Эдийн засагч, судлаач Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Сүүлийн үед валютын ханш өсөж байна. Тэр дундаа ам.долларын ханш өсөлттэй байна. Эдийн засагч хүний хувьд энэхүү өсөлтийг юунаас шалтгаалж байна гэж үзэж байна?

-Валютын ханшийн өсөлтийн тухай асуудлыг бид холоос хайх хэрэггүй. Үүний үндсэн шалгаан нь энгийн эрэлт, нийлүүлэлтийн зарчим юм. Тодруулбал, Монгол Улсад орж байгаа валютын урсгал, гарах урсгалаа нөхөж чадахгүй байгаа явдал. Үүнийг тодорхой харуулах үзүүлэлт нь төлбөрийн тэнцэл, түүний урсгал данс байдаг. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын төлбөрийн тэнцлийн урсгал данс тогтмол алдагдалтай бөгөөд энэ нь өссөөр ирсэн. 2022 оны байдлаар төлбөрийн алдагдал 727 сая ам.доллар болсон. Үүнд гол нөлөөлсөн нөлөөлөл урсгал дансны алдагдал 2.9 тэрбум ам доллар болсон явдал. Энэ алдагдлын хэмжээ сүүлийн хоёр жил огцом нэмэгдэх хандлагатай байна. Мөн урсгал дансны алдагдлын ДНБ-д эзлэх хувийн жин өндөр байгаа нь бидний гол анхаарах асуудлын нэг юм.

Товчхондоо бид олон чиглэлд валютын гадагш урсгалтай бөгөөд эдийн засгийн бүтцээс шалтгаалж түүнийгээ нөхөх валютын тогтвортой урсгалтай болж чадаагүй байна гэсэн үг юм.

Энэ нь валютын ханшийн хувьд төлбөрийн тэнцлийн хүрээнд валютын ханшийг тайлбарлаж байгаа хэрэг юм. Харин үүний шалтгаан нь Монгол Улсын макро эдийн засгийн суурь нөхцөлтэй холбоотой.

Учир нь төлбөрийн тэнцлийн үзүүлэлтүүд нь валютын орох гарах урсгалыг тодорхойлж эндээс бид ерөнхий нөхцөл байдлыг ажиглаж дүгнэлт хийдэг л гэсэн үг юм. Харин ханшийг тодорхойлдог гол хүчин зүйлс нь Монгол Улсын эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал юм. Энд экспортын өрсөлдөх чадвар, эдийн засгийн бүтцийн гажуудал, бүтээмжийн байдал, инфляц зэрэг хамаарна. Сүүлийн 30 гаруй жилийн сүүлийн 20 жилд нь бид эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгож эдийн засгийн бүтцээ сайжруулж чадаагүй, иргэдийн орлогыг нэмэгдүүлж чадаагүй нь үндсэн суурь шалтгаан юм.

Хэдийгээр бид олон жилийн турш эдийн засгийн бүтцээ сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох чиглэлд хөгжүүлэх талаар ярьж байгаа боловч бодит байдалд хэрэгжиж чадахгүй байгаа нь биднийг сүүлийн жилүүдэд валютын ханшийн дарамтад орох гол  нөхцлийг бүрдүүлсэн. Энэ нь манай эдийн засгийн хувьд уул уурхайгаас хэт хамааралтай эмзэг эдийн засагтай болгосон. Үүнээс шалтгаалж эдийн засагт бага зэрэг тэлэлт үүсэх, гадаад зах зээл дэх эрдсийн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл зэргээс шалтгаалж валютын ханш нь хэлбэлздэг. Түүнийгээ валютын интервенцээр байнга тогтворжуулах, саармагжуулах оролдлого хийсэн харьцангуй буруу валютын механизмтай улс болсон.

Үүний дээр  2022 онд нийгэм, эдийн засаг амьдрал цар тахлын дараах нөхцөл байдалд шилжсэн, худалдаа, үйлчилгээ, импорт, гадаад аялал жуулчлал зэрэг нэмэгдсэнтэй холбоотой валютын гарах урсгал огцом нэмэгдсэн зэрэг нь нөлөөлж тухайн онд валютын ханш нэлээд хэмжээгээр өслөө.

-Монгол Улс валютын тэр дундаа ам.долларын нөөц өссөн гэдгийг Сангийн яамнаас мэдэгдэж байсан. Гэтэл валютын ханш өсөлттэй байна. Үүний сөрөг үр дагавар нь юу байж болох вэ?

-Сангийн яамны зүгээс мэдэгдэж буй энэ мэдээлэлтэй санал нэг байна. Бид 2021 оны дунд үед хамгийн өндөр буюу 4.9 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байсан. 2022 онд эдийн засгийн дотоод, гадаад шалтгааны улмаас энэ нь огцом буурч 2.7 тэрбум ам.доллар хүрч Монгол Улсын гадаад өр, санхүүгийн нөхцөл байдал ихээхэн муудах нөхцөл байдалд хүрсэн. Үүнтэй холбоотой зарим талууд Монгол Улс өрийн дарамтад орсон гэх мэт таагүй мэдээллүүд ихсэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэр нөхцөл байдлаас хойш экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх, өрийн дарамтаас гарахад чиглэсэн тодорхой ажлууд хэрэгжсэн, мөн гадаад худалдааны нөхцөл байдал харьцангуй таатай болсон зэрэгтэй холбоотой валютын ханш нөөц харьцангуй нэмэгдсэн. 2023 оны нэгдүгээр сарын байдлаар 3.6 орчим тэрбум ам.доллар болоод байгаа нь үүнийг баталж байгаа хэрэг. Үүнд экспортыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд болон, Сангийн яамны зүгээс хэрэгжүүлсэн гадаад зах зээлээс эх үүсвэр татах ажлууд нөлөөлсөн гэж таамаглаж байна.

Үүний эсрэг талд валютын ханш өссөөр байгаа нь бас үнэн юм. Үүнийг би хувьдаа дээр дурдсан валютын ханш өсөх суурь болон цаг зуурын хүчин зүйлээс гадна иргэдийн хүлээлт валютын хувьд сөрөг байгаа байдал нь долларжилтыг өдөөж буй нэмэлт шалтгаан байна гэж үзэж байна. Мөн улирлын нөлөөлөл валютын ханшид нөлөөлж байна.

Валютын ханшийн өсөлт нь иргэд, ААН-үүдийн хувьд бүтээгдэхүүний үнэ, үйлдвэрлэлийн орцоор дамжиж борлуулалт, худалдан авах чадварт, зээлээр дамжиж санхүүжилтийн өртөгт сөрөг нөлөөлөх гэх мэт олон сөрөг үр дагаврыг үзүүлнэ. Бид импортоос ихээхэн хамааралтай байдал нь энэ нөлөөлллийг даамжруулах хандлагатай.

Макро эдийн засгийн хувьд богино хугацааны энэхүү нөлөөллөөс ч өндөр сөрөг үр дагаврыг бий болгох боломжтой.

Дээр бид валютын ханшаа төлбөрийн тэнцлийн дүнд суурилан хардаг тухай ярьсан. Их хэмжээний урсгал дансны алдагдалтай явж байгаа нь гадаад валютын ханшийг өсгөж үндэсний валютын ханшийг сулруулахаас гадна нь төрийн болон хувийн хэвшлийн гадаад өрийн дарамтыг нэмэгдүүлэх, инфляцийг өдөөх зэрэг сөрөг нөлөөтэйгээс гадна урт хугацаанд үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулалтыг бууруулж, ажилгүйдлийг нэмэгдүүлэх гэх мэтээр эдийн засгийн өсөлтөд ч сөрөг нөлөөлөл үзүүлнэ.

-Цаашид валютын ханш буурах прогноз ажиглагдаж байна уу?

-2022 оны эдийн засгийн урьдчилсан гүйцэтгэл, экспортын байдал, төсвийн алдагдал зэрэг үзүүлэлт бидний хувьд хүлээлтээс давсан эерэг байдалтай гарсан. Эдгээр нь ямартай ч макро эдийн засгийн шалтгаан, суурь нөхцөл харьцангуй зөөлөрч байгааг харууллаа. Гэхдээ эдгээр цөөн үзүүлэлт нь эдийн засаг, нийгмийн амьдралын бүхэлд нь харуулахгүй. Мөн энэ байдлыг бид дунд хугацаанд хэрхэн хадгалж чадах эсэх нь чухал юм.

Түүнчлэн валютын ханш нь орох гарах урсгалын тэнцвэрээс шалтгаална гэдгийг дахин хэлье. Тодруулбал, 2023 онд экспорт, гадаадын хөрөнгө оруулалт, алт болон бусад чиглэлээр валютын орох сувгууд хэр ажиллахаас л шалтгаална. Үүн дээр гарах урсгал нэмэгдэх хандлагатай гэдгийг бид анхаарах хэрэгтэй. Чухамдаа бид урсгал дансны алдагдлаа бууруулж чадах эсэх, валютын нөөц цаашид хангалттай нэмэгдэх боломж зэргээс энэхүү асуултын хариулт шалтгаална. Мөн бидний гол хүлээлт болсон 2023 онд эрдэсийн бүтээгдэхүүний экспорт, үнийн асуудал ихээхэн хамааралтай.

Үүний нөгөө талд мөнгөний нийлүүлэлтийн асуудал ихээхэн чухал юм. Үүнд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг нь улс төрийн буруу шийдвэр гаргалт. Улс төрийн хүрээнд нийгмийн тодорхой хэсэг бүлэгт чиглэсэн амлалт, хөнгөлөлтийн хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үйлдэл хийдэг нь валютын ханш өсөх, инфляцийг өдөөх үндсэн хүчин зүйлсийн нэг болоод удаж байна. Үүний нэг томоохон жишээ нь 2020 оны эхэнд тэтгэврийн зээлийг тэглэсэн явдал. Үүнтэй ижил жишээ олон. Сүүлийн үед нийгэмд үүссэн авлига, нүүрсний хулгай зэрэгтэй тэмцэж байгаатай зэрэгцэн янз бүрийн хэлбэрээр мөнгө тараах талаар санаачилга улс төрийн хүрээнд ихээхэн яригдах боллоо. Мөнгийг зохиомлоор өсгөх нь эдийн засагт ямар ч эерэг нөлөө авчрахгүй юм.

Эдийн засгийн бүтээмж, гарцыг өсгөөгүй тохиолдолд ямар нэгэн хэлбэрээр мөнгийг нэмэгдүүлэх нь үнийн өсөлт, валютын ханшийг өдөөхөөс цаашгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй байна.

Үүнийг нэгтгээд харвал бид валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд боломжит бүх зөв арга хэрэгслийг ашиглаж мөнгөний нийлүүлэлтийг зүй бусаар нэмэгдүүлэх үйлдэл хийхгүй байвал үнийн өсөлт, ханшийн өсөлтийг хязгаарлах боломжтой юм.

Л.Хонгорзул

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу