Өмнөд Солонгос улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны дипломатч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тухай тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 11-ний өдөр цацагдсан.

Эргэн сануулахад, энэ сарын 9-ний өдрийн өглөөний 09:00 цагийн орчимд Сөүл хотын ЁнДёнпогийн цагдаагийн газарт “Хар өнгийн карнавал маркийн автомашин хурдны зам дээр хурдтай давхиж, үе үе хүчтэй тоормослон, хоёр тийш дайвалзан явж байна” гэх дуудлага мэдээллийг тус улсын иргэн өгчээ.

Мэдээллийн дагуу цагдаа нар хэргийн газар ирж, тухайн машиныг зогсоон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь шалгахыг хүсэхэд жолооч шалгуулахаас татгалзсан байна. Үүний дараа ЭСЯ-ны консулын ажилтан хүрч ирээд, зөрчил гаргасан жолоочийг авч явжээ.

Дипломат харилцааны тухай Венийн конвенцод зааснаар, Дипломат төлөөлөгчийн газрын ажилтны “бие махбодын халдашгүй” байдлыг баталгаажуулсан тул дипломатчийн зөвшөөрөлгүйгээр баривчлах, бие махбод, эрх чөлөөнд нь халдах хориотой байдаг.

Тус улсын ГХЯ-наас бэлтгэсэн “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дипломатуудыг таслан зогсоох журам”-д “Дипломатчид амьсгал хэмжигчийн шинжилгээ хийх шаардлагатай тохиолдолд хамтран ажиллах хүсэлт гаргах ёстой, албадах эрхгүй. Хэрэв согтуу байсан нь амьсгал хэмжигчээр тогтоогдсон бол тээврийн хэрэгслээ хөдөлгөхийг хязгаарлаж, гэр бүлийн гишүүн, эсвэл ЭСЯ-ны ажилтнаар тухайн машиныг жолоодуулах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн байдаг ажээ.

Уг зөрчил гаргасан этгээд нь Монгол Улсын хуулийн байгууллагын том албан тушаалтны төрсөн дүү бөгөөд БНСУ-д суугаа Элчин сайдын яамны ажилтан Д гэх мэдээллийг БНСУ-ын хэвлэл мэдээллийн эх сурвалж өглөө.

БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам одоогоор Элчин сайдгүй байна. Харин 2012-2016 онд Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд томилогдон ажиллаж байгаа Ж.Оюунбаатар түр хамаарагчаар ажиллаж байгаа аж.

Улсаа төлөөлөн ажиллаж байгаа Элчин сайдын яамны ажилтанд холбогдох уг хэргийг төрсөн ахынх нь хүч, нөмөр нөөлгөөс айж Ж.Оюунбаатар хав дараад өнгөрөх үү. Зөрчил гаргасан этгээдийн гадаад томилгоо дээр ч анхаарах зайлшгүй хэрэгтэй байгаа юм.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу