Цус амталсан бэлтрэг сүүнд ордоггүйтэй ижил парламентын босго алхсан хүмүүс Төрийн ордноос гарах дургүй болчихсон байдаг. Ирэх жил сонгууль болно. Иргэдийн бөгсийг арчих нь холгүй гүйдэг тэр цаг хаяанд ирсэн тул бүгд л тойрогт нь өрсөн ганц тоосгыг ч гэсэн өөрөө өрсөн мэт аяглах нь гарцаагүй.

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Баянзүрх дүүрэгт 4.7 км авто замын нээлт болжээ. Уг замыг “Бат-Амгалангийн зам” хэмээн нэрлэсэн талаарх суртал ухуулга явж эхэлсэн байна. Бат-Амгалангийн зам гэж ч юу байх вэ. Ард түмний татварын мөнгөөр баригдсан зам л даа. Өөрсдийнх нь халааснаас авсан мөнгөөр барьсан замыг өөртөө нааж байгаа нь яалт ч үгүй сонгуулийн солиорол мөнөөсөө мөн.

Э.Бат-Амгалан гишүүний сонгуулийн пи ар ийнхүү эхэлсэн байна. Татварын мөнгөөр Монгол Улс хөгжихгүй гэдгийг өнгөрсөн 30 жил бид хангалттай харлаа. Гэсэн ч татвар дагасан төсвийн мөнгийг энэ мэт Бат-Амгалантангууд өөрийн нэр дээрээ нааж эхлээд байгаа юм.

Сонгуулийн солиорол зөвхөн Э.Бат-Амгалангаар дууссангүй. УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатараар үргэлжилнэ. Тэрбээр ахмадын баярыг угтан Баянгол дүүргийн ахмадуудыг Улаанбаатар паласт хүлээн авч, улаан уутанд чихэр өгөөд гаргасан байна лээ. Үүнийгээ жил хийдэг арга хэмжээ гэж байгаа ч өөрт нь санал өгөх хүмүүсээ л тавгийн чихрээр хуурч байгаа үйлдэл юм.

Мөн Сэлэнгэ аймагт МАН-ынхан мөнгөөр бороо оруулж байна. УИХ-ын гишүүн Ч.Ундрам харваачдад нум сум бэлэглэхээс эхлээд намынхаа үүрүүдэд мөнгө тарааж яваа гэнэ. Нам нь нэр дэвших квот олгох эсэх нь эргэлзээтэй ч тойргоо усалж, намын судалгаандаа гайгүй өндөр рейтингтэй гарахаар аавынхаа компанийн мөнгийг тарааж яваа гэх яриа бий. Мөнгөтэй хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү маньд хамаагүй ч сонгууль угтсан сохор тархи угаалт Сэлэнгэд хэдийнэ газар авчээ.

Мөн НАМЗХ-ны тэргүүн Т.Сайнжаргал, Нийслэлийн МАН-ын ХЭГ-ын дарга О.Гэрэлт-Од нар мөн сургуулиудад суурин утас тарааж, эмнэлгийн ор зөөж, нэгдүгээр ангид элсэж буй хүүхдүүдэд “хужаа” цүнх “бөөндөж”, ахмадын баяр угтан Сэлэнгийн сум, тосгодоор Аглуу, Баярмагнай нараар гул барин танигдах пи араа мөн хийгээд эхэлсэн байна. Өнөө цагт Ардын намынхан л мөнгөтэй байгаа гэдгийг тэд тод томруун харуулж байгаа юм.

Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвших хүсэлтэй хүмүүс мөн бэлэг сэлт барьж, бор иргэдээ санасан шүү хэмээн тал засаж, тавгийн боов чихэр барьж гүйх болжээ. Гэх мэтчилэн ирэх сонгууль угтсан идээ ундаа, бэлэг сэлт, боов шоов, гурил будаа тараах гуйлгачин сэтгэхүй хүчээ авч эхлээд байгаа юм.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу