм нь Ц.Цэрэнпунцаг. Төр иргэдээ аюулгүй амьдруулах үүрэгтэй. Тиймээс “Богд Зонхов” бурханы хөшөөгөө  32 тэрбумаар барих хэрэгтэй хэмээн мэдэгдсэн. Ядаж байхад Завханд биш Тасганы овоон дээр барина гэж байгаа. Үүнээс өөр нэр дэвшүүлэхгүй байх асуудлууд бий аж.

21 Балжиннямын БАЯРСАЙХАН МАН Төрийн мөнгөөр төрийн албан хаагчдыг тураах талаар байнгын хорооны хурал дээр сэтгэл зовохгүй ярьдаг түүний оронд өөр хүн дэвших юм байна.
22 10-р тойрог Содномын ЧИНЗОРИГ МАН Өвөрхангай аймагтаа нэр дэвшинэ. Саяхан Эрүүл мэндийн сайдаар томилогдсон түүнийг хэсэг хүлээсэн бол ХНХ-ын сайд болох байсан гэж ярьдаг. ХНХ-ын салбарт мэргэшсэн хүн гэдэг.
23 Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН МАН Бүдүүн бүлгийн дарга намын жагсаалтаар Их хурлын гишүүн болохын тулд сайдын саналаас хэд хэдэн удаа татгалзсан байдаг. Бүлгийн даргын эрэмбээрээ тэр жагсаалтад орох магадлал хамгийн өндөр. Сонгуулийн тогтолоог өөрчлөх эсэхээс эхлээд бүх зүйл түүний гараар орж, гарна.
24 Гочоогийн ГАНБОЛД МАН Өвөрхангайдаа нэр дэвшинэ. Янз бүрийн асуудалд нэр холбогдоогүй. Түүний гай, гавьяа хоёрыг дэнслэе гэсэн ч юу байхгүй.
25 11-р тойрог Нанзадын НАРАНБААТАР МАН Нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан тул нэр дэвшихгүй. “Ажнай” Д.Бат-Эрдэнийн МАН дахь төлөөлөл гэгддэг. МАН 2012 оны орон нутгийн сонгуульд Өмнөговьд ялахад ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийг томилуулахад Н.Наранбаатар томилуулах ажлыг гардан гүйцэтгэсэн талаар яригддаг. Орон нутгийн Тавантолгой ХК-ийн асуудалд холбогдсон.
26 Дашдэмбэрэлийн БАТ-ЭРДЭНЭ АН Нэр дэвших ямар ч боломжгүй хүн. Нүүрсний хамгийн том тоглогч гэгддэг түүнийг ЭЦА-гыаас яллагдагчаар татаад байгаа. Тус компанийн хүмүүс нь 470 мянган тонн нүүрс шатсан гэж худал мэдүүлсэн. Өмнөговийн МАНАН бүлэглэлийн толгойлогч гэгддэг.  
27 12-р тойрог Жамбын БАТСУУРЬ АН Сүхбаатар аймагт нэр дэвшинэ. Ямар нэгэн асуудалд нэр холбогдоогүй.
28 Наянтайн ГАНИБАЛ АН Сүхбаатар аймагт нэр дэвшинэ. Ямар нэгэн асуудалд нэр холбогдоогүй.
29 13-р тойрог Жаргалтулгын ЭРДЭНЭБАТ МАН Жагсаалтад орох магадлал өндөр. Жагсаалтад орохгүй гэвэл 4 дэх удаагаа Сэлэнгэд нэр дэвшинэ. 2020 оны сонгуульд түүнийг нэр дэвшиж байхад хорьж байсан. Хоригдсон байх хугацаанд нь сонгууль өндөрлөж Сэлэнгээс хамгийн олон сонгогчийн санал авч парламентад сонгогдсон.
30 Чинбатын УНДРАМ МАН Нэр дэвших боломжийг нь түүний нөхөр үгүй хийсэн. Гэр бүлийн асуудал бий. Хамт ажиллаж байсан хүнээ гэртээ дагуулж ирж эр эмийн ажил хийж байсан талаар түүний нөхөр цахим орчинд жиргэж, охиндоо хэрхэн хандаж байгаа бичлэгийг дэлгэсэн. Аавынх нь нөлөө байгаад түүнийг нэр дэвшүүллээ гэхэд МАН өөрөө муухай харагдах тул үүнийгээ бодоод хар жагсаалтад оруулсан гэх мэдээлэл байгаа юм.
31 Дамдинсүрэнгийн ӨНӨРБОЛОР МАН Түүнийг нэр дэвшихгүй байх дараагийн хүнээр нэрлээд эхэлсэн байна. Учир нь Мантуушийн мапаанаас эхлээд Богд уулын газрын асуудал нь одоо нь АТГ-т шалгагдаж байгаа. Түүний компанийн удирдлагуудыг АТГ-аасс 48 цаг саатуулсан байсан. Н.Багабандийн ар ажлыг амжуулдаг хүн гэдэг.
32 14-р тойрог Жигжидийн БАТЖАРГАЛ МАН Нэр дэвшинэ. Элдэв асуудалд холбогдоогүй. Парламентын Короля гэгддэг.
33 Цэвэгдоржийн ТУВААН АН Нэр дэвшинэ. С.Эрдэнийгээ мурьснаас өөр асуудалд холбогдоогүй. Парламентад байгаа уяачдын нэг.
34 Нямаагийн ЭНХБОЛД МАН Парламентад таван удаа сонгогдсон цөөн гишүүдийн нэг. Гэхдээ энэ удаа нэр дэвшихгүй. Харин ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр, Н.Чинбат нарын хугацаа дууссан тул тэрбээр цэцэд очих хамгийн магадлалтай байгаа. Гал барьдаггүй, тал алддаггүй, М.Энхболдыгоо жийснээс өөр гай, гавьяагүй тэрбээр ҮХЦ-ийн даргад яригдаж байна.
35 15-р тойрог Одонгийн ЦОГТГЭРЭЛ АН Ардчилсан намаас Увс аймагт нэр дэвшинэ. Парламент дахь бэлтэй гишүүдийн нэг. Саяхан Увс аймгийн сурагчдад таб бэлэглэж бэнчингээ гайхуулж явсан.
36 Чимэдийн ХҮРЭЛБААТАР МАН Нэр дэвших нь гарцаагүй. Увс аймагтаа 5 дахь удаагаа ялалт байгуулах боломж түүнд бий.
37 Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН МАН Увс аймагтаа нэр дэвшинэ. Баян хүний зангараг харуулж мөнгөөр бороо оруулах нь холгүй байдаг гэж яригддаг.  
38 16-р тойрог Ширнэнбаньдын АДЬШАА АН Ганцхан удаа гишүүн болоход болоо хэмээн ярьж явсан тэрбээр гишүүн болоод үзчихсэн. Гэхдээ ирэх сонгуульд нэр дэвшинэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг гацааж Засгийн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг муу нэр дагах болсон.
39 Бөхчулууны ПҮРЭВДОРЖ АН Гарцаагүй нэр дэвших хүний нэг. Ховдод түүнээс өөр дэвших хүн байхгүй. Парламент дахь сөрөг хүчний үүргийг хамгийн сайн гүйцэтгэж яваа.
40 Сандагийн БЯМБАЦОГТ МАН Ховд аймгаас тасралтгүй 4 дараалан сонгогдсон анхны гишүүн. 5 дахь удаагаа тойрогтоо нэр дэвшинэ. Ховд эко цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, баруун аймгуудыг хямд цементээр хангах боломжтой болгосон. Суусан газраасаа шороо атгаж Ховд руу зөөдөг хэмээн яригддаг.
41 17-р тойрог Цэрэнпилийн ДАВААСҮРЭН МАН Түүнийг элдэв янзаар хэлдэг Хөвсгөлд нэр дэвшинэ. Ёстой гандан буурахгүй нэр дэвшигч. Бие даагаад ч хамаагүй дэвшээд гарчихдаг. Жагсаалтыг эсэргүүцдэг түүний хувьд нэр дэвших визээ авсан гэгдэж буй.  
42 Лхагвын МӨНХБААТАР МАН Нэр дэвших нь тодорхой. Учир нь УИХ-ын дэд дарга болгож түүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаас дээш нь шидсэн байдаг. Илүү дутуу зүйлгүй ийм нэг гишүүн байдгийг Хөвсгөлийнхөн л мэднэ.
43 Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН МАН Хөвсгөл аймагт 4 дэх удаагаа нэр дэвшинэ. Байнгын хорооны дарга, сайдаар ажиллаж байгаа. Хамгийн хэл амтай БШУ-ны яамыг хамгийн хэл ам багатай авч яваа сайдаар нэрлэж байгаа.
44 18-р тойрог Цагаанхүүгийн ИДЭРБАТ МАН Нэр дэвшинэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оронд нэр дэвшин УИХ-ын гишүүн болж байсан.
45 Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ МАН Жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдэн асуудалгүй УИХ-ын гишүүн болно. Өмнөх сонгуульд У.Хүрэлсүх бусдынхаа тойргоор яваад өөрийн тойрогтоо үзэгдээд өнгөрсөн гэдэг. Энэ удаа жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдээд ахынхаа замаар явах болов уу.
46 Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ МАН Ах нь сүүлчийн удаа гэж хэдэн ч удаа сүүлчийн үгээ хэлж яваа тэрбээр жагсаалтаар орж ирнэ. Нутгийн дүү нь намын дарга, олон жил хамт явсан дүү нь Төрийн тэргүүн гээд түүнд давуу тал олон. Цагийг эзэлсэн их аварга, цагийг эзэлсэн их улс төрч. Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Одоо Спортын сайдаар ажиллаж байна.
47 19-р тойрог Болдын ЖАВХЛАН МАН Дархан-Уул аймгаас нэр дэвших нь эргэлзээтэй. УБТЗ-ын С.Батдөлийн гэрээс 7.2 тэрбум төгрөг олдсон. Гэвч энэ нь ганц түүний мөнгө биш гэдэг. Цахим сүлжээ болон зарим хэвлэлээр Б.Жавхланг түүнтэй холбоотой, УБТЗ-д ажилд оруулсан талаар бичдэг. С.Батдөлтэй холбоотой асуудал, Чингис хаан банкны асуудлыг нэг талд нь гаргаж шийдэхгүй бол маш том бөмбөг дэлбэрэх бололтой. Чингис хаан банктай холбоотой, бүх мөнгөнд хуруугаа дүрдэг гэдгийг БХБ-ын сайд Ц.Даваасүрэн хэлж байсан. ЭТТ-ын Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг сайд Б.Жавхланг мэдүүлэгтээ дурдсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа. Нүүрсний хэрэгт ч халтирч мэдэх эрсдэл түүнд бий.
48 Гонгорын ДАМДИННЯМ МАН Хөгжлийн банкнаас нэрээ сугалсан. Шүүх дээр түүний хамтрагч гэгдэх Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын асуудал явж байгаа. Яалт ч үгүй нэг компанийн хувьцаа эзэмшигч байсан. Юм хаашаа ч эргэж мэднэ. Тиймээс нэр дэвших боломжгүй гэгдэж байна.
49 Баагаагийн БАТТӨМӨР МАН Нэр дэвшихгүй. АТГ-аас түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан “асуудалгүй” гэдэг бичиг илгээсэн ч түүнд нэр дэвших квот олдохгүй.  
50 20-р тойрог Дамбын БАТЛУТ МАН Нэр дэвшинэ. Нэр холбогдсон хэрэг байхгүй.
51 Норовын АЛТАНХУЯГ Бие даагч Нэр дэвших боломжгүй. Хөгжлийн банктай холбоотой шүүх хурал үргэлжилж байгаа. Гурван шатны шүүхийн шийдвэр гартал сонгууль болоод өнгөрчихнө.
52 Сайнхүүгийн ГАНБААТАР МАХН Ардчилсан намаас Орхон аймагт нэр дэвшинэ. Гэхдээ Хөгжлийн банкнаас зээл авсан МонЛаа-гийн Энхсайхантай эхнэр нь хамт ажилладаг талаар мэдэгдсэн байдаг.  
53 21-р тойрог Сайнбуянгийн АМАРСАЙХАН МАН Шадар сайд асуудалгүй нэр дэвшинэ. Ковидын үеэр хэл аманд их орсон ч одоо тэр бүгд намжаад байгаа. МАН-ын генсекийн хүн гэгддэг.
54 Цэндийн САНДАГ-ОЧИР МАН С.Амарсайханы хамт нэр дэвшинэ.
55 22-р тойрог Баттөмөрийн ЭНХБАЯР МАН Нэр дэвших нь гарцаагүй. Улстөрчид дундаа хамгийн өндөр рейтингтэй улстөрчөөр нэрлэгдээд буй. Иргэд түүнийг шударга гишүүн өргөмжилж байна.
56 Батсүхийн САРАНЧИМЭГ МАН Дундговь аймагт Сү.Батболдын хамт нэр дэвшинэ. Дундговь аймагт мод тарьж, тойргоо услаад эхэлсэн. Мон Ураны Б.Наранхүү бүх бооцоогоо эгчдээ тавьж байгаа.
57 23-р тойрог Жигжидсүрэнгийн ЧИНБҮРЭН МАН Нэр дэвшинэ. Хавдрын эмнэлэгтэй холбоотой асуудал нь түүнийг хойш татдаг ч сонгуулийн үр дүнд төдийлөн нөлөөлөхгүй. Эрүүл мэндийн салбарын төлөөлөл гэж үнэлэгддэг ч хавдраас өөр зүйлийн талаар дуугардаггүй.
58 Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА МАН Нэр дэвшинэ. Боомтын сайдаар томилогдсон. НАМЭХ-ны тэргүүн болсон.
59 Энхтайваны БАТ-АМГАЛАН МАН Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшинэ. Архи уудаггүй гэж хэлээд ууж байгаа зураг нь гарч ирж шуугиан тарьсан удаатай. Улаанбаатар хотын анхны бааруудыг эзэмшиж байсан гэгддэг.
60 24-р тойрог Дамдины ЦОГТБААТАР МАН Өөрөө хүсвэл нэр дэвшинэ. Гай ч байхгүй, гавьяа ч байхгүй хүний нэгээр нэрлэгдэнэ. Парламентын хамгийн уйтгартай гишүүдийн нэгээр нэрлэгддэг. Намын жагсаалтаар орж ирэх магадлалтай.
61 Цэндийн МӨНХ-ОРГИЛ МАН Гадаад харилцааны сайд, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан. Намын жагсаалт руу орох магадлалтай.
62 Цэрэнжамцын МӨНХЦЭЦЭГ МАН Нэр дэвшинэ.
63 25-р тойрог Төмөрбаатарын АЮУРСАЙХАН МАН Нэр дэвшихгүй. Нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зүйл заалтаар түүнд яллах дүгнэлт үйлдсэн. Бусад гишүүдээсээ хамгийн ноцтой хэрэгт холбогдсон. Өөрөө УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа. Мөн ХНХ-ын сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө мөн өгсөн. Энэ байдлаараа цааш явах магадлалтай гэгдэж буй.
64 Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ МАН Нэр дэвшинэ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болох гэж яриа хөөрөө хийж яваа. Сү.Батболдын фракцийн ганц эмэгтэй гишүүн.
65 Жамъянхорлоогийн СҮХБААТАР МАН Нэр дэвших болзлоо хангасан цөөн гишүүдийн нэг.  Холбогдсон хэрэг байхгүй. УИХ-ын дарга Г.Занданшатар дэвшүүлэх боломжийг нээж өгнө. Хотын түгжрэлийн талаар ам нээвэл “алуулна” гэдгээ мэдсэн цагаас хойш дуугарахаа больсон.
66 26-р тойрог Хассуурийн ГАНХУЯГ МАН Нэр дэвшихгүй. Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор яллагдагчаар татагдан, шүүх хурал нь үргэлжилж байгаа.
67 Жамбалын ГАНБААТАР МАН Нэр дэвшинэ. Баянгол дүүргийн намын хороотойгоо ойлголцох маш том проблем түүнийг хүлээж байгаа.
68 Салдангийн ОДОНТУЯА АН Нэр дэвших нь эргэлзээтэй. Хүүхэд нь MNFT койны эзэн Ө.Үнэнбүрэнгийн асуудал хуулийн байгууллагын хяналтад шалгагдаж байгаа. Үүнтэй холбоотой маш олон сөрөг зүйлс гарч ирж мэдэх юм.
69 27-р тойрог Хишгээгийн НЯМБААТАР МАН Нэр дэвшинэ. Засгийн газрын галтай асуудлыг ганцаараа барьж орж ирдэг хэмээн иргэд ам сайтай байгаа.
70 Бадарчийн ЖАРГАЛМАА МАН Нэр дэвшинэ. У.Хүрэлсүхийн найз гэгддэг энэ хүн УИХ-д гавьяа байгуулж амжаагүй яваа.
71 28-р тойрог Ням-Осорын УЧРАЛ МАН Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга болсон тул тус дүүрэгт нэр дэвшинэ. 2020 оны сонгуулиар хамгийн олон хүний санал авч сонгогдож байсан удаатай.
72 Энхбаярын Батшугар МАН Нэр дэвшинэ. Аавын хүчээр Их хурлын гишүүн болсон бол энэ удаа өөрийн хүчээ шалгах хэрэгтэй.
73 Пүрэв-Очирын АНУЖИН МАН Нэр дэвшинэ.
74 29-р тойрог Ганибалын АМАРТҮВШИН МАН Нэр дэвшүүлэхгүй. Хөгжлийн банкны асуудлаар шалгагдаж байгаа. Хуулийн байгууллага гэм буруугүй гэж үзсэн ч түүнийг дэвшүүлэхгүй байх магадлал хамгийн өндөр байна.
75 Даваажанцангийн САРАНГЭРЭЛ МАН Нэр дэвшихгүй. Улны гэж хэлсэн үгнээсээ болж ХНХ-ын сайдаар 1 сар ажиллаад чөлөөлөгдсөн. Дэвшүүлэх юм бол “Улны” иргэд түүнийг сонгохгүй. Тэр бичлэг нь эргэж сэргэн сошиалд хүчтэй эсэргүүцэлтэй тулгарахыг МАН тооцож, амиа хорлох алхам хийхгүй.
76 Тогмидын ДОРЖХАНД ЗХЭЭ

Энэ хүн жагсаалт мөрөөдөж яваа. Тойрогтоо очдоггүй хэмээн сонгогчид нь ам муутай байдаг. ХҮН нам гээд яриад байдаг ганц үгтэй. ЗХЭЭ-ээс сонгогдсон. МАН-ын охин намын дарга гэгддэг.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу