“Монголын Уул уурхайн 7 хоног” 2023 чуулганд зочин илтгэгчээ оролцсон, “Айвэнхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Роберт Мартин Фрийдландын тавьсан илтгэлийг хүргэж байна.

Сайн байна уу. Та бүхэнд баярлалаа.

Монгол орны Говь цөл нутагт цаашид олон олон Оюу толгой нээгдэх нь тодорхой юм. Тиймээс бид өнөөдөр Монгол орны эрдэс баялгийн үлэмж арвин өв хийгээд Оюу толгойг нээн илрүүлснээс хойш техник, технологи хэрхэн хөгжин дэвшсэн тухай ярина. Уул уурхайн тухай илүү өргөн цар хүрээтэй ярилцаж, хүн төрөлхтний хувьд хаана яваагаа авч үзэх болно.

Эх дэлхий дээр бүгдээрээ хэрхэн оршин буйгаас яриагаа эхэлье. Бид цагт 1000 бээрээс илүү хурдтайгаар тэнхлэгээ тойрон эргэж байна. Нарыг тойрохдоо цагт 66,627 бээртэй хурдалдаг. Харин бүхий л гараг эрхэс хамтдаа буюу манай нарны аймаг Сүүн зам галактикийг цагт 514 мянган бээрийн хурдтай тойрон эргэдэг тухай маш цөөхөн хүн л мэднэ. Сүүн замыг нэг удаа тойроход 230 сая жил шаардагдах бөгөөд энэ нь галактикийн ердөө нэг жилтэй тэнцүү юм.

Хүн төрөлхтөн огторгуйн орчил хөдөлгөөний хаана нь байна вэ? Хэрвээ та сансрын зургийг үзвэл хязгааргүй уудам орон зайн дундах өчүүхэн жижиг цэгийг олж харна. Таны хайртай хүн бүхэн, таны таньдаг хүн бүхэн, таны үл таних хүмүүс ч энэхүү нандин цэнхэр цэг дээр амьдралыг туулж буй билээ.

Би энд одон орон судлаач, шинжлэх ухааны суут эрдэмтэн Карл Саганы 1994 онд бичсэн “Бүдэг цэнхэр цэг” хэмээх гайхамшигтай номоос эшилж буй юм. Ямартай ч манай нарны аймгийн нар төвтэй загвар буруу аж. Биднийг сургуульд байхад хүн бүрийн сайн мэдэх, нар төвтэй нарны аймгийн зургийг үзүүлдэг байв. Намайг хүүхэд байх үед ч бас тэгж заасан. Гэвч тэр зураг ердөө ч зөв биш төдийгүй, бодит байдлаас хол зөрүүтэй, бас их уйтгартай. Манай нарны аймаг цагт 514 мянган бээрийн хурдтай Сүүн замыг тойрдог. Тиймээс бидний сансрын аялал бидэнд зааснаас тэс өөр харагддаг гэж хэлж болно.

Сүүн замыг тойрон эргэж буй нар маань сүүлт од шиг харагддаг бөгөөд цагт 514 мянган бээр хурдалж буй тул татах хүч нь гарагуудыг өөр лүүгээ татсанаар ДНХ шиг эрчлээст ороомог маягийн хэлбэр үүсгэдэг байна. Гарагууд нарыг тойрон эргэлдэх бидний мэдэх зургаас өөр байгаа биз? Үнэн хэрэгтээ бид бол гарагуудыг ардаа чирж яваа сүүлт од юм. Бид ийм аюултай бас хэврэг ертөнцөд амьдарч буй учраас энэхүү сансрын аялалд бүгдээрээ хамт яваа гэдгээ ойлгох нь хамгаас чухал билээ.

Үлэг гүрвэлүүд 68 сая жилийн өмнө арчигдан үгүй болсон. Тэдний хувьд үнэхээр час өдөр байсан нь мэдээж. Галактикийн жилийн гуравны нэг буюу ойролцоогоор 68 сая жилийн өмнө манай гараг дээр галав юүлсэн.

Харин Оюу толгойн Үйлдвэрлэлийн амыг барьж байгуулах явцдаа бид 68 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн хэсэг өндөг олсон удаатай.

Одоо Жон Ф.Кеннедигээс эшилье. Хүн анх саран дээр хөл тавих тухай 1962 онд тэрээр юу хэлснийг та бүхэнтэй хуваалцмаар байна.

Жон Ф.Кэннэдигийн бичлэгээс:

“Бид сар руу явахаар шийдсэн. Бид сар руу явахаар шийдэж байна. Бид энэ арванд сар руу явахаар шийдэхдээ мөн аливаа зүйлийг хийхдээ амархан учраас биш, харин хэцүү учраас хийхээр шийддэг. Бидний эрч хүч, ур чадварын дээдийг хэмжиж бас цэгцлэх учраас бид энэ зорилгыг сонгосон. Бид бүгдээрээ энэ сорилтод бэлэн байсан учраас, бид урагшлахад бэлэн байсан учраас, бид чадах учраас энэ сорилтыг сонгосон.

Бид хөлбөмбөгийн талбайн урттай дүйцэх, 91.4 метр өндөртэй, урьд хожид үзэгдээгүй асар халууныг, асар их даралтыг тэсвэрлэх чадалтай, зарим нь хараахан зохион бүтээгдээгүй байгаа цоо шинэ төмөрлөгийн хайлшаар цутгасан, хамгийн сайн чанарын цагнаас ч илүү нарийвчлалтай, хөдөлгүүр, жолоодлого, удирдлага, харилцаа холбоо, хоол хүнс болон амьд үлдэхэд шаардлагатай бүхнийг тээсэн аварга том пуужинг Хьюстон дахь удирдлагын станцаас 240 мянган бээрийн зай дахь үл мэдэгдэх тэнгэрийн эрхэс рүү илгээж, нарны гадаргуу дахь дулааны талтай тэнцэх их халууныг үүсгэх цагт 25 мянган бээрийн хурдаар эргээд агаар мандал руу эргэн оруулах гэж байна. Энэ арван дуусахаас өмнө бид энэ бүхнийг хийх учиртай. Анх удаа хийх учиртай. Зөв хийх учиртай. Тиймээс бид бат зоримог байх ёстой.”

Америк ид мандаж явах ахуйд энэ од тэнгэрт хальж одсон билээ. Амархан учраас биш, харин хэцүү учраас бид сар руу явах шийдвэрийг гаргасан тухай тэр ярьж байна. Энэ бол АНУ-ын оргил байсан үе юм. Америк саран дээр буух уралдаанд Оросыг ялсан. Санаж байгаа биз дээ?

Одоо нэгэн гэрэл зургийг харцгаая. Энэ бол хүн төрөлхтөн бүгдээрээ бүдэг цэнхэр цэг дээр хамтдаа байгаа манай сансрын хөлгийг харуулсан, Америкийн сансрын нисгэгчдийн 1968 онд буулгасан гэрэл зураг юм. Монголчууд, хятадууд, оросууд, арабууд гээд бид бүгдээрээ энэ бүдэг цэнхэр, бяцхан цэг дээр хамтдаа байна.

Уг зургийг Майкл Коллинз авсан юм. Тухайн үед түүний нөхөд болох Базз Олдрин, Нил Армстронг нар тойрог замын нислэгийн аппаратаасаа сар луу буусан байлаа. Харин тэр гав ганцаараа үлдсэн байв. Энэ бол цорын ганц хүмүүн зургийн гадна цор ганцаараа үлдсэн анхны тохиолдол юм. Харин дэлхийн бусад бүх хүн бүдэг цэнхэр цэг дээрээ үлджээ. Яг ийм гэрэл зураг ч дахиж хэзээ ч дарагдаагүй билээ.

Бүгдээрээ одоо Үндэсний Агаар, Сансар Судлалын Захиргаанаас /НАСА/ гаргасан манай дэлхийн дулааны мэдээлэлтэй танилцъя.

100 жилийн өмнө манай дэлхийн дулаан тэг хэмийн дотор нэлээд тогтвортой байсныг та харж байна. Бүх зүйл дажгүй байлаа. 1920-иод онд Америк орон цэцэглэн дэвшиж, эдийн засаг эрчимжлээ. Дараа нь дайн эхэллээ. Агуу их эх орны дайнд Монгол Улс Германы эсрэг нэгдсэн. Дэлхийн II дайны дараа АНУ-ын эдийн засгийн хөгжил улам идэвхжлээ.

Энэ үед Хятад улс унтаж байв. Харин 1980-аад он гэхэд Хятад гүн нойрноос сэрж, эдийн засгийн үлэмж өсөлтөө эхлүүлсэн билээ. Үүнтэй зэрэгцэн дэлхий илүү дулаарч эхэлснийг та харж болно. Хятадуудын шатааж буй тэр бүх нүүрс дэлхийг аажим аажмаар халуун болгосон нь өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Дэлхийн дулаарлын өнөөгийн нөхцөл байдал энэ юм. Дэлхий улам бүр дулаарсаар байгаа нь эргэлзээгүй. Бас дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах нь бараг л тэг хувийн магадлалтай боломжгүй зүйл болжээ.

Бид яаж ч хичээж, юу хийхээс үл хамааран дэлхийн дулаарал 1.5 хэмээс давах төлөвтэй аж. Өдгөө Европ тивийн хүн бүр шахам хортой агаар залгилж буйг бид харж байна. Европ нь олон нийтийн эрүүл мэндийн ноцтой хямралтай учирсан бөгөөд тус тивийн бараг бүх хүн агаарын бохирдлын аюултай түвшинд хүрсэн нутгуудад амьдарч байна. Тиймээс бид Улаанбаатарыг энэ аюулаас сэрэмжлэхийн тулд асар их бохирдол үүсгэж буй цахилгаан станцуудыг хааж, агуу үндэстний нийслэл хотын агаарыг цэвэршүүлэх ёстой юм.

Монгол шиг агуу улс шийдвэрлэх боломжтой агаарын бохирдол дунд байгаа нь хүлээн зөвшөөрч боломгүй явдал. Өвлийн цагт агаарын бохирдолтой тулгарч буйн хувьд Монгол Улс ганцаараа биш. Европ даяар яг ийм асуудалтай нүүр тулж байна. Яагаад ийм зүйлс тохиолдож байгаа юм бэ? Дэлхий дээр чухам юу болоод байна вэ?

Сүүлийн 35 жилийн дотор дэлхий даяар 2.3 тэрбум хүн хот суурин руу нүүжээ. Яг л хүмүүс хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин суурьшдагтай адилхан. Үр дүнд нь Улаанбаатар улам бүр өргөжин тэлсээр буй. Энэ үйл явц дэлхий даяар өрнөж байна.

Дубай хот гэхэд л анх ердөө 325 мянган хүнтэй үүсэн байгуулагдсан бол ахархан богино хугацаанд 3.3 сая хүнтэй болсон. Эсвэл дэлхийн өөр нэг талд очсон ч мөн ижил үзэгдэл давтагдана. Хятадын Сувдан мөрний бүсийг авч үзье. 1984 онд 9.5 сая хүнтэй байсан байна. Харин өнөөдөр 81 сая хүнтэй болжээ. Юу болох нь энэ вэ?

Долоо хоног бүр дэлхий даяар гурван сая хүн хот руу нүүж байна. Невада мужийн Лас Вегасыг харцгаая л даа. Америкт маш олон хүн Лас Вегас руу явах дуртай байдаг. Энэ хотын цомхон хэмжээний хүн ам богино хугацаанд 10 дахин өсөж, 2.7 сая болжээ. Цэвэр усны нөөцийн асар том дарамт, агаарын асар их бохирдолтой байгаа гэдэг нь тодорхой.

Монголд хүмүүс Улаанбаатар руу нүүсээр, эсвэл Хятадад аль хэзээний 10 сая хүнтэй болсон Шанхай руу хүмүүс шилжин очсоор байгаа нь давтагдсаар 2050 он буюу бараг л маргааш өглөө гэхэд дэлхийн нийт хүн амын 68 хувь нь хотод амьдардаг болно гэх тооцоолол бий. Ингэхэд Шанхайд юу болчихов? Зүгээр л толгой эргэмээр. Шанхай хотын хүн амын тоо дэндүү гэмээр огцом өсөж байна. Энэ бүхэн зогсох болов уу? Энэ бүх өөрчлөлт хүн төрөлхтөнд ямар нөлөө үзүүлж байгаа бол? Ямар боловч өдгөө бид дэлхийн эрчим хүчний хямралтай тулгарчихаад байна.

Дэлхийн өнцөг булан бүрийн улс орнуудад эрчим хүчний хямрал гүнзгийрч, үнэ нь өндөр болов. Үүн дээр геополитикийн хямрал нэмэгдэнэ. Гэтэл Дөрөвдүгээр цахилгаан станцаас ангижрах нүүрстөрөгчийн ялгарал өндөртэй эх үүсвэрээс холдох эрчим хүчний шилжилт хараахан биеллээ олоогүй л байна. Улаанбаатарын агаарыг цэвэршүүлэхийн тулд бидэнд өөр зүйл хэрэгтэй. Энэ бол зөвхөн Монголын асуудал биш. Энэ бол дэлхийн хэмжээний асуудал юм. Яг энэ асуудал хаа сайгүй нүүрлээд байгаа.

Дэлхий дахинд эрчим хүчний сүлжээ өдөр ирэх тусам найдваргүй болж эхэлж байна. АНУ-ын ихэнх хэсэгт цаг агаарын эрс тэс үзэгдлээс үүдэн цахилгаан тасрах эрсдэл нэмэгджээ. 400 сая хүнийг цахилгаанаар хангаж буй эрчим хүчний сүлжээ улам бүр эмзэг болж байна. Техасын эрчим хүчний сүлжээ гэхэд л цаг агаар багахан хүйтэрсний улмаас доголдсон удаатай. Америкийн эрчим хүчний сүлжээг хоног тоолон хэвтэж буй өтөл бууралтай адилтгасан ч болох юм. Тус улс бүхэлдээ цахилгаан машины хэрэглээнд шилжихэд манай гараг үл даах их зэс шаардагдах нь лавтай.

Техаст хэд хэдэн удаа хэт халж, хүмүүс агааржуулагчаа өдөр шөнөгүй ажиллуулсан нь рекорд эвдсэн цахилгааны эрэлтийг бий болгожээ. Түүнчлэн энэ зун Техас болон Америкийн бусад хэсгүүдэд Цельсийн 43 хэм давсан хэт халалт үүссэнээр эрдэнэт хүний амь эрсэдсэн харамсалтай тохиолдлууд ч гарсан. Техас мужийн иргэд урьд өмнө нь ингэж халахыг хараагүй аж. Аризона мужийн Феникст гэхэд л 37 өдрийн турш агаарын хэм өдөр ирэх бүр нэмэгдэн нэмэгдсээр Цельсийн 40-45 хүрснийг мөн л өмнө нь хэн ч үзээгүй юм. Энэ бол үлгэр домог, эсвэл хийсвэрлэл биш. Харин бодит үнэн болчихоод байна. Энэ бүхэн жинхнээсээ тохиож байна.

Эргээд Европыг авч үзье. Тэнд өнгөрсөн жил Грекийн Родос арал дээр маш том хэмжээний гал гарч, Алжир, Хорват, Грек, Итали, Португал, Испани, АНУ-ын хэдэн арван километр газарт түймэр дэгдсэн юм. Ерөнхийлөгч Байден үндэсний хэмжээнд цаг уурын онц байдал зарласан. Хавайн Мауи арал дээр асар хүчтэй түймэр дэгдсэн. Мауид ч, Хавайд ч ийм хэмжээний түймэр өмнө нь харсан хүн үгүй. Төсөөлөх ч аргагүй юм. Энэ бүхнээс үзэхэд, бид бүгдээрээ шонгийн модон дээрх яст мэлхийтэй адилхан болчихсон мэт санагдана.

Хэрвээ танай хашаа шонтой байгаад та дээр нь яст мэлхий аваачиж тавибал сайхь мэлхий тэнд яаж хүрснээ ойлгохгүй төдийгүй юу хийж суугаагаа ч мэдэхгүй нь лавтай. Яст мэлхий уг шон дээр байгаа учир байгалийн зөн совин, төрөлх чадвараа ашиглах боломжгүй болно. Ямар гээчийн тэнэг нь хөөрхий яст мэлхийг шон дээр аваачиж тавьсан юм бол гэж та гайхах биз. Яст мэлхий шонгийн орой дээрээс унаад яаж гэмтэж бэртэхийг бодохоос ч өрөвдөлтэй юм. Хүн төрөлхтөн ийм л нөхцөл байдалд орчихоод байна.

Бид шонгийн модон дээрх яст мэлхий болчихжээ. Бид энд яаж гарч ирснээ мэдэхгүйгээс гадна нүсэр их ажил нугалж баймааж, хамтдаа нааштай өөрчлөлт хийх учиртай болоод байна. Тэгвэл энэ үйл явцад Монгол Улс яагаад дэлхий дахины хэмжээний чухал ач холбогдолтой, үүрэг оролцоотой вэ гэдгийг би өгүүлэх гэж байна.

АНУ-ын Засгийн газар Инфляци бууруулах хууль буюу минийхээр бол, “Инфляци бий болгох хууль” баталж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, бохирдлыг бууруулах, хүрээлэн буй орчны шударга ёсыг тогтоох зорилгоор 1:4 хөшүүрэгтэй 400 тэрбум ам.доллар төсөвлөсөн юм. Тэгэхээр нийгэм журмыг эмхлэн зохион байгуулах 1.6 их наяд ам.доллар одоо бэлэн байгаа гэсэн үг.

АНУ үйлдвэрлэлийн өргөн цар хүрээтэй бодлого явуулж буй анхны тохиолдол энэ бөгөөд хуучин ЗХУ шиг, Европ шиг, түгшиж зовнисон Хятад шиг төвлөрсөн төлөвлөгөө гаргаж байна гэж би хардаг. Ямартай ч Байдены цахилгаан машин борлуулах төлөвлөгөө эрдэс баялгийн нэн чухал хангамжид дарамт учруулж буй юм.

“Стеллантис”, “Тоёота” зэрэг тоомохон үйлдвэрлэгчид Байдены засаг захиргааг шүүмжилж, түүхий эдийн хангалттай нөөцгүй үед хэтэрхий олон цахилгаан тээврийн хэрэгсэл худалдах нь металлын нэн чухал хангамжийг сааруулж байгаа тухай тодотгодог. Бид яаж хэдэн зуун сая цахилгаан машин үйлдвэрлэнгээ нүүрсустөрөгчийг шатаахаа зогсоох юм бэ? Энэ бүхэн ямар ноцтой асуудал үүсгэх тухай 80 настай тэр хөгшин ямар ч ойлголтгүй байгаа нь тодорхой. Гэтэл үүн дээр нэрмээс болж, Украинд үнэхээр харамсалтай үзэгдэл өрнөж байна. Үгүй гэж үү?

Дэлхийн II дайны эхэн үеэс хойш энгийн иргэдийг бөмбөгдөж байхыг бид хараагүй. Би л хувьдаа Украин, Оросын ард түмнийг угсаа гарал нэг, адилхан хүмүүс гэж бодсон. Гэтэл яагаад ийм зүйл тохиож байна вэ? Цэрэг армийн үйл ажиллагаа их хэмжээний зэс шаарддаг. Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа эхлээд өнөөг хүртэл 700 сая тонн зэс олборложээ. Америкийн цахилгаан эрчим хүчний сүлжээнд 150 сая тонн зэс хэрэглэгдэж байна. Хүн төрөлхтний олборлосон нийт зэсийн 80 хувь нь хүний гарт байгаа буюу бид өнөөг хүртэл дахин боловсруулан ашигласаар байгаа.

Энэ бүхнээс тооцоолоход, дэлхий нийтийн эдийн засгийн өсөлтийг ердөө 3 хувьд хангахын тулд МЭӨ 4000 оноос хойш сүүлийн 10 мянган жилд олборлосонтой тэнцэхүйц зэс буюу 700 сая тонн зэс дараагийн 22 жилд шаардлагатай болж байна. Энэ нь дэлхийн эдийн засгийг цахилгаанжуулахгүйгээр, хуучны явж ирсэн аргаар нь тооцож гаргасан тоо юм. Цахилгаан эрчим хүч гаргаж авахын тулд нүүрс түлдэг, нүүрсустөрөгч шатаадаг үед шаардагдах дүн гэж ойлгож болно.

Энэ бол уурхайчдын нуруун дээр ирж буй асар хүнд ачаа бөгөөд гагцхүү тэд л зэс олборлох цэвэрхэн, шинэ, тогтвортой арга хайж олж чадна хэмээн ертөнц даяараа найдлага тавин хүлээж байна.

Монгол бол дэлхийн хамгийн том зэсийн нөөцийг агуулсан орнуудын нэг. Түүгээр зогсохгүй Говь цөлийн дор зэсийн агуу том ордууд нойрсож буй.

Уудам дэлгэр газар нутагтайгаа харьцуулахад хүн ам нь дэндүү сийрэг суурьшсан Монгол шиг ганц улсад л асар их баялгийн өв ийнхүү хадгалагдаж байгаа нь  магад Чингис хааны агуу их сүр хүчтэй холбоотой биз. Ямартай ч зэсийн хомсдол нь эрчим хүчний шилжилтийг сааруулж болзошгүй тухай “S&P 500”-аас анхааруулж байна. 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэглэхийн тулд бидэнд асар их зэс хэрэгтэй болно. 2035 он буюу бараг л маргааш өглөө гэхэд зэсийн эрэлт одоогийнхоос хамгийн багадаа 82 хувиар нэмэгдэх төлөвтэйг энэ ташрамд дурдъя.

Би анх танай оронд 1994 онд хөл тавьсан. Энэ бол даруй 29 жилийн өмнөх явдал хэдий ч дөнгөж өчигдөр юм шиг санагдаж байна. Цаг хугацаа ямар хурдан гээч! Магадгүй та миний адил 73 нас хүрэхээрээ “Юу болоод өнгөрөв?” гэхээс өөрийг хэлж чадахгүй биз. Би яг одоо тийм л байдалтай байна. 73 настай хүний биед царцсан 18 настан шиг санагдах үе ч бий.

Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрөх юм. Өнөөдөр намайг сонсон суугаа хэн бүхэнд цаг хэрхэн хурдалдгийг хэлж өгье. Боинг 747 загварын онгоц өдгөө 58 жилийг ардаа үджээ. Хорвоогийн хамгийн орчин үеийн галт тэрэг болох Японы суман галт тэрэг зохион бүтээгдсэнээсээ хойш мөн л 58 жилийг элээсэн байна. Цаг хугацаа харвасан сум шиг ийн өнгөрчээ. Хэрвээ үр хүүхэд, ач гучдаа илүү сайхан дэлхийг үлдээхийг хүсэж байгаа бол хийх ажил дэндүү их байна.

Оюу толгойг анх нээсэн тухай нэгэн түүхийг өгүүлье. Баруун өмнөд Оюуг нээхээс өмнө бидний халаас бараг л хоосорсон байв. Энэ зургийг 2001 онд авах үед Дуг Кервин дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа. Бид Оюу толгойг нээн илрүүлснээ 2001 оны есдүгээр сарын 11-нд анх зарласан юм.

Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийг террористуудын гурван онгоц мөргөсөн өдөртэй давхцаж таарсан хэрэг. Тиймээс манай нээлт энэхүү эмгэнэлт явдалд дарагдаж, Оюу толгойн нээлтийг хэн ч анзааралгүй өнгөрсөн түүхтэй. 2001 оны есдүгээр сарын 11-нд Оюу толгойд анхаарал хандуулах нэг ч хүн байгаагүй юм шүү.

Дараа нь бид энэ ордыг өрөмдөхийн тулд асар их хүчин чармайлт гаргасан. Тэгэхэд манайх 32 өрмийн машинтай байлаа. Бид тэдгээрийг Антонов тээврийн онгоцоор оруулж ирж байсан бөгөөд 2004 онд л Хюго Даммет ордыг илрүүлсэн. Энэ нь бидний өрөмдсөн 231 дэх цооног байсан юм. Энэ бол нэлээд тооны хүдэргүй цооног байсныг илтгэх бөгөөд цэргийн ажиллагаа явуулж буй аятай л цооногуудыг ахин дахин өрөмдөх эрэмгий зориг шаардагдаж байлаа. Өчигдөр би тэнд дахин очлоо.

Оюу толгойд шингээсэн асар их хичээл зүтгэл, шинжлэх ухааны ололт амжилт, техник технологи, автоматжуулсан системүүд, компьютерын загварчлал, хүмүүсийн нөр их хөдөлмөрийг харахад итгэмээргүй санагдаж байв. Энэ бол Монголын ард түмний асар том баялаг. Үр хүүхдэд тань, ач зээд тань үнэт өв болж үлдэх зүйл.

Энэ бол дэлхийн гурав, эсвэл дөрөв дэх том зэсийн уурхай. Зөвхөн зэсийн хэрэгцээг хангахын тулд энэ дэлхийд дахиад ийм 20 уурхай шаардагдана. Гэтэл тийм олон уурхай алга байна. Тиймээс энэ уурхай бол Монголын ард түмэнд үе дамжин өвлөгдөх агуу том өмч хөрөнгө юм. Надад падгүй шүү дээ. Би одоо 73 настай. Миний насан дээр хүн ирээдүй хойчдоо их үйлс бүтээж үлдээх тухай л боддог юм байна. Харин Монголын хувьд, Чингис хаан үр хойчдоо төсөөлшгүй агуу, үлэмж их баялгийн өв үлдээснийг ойлгох ёстой юм.

Тэр их баялгийн 1%-ийн мянганы нэгтэй тэнцэх хэсэг нь л нээгдсэн байж магадгүй.

Эдүгээ говийн хөрсөн доор чухам  юу нуугдаж байгааг олж илрүүлэх шинэ технологиуд аль хэдийн бий болжээ. Их Хюгогийн хойд хүдрийн биет гэхэд л 1200 метрийн гүнд оршдог. Францын нийслэл Парис дахь Эйфелийн цамхаг 323 метр өндөр. Уг цамхгаас дөрөв, тавыг залгаж угсарвал энэ ордын орой хүртэлх газрын гүнд очно гэсэн үг. Тэгэхээр үүн дээр ажилласан хүмүүсийн эрэмгий зориг, хичээл зүтгэлийг зөв үнэлэхээс өөр аргагүй. Энэ бүхэн миний тухай биш гэдгийг давтан хэлэх нь зүйтэй биз. Энэ бол уг уурхайн бүтээн байгуулалтын төлөө сэтгэл зүрхээ зориулсан мянга мянган хүмүүсийн хамтын хичээл зүтгэл юм шүү.

Олон улсын тавцан дахь Монголын нэр хүндэд тэргүүн зэргийн чухал, дэлхийн эрчим хүчний шилжилт дэх Америкийн үүрэг оролцоонд маш их нөлөөтэй энэхүү агуу уурхайг бүтээн босгохын төлөө Рио Тинто, Монголын ард түмэн, Монголын Засгийн газар өдгөө хамтран ажиллаж байна. Та бүхэн дэлхий дээрх хамгийн гайхамшигтай эрдэс баялгийн өв сангуудын нэгийг эзэмшиж буй агаад энд хуран цугласан эрхэм хүмүүс энэ бүхнээр бахархах бүрэн эрхтэй юм.

Хэдий тийм боловч Африк тив нь дэлхийн эрдэс баялгийн нөөцийн 30 орчим хувийг эзэлдэг бөгөөд энэ нь дэлхийн ашигт малтмалын хангамжид чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс би та бүхэнд Айвенхоу групп Монголоос гарсны дараа ямар ажлууд хийж буй тухай хуваалцахаар шийдлээ. Энэ хугацаанд Оюу Толгойн төсөл 10 жилээр  саатсан нь харамсалтай. Гаднын хөрөнгө оруулалттай холбоотой дүрэм журмын тухай маргаж мэтгэлцсээр 10 жилийг хий үрэгдсэн. Хэлэлцүүлэгт ийм их цаг зарцуулаагүй бол Оюу толгой 10 жилийн өмнө ашиглалтад орох байв. Ний нуугүй хэлэхэд бид бухимдсан. Тэгээд Африкт очоод өөр нэгийг олсон. Тэнд юу болсон талаар хуваалцъя.

Юуны өмнө танилцуулахад, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафосагийн тухай ярья. Тэрээр саяхан БРИКС-ийн хурлыг даргалсан бөгөөд Хятад улсын Дарга Ши Жиньпин, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди, Бразилын Ерөнхийлөгч Лула гээд бүгдээрээ уг хуралд оролцсон юм. Эдгээр улс бүгд эв санааны хувьд нэгдсэн боловч Америкийн талаас нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэхийн тулд Африкийг ихэд сонирхож эхэлсэн. Сирил бээр “Айвенхоу Майнз”-ын удирдах зөвлөлд 19 жил ажилласан туршлагатай хүн юм.

Тэрбээр өдгөө Өмнөд Африкийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Түүнчлэн Конго улсын Ерөнхийлөгч Феликс Цисекеди үе үе Вашингтонд зочилж байна. Энэ бүхэн Африкт ашигт малтмалын асар их нөөц байгаатай холбоотой юм. Ерөнхийлөгч Байден ч зэсийн тухайд сэтгэлээ ихэд чилээж буйг би баталж чадна.

Одоо бүгдээрээ Бүгд найрамдах ардчилсан Конго улс дахь Камоа-Какула зэсийн цогцолборыг харцгаая. Энэ бол 2008 оны зураг бөгөөд ширэнгэн ойн баруун урд хэсэг дэх хүдэртэй цооногийг харж буй улбар шар цамцтай нь би юм. Тэнд эндэхтэй адилгүй. Мөс байхгүй, цас үгүй. Африкийн төв хэсэг дэх хүн ам тун сийрэг суурьшсан нутаг. Дэвид Броутон, Дэвид Эдвардс нар манай ахлах геологичид юм. Энэ хоёр залуу нэлээд олон жил тэнд ажилласан. Энд бид байна. Бас нэгдүгээр цооног, манай анхны нээлт.

Одоо өөр нэгэн нэгдүгээр зэрэглэлийн уурхайг хэрхэн барьж байгуулсныг харцгаая. Оюу толгойг нээн илрүүлсний дараа бид юу хийж байсан болон энэ уурхайг хэдэн жилийн дотор барьсныг үзүүлэх гэж байна. Хэрэв та зүүн дээд буланг харвал бид анх 1996 онд хайгуулыг эхэлж, 2008 онд анхны нээлт буюу өндөр агуулгатай Камоа ордыг илрүүлснийг олж үзнэ.

Дараа нь 2015 онд Хятадын “Жыжинь уурхайн групп”, манай ордод хөрөнгө оруулахаар тохиролцож, улмаар 2016 онд бид Оюутолгой шиг аварга том орд болох Какула ордыг илрүүлсэн түүхтэй. Дараа нь Хятадууд төслийг цааш үргэлжлүүлэхийн тулд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Бид ердөө гуравхан жилийн өмнө барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд цас мөсгүй учраас бүх зүйл илүү хурдан явагдсан гэж хэлж болно.

2021 онд баяжуулах үйлдвэр хугацаанаасаа өмнө ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай энэ уурхайд 20 мянга орчим хүн ажилладаг. Ажиллах хүчний дундаж нас 20 бөгөөд ажилчдын 97% нь Конго улсын иргэд, үүнээс бараг тал хувь нь эмэгтэйчүүд байдаг. Мөн энэ онд бид зэсээ дэлхийн зах зээлд нийлүүлж, Конго гол дээр усан цахилгаан станцын далан барих ажлыг эхлүүлсэн.

Конго улс усны нөөц ихтэй. Тэгэхээр энэ нь 300 МВт цэвэр эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэж бид тооцож байгаа. Үүнээс гадна бид энэ усан цахилгаан станцын даланг 2021 онд сэргээн засварласан учраас уурхай бүхэлдээ усан цахилгаанаар ажиллаж буй бөгөөд хүлэмжийн хий ялгаруулдаггүй онцлогтой. Олон улсын уул уурхайн салбартай харьцуулж харахад Камоа-Какула бол дэлхийн дулааралд хамгийн бага нөлөөтэй орд гэж хэлсэн ч болно. Оюу Толгой ч бас ойрын ирээдүйд энэхүү ололтод хүрэх боломжтой гэж би үздэг. Манай уурхайн гурав дах үе шатны олборлолт одоо эхэлж байгаа.

Бид уурхайгаа эрчимжүүлж, дахин өргөтгөж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг ашиглалтад оруулж, үйлдвэрлэлээ эхлүүлсэн. 2022 онд 7 сая тонн хүдэр тээрэмдсэнээс зэсийн дундаж агуулга 5.5% байна. Энэ бол дэлхийн хамгийн өндөр агуулгатай томоохон зэсийн уурхайд тооцогдоно. Тэгэхээр Монгол зэсийн агууламжийн хувьд өрсөлдөгчтэй болж буй юм.

Энэ онд 400 мянган тонн зэс үйлдвэрлэх зорилт тавьсны зэрэгцээ үйлдвэрлэлээ гурав, дөрөв дэх үе шатны өргөтгөл хийн үргэлжлүүлэх төлөвлөгөө гаргасан. Төслийн өнөөгийн цэвэр үнэ цэн нь 20 тэрбум ам.доллар бөгөөд уурхай гуравдугаар шат 42 жилийн нөөцтэй. Би одоо 73 настай гэхээр уурхайн олборлолт дуустал 110, 120 хүрчихсэн ч байж мэднэ. 2023 оны 3 дугаар сард бид өргөтгөлийн ажлаа дуусгасан бөгөөд өдгөө уурхай маань дажгүй сайн, эрчимтэй ажиллаж байна.

Манай EBITDA буюу зээлийн хүү, татвар, элэгдэл хорогдол тооцохын өмнөх ашиг ойролцоогоор 1.4 тэрбум ам.доллар болсон. Одоо ч өргөжин тэлсээр буй бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард дараагийн шатны өргөтгөлийн хөтөлбөрөө эхлүүллээ. Бид өнгөрсөн долоо хоногийн байдлаар 300 мянган тонн зэс үйлдвэрлэсэн бөгөөд энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ бол есөн сарын дотор гарсан үр дүн юм.

Бас өнгөрсөн долоо хоногт тэнд шинэ их сургууль нээлээ. Конго улсын Ерөнхийлөгч бээр манай компанийн Ерөнхийлөгч Марнатай Камаогийн Төгс чанарын төлөөх төвийн нээлтэд оролцсон. Манай компанийг эмэгтэйчүүд удирддаг гэдгийг эндээс харж болно. Ерөнхийлөгчийн албан тушаалд мөн л дөнгөж өнгөрсөн долоо хоногт Марна шинээр томилогдсон нь энэ. Одоо жилдээ 650 мянган тонн зэс олборлох гурав дахь шатны өргөтгөлөө эхлүүлж байгаа нь манай гараг дээрх гурав дахь том зэсийн уурхай болох юм.

Мөн дэлхийн хамгийн ногоон, хамгийн орчин үеийн зэс хайлуулах үйлдвэрийг барьж байна. Энэхүү Цэврүүт хайлуулах үйлдвэр нь байгаль орчинд ээлтэй төдийгүй  99.7%-ийн цэвэр зэс үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд хэд хэдэн замаар экспортлох юм. Сүүлийн үед, Америкийн Засгийн газар манай ажлыг дэмжиж далайд хурдан гаргах үүднээс манай төмөр замын Ловитогийн коридорыг дэмжиж буй. Түүнчлэн бид үйл ажиллагаа явуулж буй тус улсынхаа нийгэм, сайн сайхны төлөөх хөтөлбөрүүдэд 40 сая ам.доллар хандивлаад байна.

Мөн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад 500 сая ам.долларын татвар, нөөц ашигласны төлбөр төлөөд буй бөгөөд цаашид олон тэрбум ам.доллар төлөх болно. Дэлхийд томд тооцогдох Камоа Какула, Оюу толгой хоёрын аль алийг “Айвенхоу Майнз” ийнхүү үүсгэсэн юм. Дэлхийн хоёр том зэсийн шинэ уурхай манай группээс төрсөн гэж бахархалтайгаар хэлсэн ч болох юм. Тийм учраас Монгол Улс энэ төрлийн төсөл, хөтөлбөрөө үргэлжлүүлэх учиртайг онцлон хэлье.

Миний эртний танил ноён Ч.Хүрэлбаатар урд талын эгнээнд суугааг би харж байна. Тэрээр УИХ-тай тогтвортой байдлын урт хугацааны гэрээ хэлэлцэж асан бэрх жилүүдийг хамт туулсан юм. Ахан дүүс, анд нөхөд минь, зөгийн бал цуунаас илүүтэй хар ялаа их татдаг гэдгийг санаж явахыг хичээнгүйлэн хүсье.

Гадаадын хөрөнгө оруулалт сайн зүйл учраас улс эх орондоо гадаадын хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй шүү. Та бүхэнд цаашид нээн илрүүлж ашиглах олон олон Оюу толгой бий. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг тогтвортой байдлаар хангаж, хүндэтгэлтэй хандах аваас тэд танай орныг Кувэйт шиг баян чинээлэг улс болгож өгнө. Та бүхэнд байгаа эрдэс хүдэр дэлхий нийтэд туйлын ихээр шаардагдаж байгаа.

Камоа Какулагийн тухай яриа руу эргэн ороход, уурхай өнөөгийн ханшаар 20 тэрбум ам.доллартой тэнцэх өртэй байгаа. Хэдийгээр бид Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Засгийн газартай орлогынхоо талаас илүү хувийг хуваалцдаг ч жилд 500 мянган тонн зэс хайлуулах маш цэвэрхэн, маш сайн үйлдвэр барьж байна. Энэ нь Африк тив дэх хамгийн том зэс хайлуулах үйлдвэр, дэлхийн хамгийн том зэс хайлуулах үйлдвэрүүдийн нэг болох юм.

Өдгөө бид их сургууль нээснээр Конго улсын залуу үеийнхэн эх орныхоо уул уурхайн салбарын удирдагч болоход шаардлагатай ур чадваруудыг эзэмших боломжтой боллоо. Монголын залуу үеийнхэнд ч бас би үүнийг хүсдэг. Өчигдөр Оюу толгойгоор зочлох завшаандаа монгол залуус тэр байгууллагыг залуурдаж буйг хараад сэтгэл баясаж, сайхан мэдрэмж төрлөө. Энэ бол Монгол түмний хувьд тун гайхалтай үлгэр жишээ, сайхан боломж юм. Эдгээр залуус уул уурхайн чиглэлээр мэргэшиж, нарийн ур чадвартай болсноор Монгол Улсыг уул уурхайн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэхэд чухал нөлөөтэй. Өчигдрийн залуустай уулзах шиг намайг баярлуулдаг зүйл нэн цөөн.

Тэгэхээр дэлхийн дараагийн томоохон төрөлжсөн олборлогч бол “Айвенхоу Майнз” гэж ойлгож болно. Энэ бол Оюу Толгойг нээсэн компани. Хэдийгээр Рио Тинто компани 51%-ийг худалдаж авсан ч бид нэрээ авч үлдээд бүхнийг дахин эхлүүлсэн юм. Одоогоор бид Камоа Какулагийн зэсийн уурхайг ийнхүү хөгжүүлж байна.

Мөн Өмнөд Африкт цагаан алт, палладий, алт, никель, зэсийн томоохон уурхай бүтээн байгуулж байна. Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад цахиурын чипс хийхэд шаардлагатай германи, гели агуулсан цайрын хамгийн баялаг уурхайг бүтээн барьж байна. Тус улсын баруун өмнөд хэсэгт үлэмж том, маш өндөр агуулгатай зэсийн хэд хэдэн уурхай олохоор хайгуул явуулж байна. Тэгэхээр Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс хоёр бол зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч хоёр орон болж хөгжих төлөвтэй байна. Тиймээс та бүхэн хүч чадал, давуу тал дээрээ төвлөрч улмаар энэ эрчээрээ зүтгээрэй.

Конго улсын баруун өмнөд хэсэгт явуулж буй өрөмдлөгийн хувьд, ойрын ирээдүйд орд газруудаа тодорхойлох болов уу. Ямартай ч энэ бол илүү том зэсийн орд хайж илрүүлэх дэлхийн хамгийн таатай талбай юм. Монголын говьд ч бас яг ийм ижил зүйл өрнөх ёстой. Говийг өргөн масштабаар нь маш нарийн судлах хэрэгтэй. Говьд хайгуул хийхгүй байгааг ойлгоход үнэхээр хэцүү.

Өнөөдрөөс эхэлбэл 5-10 жилийн дараа том нээлт хийчихнэ, үр хүүхэд, ач зээ нарт чинь зориулж үйлдвэрлэлийг эхлүүлэхэд 20 жил шаардагдана. Хэрэв би одоо эхэлбэл 83 настайдаа та нартай нэгэн сайхан нээлтийн тухай ярилцаж, эцэст нь үйлдвэрлэлд ороход 93 нас хүрсэн байх болно. Тийм учраас гадаадын хөрөнгө оруулагчдыг нээлттэй хүлээж авах нь чухал.

Уурхайн бүтээн байгуулахад асар урт хугацаа ордог. Тиймээс Рио Тинто шиг том байгууллагын нийлүүлж буй давуу тал, техникийн чадавхыг үнэлж баршгүй. 1400 метрийн гүнд орж, сансар эрхсийн хэмжээний хүдэр олборлоход маш нарийн технологи хэрэгтэй. Толгой дээрээсээ доош буулгаж олборлох учраас тийм  ч хялбар ажил биш. Шинжлэх ухаан, техник технологи, хичээл зүтгэл асар ихээр шаардагдана. Тэгэхээр нэгэнт үүнийг эхлүүлсэн бол хэдэн үеэрээ амьдралаа холбоно. Энэ бүгдийг манайх хэрхэн хийдгийг товч хуваалцъя л даа.

АНУ дахь зэсийн хомсдол 2020 онд 44% байсан. 2035 он гэхэд 67% болно гэж бид үзэж байна. Харин “Айвенхоу Электрик” бол Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй технологийн компани бөгөөд төрөл бүрийн салбарыг цахилгаанаар хангахад уул уурхайн талаас хэрхэн дэмжихтэй холбогдох шийдэл боловсруулах ажилтай. Тэгвэл дэлхийн хамгийн том олборлогч BHP компани томоохон санхүүгийн байгууллагуудын хамт тус компанийн голлох хувьцааг эзэмшдэг. Саяхан Саудын Арабын Засгийн газар “Айвенхоу Электрик”-ийн томоохон хөрөнгө оруулагч болсон.

Манайх одоо Аризона муж дэх  Санта Круз төсөл дээр ажиллаж байна. Бас Юта мужид ажиллаж байна. “Айвенхоу Электрик”-ийн хайгуулын төслүүд үндсэндээ АНУ-д төвлөрдөг. Бид цахилгаан эрчим хүчний шинэ эдийн засагт шаардлагатай чухал металлын хайгуул хийх замаар АНУ-ын нийлүүлэлтийн сүлжээний бие даасан байдлыг дэмжиж буй юм. Манай компанийн тусгай эзэмшлийн Typhoon технологи гэхэд л Америкийн газар нутгийн гүн дэх нөөцийг илрүүлэх боломжийг олгодог геофизикийн судалгааны хүчирхэг платформ байх жишээтэй. “Айвенхоу Электрик”-т Оюу толгойд ажиллаж, сурч, дадлагажсан монгол геологичид зүтгэдэг.

Миний хэлэх гэсэн гол санаа бол өдгөө Оюу толгойг урагшлуулж, бүтээн байгуулалтад нь оролцож буй монгол залуус ирээдүйд дэлхийн өнцөг булан бүр дэх уурхайнуудыг хөгжүүлэх чадварлаг мэргэжилтнүүд болох юм. АНУ дахь монгол залуус ч гайхамшигтай сайн ажиллаж буй бөгөөд Саудын Арабт ч тэд мөн адил ажиллах нь эргэлзээгүй. Бид монгол залуусыг Саудын Араб дахь төслүүддээ ч ажиллуулна. Нөхцөл нь Монголынхтой ижил төстэй.

Та бүхэн Саудын Арабын тухай гэрэл зургийг харсан нь лавтай. Говь нутгаас тийм ч  өөр харагддаггүй шүү дээ. Тэмээ, ямаа, хонь, гэр гээд цөм бий агаад тэд цэлгэр уудам цөлдөө нүүдэллэдэг. Тэнд зэс ч бий, алт ч бий. Маш олон орон Монголын жишиг замаар замнах сонирхолтой байдаг.

Илтгэлийнхээ төгсгөлд би элдвийг нуршихын оронд Америк дахь зайлшгүй чухал уурхайнуудын тухай товчхон танилцуулаад Монгол дахь олборлолтыг хурдасгах шинэ технологийн талаар бодлоо хуваалцъя.

Эдүгээ цооног өрөмдөх шаардлагагүй болсон бөгөөд зөвхөн геофизикийг ашиглаж олон нэр төрлийн урьдач ажил амжуулах боломжтой. Жишээлбэл, манай “Ipulse” бол Францын Засгийн газрын санхүүжилттэй америк компани юм. Түүхэндээ эрчим хүчний үйлдвэрлэл тасралтгүй явагдсаар механикжуулалтаас масс үйлдвэрлэл болон хөгжсөн. Цахилгааны шууд гүйдэл нь эрчим хүчний хувьсгалын эхний алхам болсон бөгөөд анхны цахилгаан станцууд уурын энергийг цахилгаан болгон хувиргаж, орон сууц, үйлдвэрүүдэд нийлүүлж эхэлсэн.

Үүнээс хэдэн жилийн дараа Никола Тесла, Жорж Вестингхаус нар цахилгааны хувьсах гүйдлийг хөгжүүлснээр эрчим хүчийг өргөн сүлжээгээр үр ашигтай хуваарилах боломжтой болсон билээ. Энэхүү цахилгаан гүйдэл нь Туркийн дайнаас хойш үйлдвэрлэл болон гэр ахуйн хэрэглээнд эрчим хүч хүргэх хамгийн үр дүнтэй арга хэвээр үлдсэн бөгөөд өнөөг хүртэл сүлжээ нь өргөжин тэлсээр байна.

Гэвч эрчим хүчний хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаатай зэрэгцэн нөөцийн хомсдол үүсэж, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна. Бүтэн зууны туршид энэ салбарт томоохон нээлт, шинэ дэвшил гараагүй. Харин “Ipulse” бол жинхэнэ нээлт юм. Бид эрчим хүчийг асар богино хугацаанд төвлөрүүлэн,  хайгуулд өндөр нарийвчлалтайгаар аюулгүй нийлүүлдэг шинэ технологийг бүтээсэн.

Эцэст нь, өнөөдрийн ярьсан зүйлсээ дүгнэе. Чингис хаанаас өвлөж авсан эрдэс баялгийн арвин нөөцтэй дэлхийн хамгийн том газар нутгийн нэгийг ердөө дөрвөн сая хүн эрхшээн сууж байна. Энэ газарт дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг байгаа нь батлагдсан төдийгүй алтны үлэмж их нөөц ч бий. Энд цорын ганц орд байж таарахгүй. Говийн хөрсөн дор илүү олон орд нойрсож буй шүү дээ. Гэхдээ үүнд дэлхий нийтийг татахын тулд хэдэн арван жилийн нөр их хөдөлмөр, тогтвортой нөхцөл байдал шаардлагатай. Хэрэв Монголын ард түмэн тогтвортой нөхцөлийг бүрдүүлж, уул уурхайн салбараа хөгжүүлж чадвал дэлхий ертөнцөд ч ашиг тустай юм. Үүнд эргэлзэх зүйл үгүй.

Оюу толгойг нээн илрүүлснээс хойших сүүлийн 20 жилийн хугацаанд цооног өрөмдөхгүйгээр дэлхийн гүнийг харах шинэ технологи бий болсон. Эмнэлэгт хүнийг MRI, томографиар үздэг шиг, геофизикийн энэхүү шинэ технологи бол хайгуулын үйл явцыг түргэсгэх боломжтой. Энэ бол намайг тэнгэрт одохоос өмнө ч Монгол Улсыг улам бүр агуу үндэстэн болгож чадах чухал хүчин зүйл юм. Монголын амжилтад би чин сэтгэлийн угаас баярлаж байна.

Монголын залуу үеийнхэн дэлхийн жишигт нийцсэн өндөр түвшинд техник, технологийн чиглэлээр бэлтгэгдэж, дэлхийн хэмжээнд мэдлэг, туршлагаа экспортлох боломжтой болсонд баяртай байна. Уул уурхайгаа урагшлуулахад томоохон ахиц дэвшил гаргаж буй Монголын Засгийн газарт би талархаж байна. Хэлцэлд хүрэхийн төлөө онцгой хичээл зүтгэл гаргасан ”Рио Тинто”-д бас талархаж байна.

Амьдралд төгс төгөлдөр зүйл гэж үгүй. Тиймээс өмнөх дутагдлаа хэт их анхаарах нь зохимжгүй. Харин эх дэлхийд эдгээр металлын хэрэгцээ өндөр байгаа дээр, илүү сайхан дэлхийг үр хүүхдүүддээ үлдээх найдвар байгаа гэдэгт бид төвлөрөх нь чухал. Уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай хөгжих цаг нэгэнт иржээ. Өнөөдөр энд та бүхэнтэй санаа бодлоо хуваалцаж буй нь миний хувьд нэр төрийн хэрэг. Та бүхний анхаарал, хичээл зүтгэлд гүн талархал илэрхийлье.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу