Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас өндөр хамааралтай. Өнөөдрийн байдлаар  түүхий эдийн үнэ сайн байгаа ч удаан үргэлжлэх магадлал бага. Түүхий эдийн үнийн өсөлт гурван жилийн хугацаанд үргэлжилж буй бөгөөд өссөн үнэ нь буцаад унаж болзошгүй гэсэн үг юм.

Эдийн засагч Н.Энхбаяр 2024 оны төсвийн төслийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “Монгол Улс маш их хэлбэлзэлтэй орлого дээр суурилж байна. Төсвийн өндөр зарлагаас хамаарч, орлогоо хэт өөдрөг төсөөлж байна.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Энэ жил 50 сая нүүрс экспортолсон болохоор ирэх онд 60 саяд хүрэх боломжтой” гэж мэдэгдсэн. Ингэж яривал ямар ч макро эдийн засгийн судалгаа хэрэггүй. Жишээлбэл, энэ жил гурван сая мал хорогдсон бол ирэх онд дөрвөн сая хорогдоно гэж байгаагаас ялгаагүй. Тэгэхээр дээрх байдлаар төсөөлөл хийж байгаа бол шинжлэх ухааны үндэслэлгүй алдаатай тооцоолол болно.

60 сая тонн гэдэг өнөөгийн геополитикийн эрсдэл нэмэгдэж, Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа нөхцөлд маш “хол”-ын, алсын тоо. Монгол Улсын өнгөрсөн жилүүдийн нийлүүлэлтийн статистикийг харвал жилд дунджаар 40 орчим сая тонн нүүрс экспортлох боломж байна. Бодит таамгаас асар зөрүүтэй ийм хэмжээтэй нүүрс тээвэрлэх боомтын хүчин чадал манайд байхгүй. Яагаад гэхээр Гашуунсухайт, Ханги хоёр холбогдоогүй.

Түүхий эд хүлээн авч байгаа Хятадын талаас дээрх хоёр боомтын төмөр замын хилийн холболтыг хийх талаар өнөөг хүртэл албан ёсоор хэлээгүй, судалъя, ярилцъя л гэдэг. Ерөнхий сайдыг өнгөрсөн зургадугаар сард айлчлахад тус улс “холбоё” гээгүй. Айлчлалын дараа Засгийн газрын Хэвлэлийн албанаас гаргасан протоколд боомтуудаа хөгжүүлнэ гэсэн.

Хятад улсын ГХЯ -наас гаргасан уулзалтын талаарх албан ёсны мэдээллийг харахад боомтуудыг холбоно гэсэн амлалт, мэдээлэл байхгүй. Тэгэхээр манай талын яриад байгаа, боомтыг маш богино хугацаанд хөгжүүлнэ гээд буй нь эндүү ташаа болж байна.

Ирэх онд нарийн царигийн төмөр зам барьж буй Нарийнсухайтын боомтын төмөр зам л холбогдох магадлалтай. ЗТХЯ-наас мэдээлснээр, уг боомтыг ашиглалтад орууллаа гэхэд хүчин чадал нь 10 сая тонн байна гэсэн. Гэвч ирэх онд бодит байдал дээр ийм хэмжээний хүчин чадлаар нүүрс зөөх техник, тээврийн хэрэгслийн хувьд боломжгүй. Яагаад гэвэл өдгөө автомашинаар тээвэрлэж буй нүүрсийг хил дээр буулгадаг.

Цагаанхаднаас Ганц модны боомт хүртэл машинаар тээвэрлэх нь харьцангуй богино хугацаанд, хурдан эргэлттэй байдаг. Гэтэл нарийн царигтай төмөр замаар нүүрс ачаад буулгахгүй, галт тэрэг цааш Бугат, Ордос дахь төмөрлөгийн үйлдвэр хүртэл яваад нүүрсээ буулгасны дараа буцаж ирнэ.

Нүүрсний тээврийг 10 сая тонн болгохын тулд вагоны хэд хэдэн цуваатай байх хэрэгтэй болно. Магадгүй галт тэрэгний таван цуваа явж байж өдөрт нэг цуваа хилээр гарна. Нарийнсухайтаас нүүрс ачсан вагон Бугат хүрээд, буцаад иртэл хоёр хоног зарцуулж магадгүй. Одоогоор 40 орчим ачааны вагон бий. Хоёр цуваагаар яаж ч хурдан эргэсэн 10 сая тонн нүүрс тээвэрлэж чадахгүй” гэв.

Н.Энхбаяр эдийн засагч мөн “Өнгөрсөн зургаадугаар сард төсөв тодотгож, цалин хөлс өсгөсөн. Сангийн сайд “Хүлээж байгаад боломж олдохоор нь нэмлээ” гэж хэлсэн. Цалин тэтгэврийг зөвхөн мөнгөтэй болохоор нэмчихдэг асуудал биш. Төсөвт эзлэх хувь хэмжээ, цаашдаа тогтвортой олгож чадах уу гэдгээ тооцож байж нэмэх учиртай. Сувилагчид нэг сая төгрөгийн цалин өгнө гэчихсэн бол “Уучлаарай, манай эдийн засаг хүндэрлээ. Цалинг чинь 900 мянган төгрөг болголоо” гэж хэлэхгүй шүү дээ.

Энэ оны сүүлийн хагас жилд цалингийн нэмэгдэлд 1.8 их наяд төгрөг зарцуулж байна. Ирэх онд эл дүн 3.6 их наяд болно. Мөн ирэх оны дөр өвд үгээр сараас эхлэн цалин хөлсийг дахин нэмэхээр тооцож төсвийн төсөлд тусгасан гэж танилцуулсан. Ирэх оны төсөвт тусгасан цалин, тэтгэврийн зардал нь улсын төсвийн 30 гаруй хувьтай тэнцэхээр байна. Тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлс нь төсвийн хамгийн том зардал болж байна л даа. Энэ ачааллыг улсын төсөв цаашид дийлэхээ болихоор байна.

Дэлхийн банкнаас энэ талаар хийсэн судалгаа бий. Тэтгэврийн сангийн тогтолцоогоо, Нийгмийн даатгалын сангийн орлогын бүрдэлтийг цаашид илүү сайжруулах, өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж байнга сануулдаг. Тэтгэврийн санд жил бүр олгож буй шилжүүлгийн зардлыг цаашид улсын төсөв дийлэхгүйд хүрэхээр байгаа учраас аргагүй. Тэтгэвэр, тэтгэмж авдаг хүн, нэг удаагийн халамж авагсдыг оруулаад 2023 оны байдлаар 485 мянгад хүрч байна. Гэтэл татвар төлж буй ажил олгогчийн тоо маш цөөн.

Ажиллах хүчний тоо ердөө нэг сая гаруй. Энэ бүтцээ засах зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн зургаадугаар сард төсвийг тодотгохдоо үүнийг бодолцох ёстой байсан. Дэлхийн эдийн засгийн хямрал, түүхий эдийн ханшийн уналт, магадгүй цар тахал дахиад л тохионо.

Олон улсын байгууллагуудын зарим судлаач дараагийн хямрал 2025 онд болно гэж таамаглаж байна. Үүнд олон шалтгаан нөлөөлж мэднэ. Геополитикийн нөхцөл байдал, Тайванийн асуудал хурцдахыг үгүйсгэхгүй. Тэр үед төсвийн зардал 30 их наяд төгрөгт хүрэх байх. Ийм хэмжээний мөнгийг бид олж чадахгүй. Тэгэхээр өр бий болно.

Ирэх онд төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг байна гэж тооцсон. Гэтэл нийт орлого ба тусламжийн дүн төсөвт тооцсончлон ирэх онд 27.15 их наядад хүрэхгүй, 23 их наяд гаруй байх болов уу. Магадгүй ирэх зургаадугаар сар хүртэл буюу сонгууль болтол гайгүй явчихна гэж үзэж байж мэдэх юм. Цалин, тэтгэврийг амлачихсан юм чинь зайлшгүй өгч таарна.

Төсвийн төсөлд олон тооны объект барихад зориулж зардал тусгасан. Хэрэв гадаад зах зээлд үнэ ханш хэлбэлзэж, Хятадын эрэлт бидний төсөөлж буй шиг өсөхгүй бол төсвийн орлого тасалдаж хөрөнгө оруулалтын санхүүжилтийг оны эцэст бүрэн гүйцэтгэж чадахгүйд хүрч болзошгүй. Тэгээд л 2012-2016 оных шиг он дамжсан, санхүүжилт нь дутуу объектууд үлдэх магадлалтай.

Тендерт шалгарсан компаниуд оны эцэст ажлаа бүрэн гүйцэтгэж чадахгүй, улсын төсвөөс ихээхэн авлагатай үлдэнэ. Өмнөх алдаагаа дахиад л давтана гэсэн үг. Буруу төлөвлөлтийн улмаас он дамжин үргэлжилж болзошгүй нэг томоохон алдаа нь энэ” гэж хэлсэн юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу