Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын алба хаагчид зохих зөвшөөрөлгүй, хориглосон арга, хэрэгслээр олон тооны цэнгэг усны загас хууль бусаар барьж, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлжээ.

Тодруулбал, энэ оны аравдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн нутгаас Г нарын 3 иргэн “Соом” 47, “Гутаар” 2, “Булуу цагаан” 23, “Яаз” 3, нийт 75 тооны загасыг зохих зөвшөөрөлгүй, Амьтны тухай хуулийн 10 дугаар зүйлээр хориглосон тор, сэрээ, аргамжаа, завь зэрэг арга хэрэгслээр барьсан, автомашинаар тээвэрлэсэн болохыг илрүүлэн шалгаж байгаа аж.

Монгол Улсын гол, нуур, цөөрөмд 11 овгийн 36 төрөл, 76 зүйлийн загас байдаг судалгаа бий ч сүүлийн жилүүдэд иргэд зохих зөвшөөрөлгүй, их хэмжээгээр болон хориглосон арга хэрэгслээр загас барих, байгаль, экологийн доройтол, гол усны бохирдол зэргээс хамаарч жилээс жилд загасны төрөл, зүйл, тоо толгой цөөрч байгаа юм.

Зөрчлийн тухайн хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”

Мөн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйл (Хууль бусаар ан агнах)-ийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалтай газарт нэвтэрч хууль бус ан агнасан бол 1-5 жил хорих, нэн ховор амьтныг агнасан, барьсан бол 2-8 жил хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Мөн

  1. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл загасны үржлийн энэ үед загас агнахыг хориглодог.
  2. Хугацаа дууссан гэрээ, зөвшөөрлөөр, эсхүл зохих зөвшөөрөлгүй мөн тусгай хамгаалалттай газарт хориглодог.
  3. Хуулиар хориглосон арга хэрэгсэл буюу химийн болон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашлага, гувчуур, тор, завь зэрэг зүйл ашиглах нь Амьтны тухай хууль зөрчсөнд тооцож, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хариуцлага тооцдог байна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу