Израилийн арми барьцаалагдсан 155 хүний ​​ар гэрийнхэнд ойр дотны хүмүүс нь Палестины ХАМАС хөдөлгөөний радикалуудад олзлогдсон тухай мэдэгджээ. Энэ тухай Израилийн армийн хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари мэдэгдсэнийг “The Times of Israel” сонинд мэдээлсэн байна.

Хэвлэлд мэдээлснээр, цэргийнхэн барьцаалагдсан хүмүүсийг суллахын тулд чадах бүхнээ хийж байгаа бөгөөд ар гэрийнхэнд нь “Бид хайртай хүмүүсийг чинь гэрт нь буцаан авчрахын тулд бүхнийг хийх болно” гэжээ.

Барьцааагдсан хүмүүсийн дунд АНУ-ын иргэд ч бий аж. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ)-ийн стратегийн харилцааны зохицуулагч Жон Кирби “Fox News”-т өгсөн ярилцлагадаа АНУ барьцаалагдсан иргэдээ чөлөөлөхийн тулд Америкийн цэргүүдийг Газын зурваст байрлуулж магадгүй бөгөөд ийм үйл явдал өрнөхийг үгүйсгээгүй байна.

Гэхдээ тэрбээр Цагаан ордон Палестин-Израилийн мөргөлдөөн рүү Америкийн цэргүүдийг илгээх “ямар ч төлөвлөгөө, санаа зорилгогүй” гэж тэмдэглэжээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Газын зурвас дахь америкчууд барьцаалагдсан асуудлаар “цаг тутамд ажиллаж” байгааг дурджээ.

Тэрбээр “Энэ бол Ерөнхийлөгчийн нэн тэргүүний зорилт. Түүний хувьд хилийн чанадад барьцаалагдсан америкчуудын аюулгүй байдлаас илүү чухал зүйл байхгүй. Мөн бид тэднийг гэр бүлийнхэнтэй нь эргэн уулзуулахаас нааш зогсохгүй” гэж нэмж хэлсэн байна.

НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар (OCHA)-аас Газын зурвас дахь дотоод дүрвэгсдийн тоо 600 мянгад хүрсэн тухай мэдээлэв.

Тус мэдээлэлд “Израилийн нүүлгэн шилжүүлэх тушаалын дагуу Баасан гарагт эхэлсэн Газын зурвасын хойд хэсгээс хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилсээр байна. Бямба гаргийн оройны байдлаар 600,000 орчим дотоод дүрвэгсэд Газын төв болон өмнөд хэсэгт “орогнож”, амьдралын нөхцөл байдал нь улам дордсоор байна” гэж дурджээ.

OCHA “Хүмүүсийн байнгын хөдөлгөөнөөс болж Газа хот болон Газын хойд хэсгийн дотоод дүрвэгсдийн тоог тогтоох боломжгүй” гэж мэдэгдсэн байна.

Мөн “Газын бүх эмнэлэг 24 цагийн турш ажиллах хангалттай түлштэй байгаа бөгөөд нөөц цахилгаан үүсгүүрийг зогсоох нь олон мянган өвчтөний амь насыг эрсдэлд оруулна” гэж онцолжээ.

Э.ЭГШИГЛЭН
Эх сурвалж: TASS, TIMES OF ISRAIL

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу