УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2023.10.16) хуралдаж, 2024 оны төсвийн төсөл болон цаг үеийн асуудлуудыг хэлэлцсэн талаараа мэдээллээ.

“ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛНА”

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-Бид бүлгийн хурлаараа дөрвөн асуудлыг хэлэлцлээ. Нэгд, арваннэгдүгээр сард улсын төсөвтэй холбоотой нэгдсэн төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцдэг. Үүнтэй холбоотой ажлын хэсэг гарч, нухацтай ажиллая. Төв нам руу санал гаргаж, ирэх оны төсөвт өмнөх жилүүдээс илүү хариуцлагатай хандахаар ярилцлаа. Өнгөрсөн жил анх удаа 20 их наядын зарлага гарсан бол 2024 оны төсөв 28 их наяд руу очих нь ээ.

Нэг жилийн дотор 40 хувийн тэлэлттэй улсын төсөв дарга нарын гарын үсгээр шийддэг мөнгө нэмэгдэх нь.

Хоёрт, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах урт нэртэй хуулийн хүрээнд “нууц” нэрээр шууд худалдан авалт хийдэг. Энэ хуулийн 3.4 заалтыг ашиглаж, өнгөрсөн хугацаанд маш олон худалдан авалт хийсэн.

Сүүлдээ төрийн нууцад авалгүй Тагнуулын ерөнхий газрын зөвлөмж нэрийн дор ногоон автобусыг шууд худалдан авсан. Эдгээр дүн нь тэрбум бус их наядаар яригддаг. Үүний цаана авлига, хээл хахууль, хулгайн асуудал нуугдаж байна.

Гуравт, аравдугаар сарын 23, 24-нд УИХ-д Ардчилсан намын бүлгийн санаачлагаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ сонсголоор цар тахлын үеэр асар олон шууд худалдан авалтыг төрийн нэрээр хийсэн. Зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгодог зээл гэхэд хэдэн их наядаар яригдаж байх жишээтэй.

ЖДҮС-гийн зээлийн тухайд 2017 онд 50 тэрбум төгрөгийн асуудал ярьж байсан бол цар тахлын үеийн 10 их наяд буюу 50 тэрбумаас 50 дахин их мөнгөний асуудал яригдаж байна. Ерөнхий тоон мэдээлэлтэй. Иргэн, аж ахуйн нэгжийн нэр, мэдээллийг хүсэхэд өгөхгүй байна.

Цар тахлын сонсгол явуулахын тулд өнгөрсөн долоо хоногт шинжээч томилж өгөх хүсэлтийг УИХ-д тавихад байнгын хороогоор хэлэлцэх байсан ч ирц хүрэлцээгүй гэдэг шалтгаанаар шинжээч томилсонгүй. Бид бүлгийн хурлаараа хэлэлцэж, байр сууриа нэгтгэлээ.

Мөн сэтгүүлчид өнөөдөр “мөрдөн байцаалтын нууцыг задруулах” гэдэг нэрийн дор хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдэх эрхэд халдах гэж байгаа зүйл заалтыг ярьж байна. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлд нээлттэй байх талаар Ардчилсан нам өөрийн байр сууриа илэрхийлнэ. Иргэний мэдэх эрхийн талд зогсоно. Цар тахлын сонсголд таван гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан.

“ХОЁР ИХ НАЯДЫГ ЯМАР КОМПАНИД ЗЭЭЛСНЭЭ ХЭЛДЭГГҮЙ”

Ардчилсан намын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ж.БАТСУУРЬ:

-Өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард БНХАУ-д цар тахал дэгдэж, онцгой дэглэм тогтоосон. Үүнээс хойш гурван жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд асар олон зүйл хийж, бас олон үйл явдлыг мартжээ.

Цар тахал нэрийн дор Монгол Улсын Засгийн газар 5.1 их наяд төгрөг, дараа нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Дээр нь гадаадын зээл тусламжаар гурван их наяд гаруй төгрөгийг зарцуулсан байдаг.

Мөн Эрдэнэтээс 1.2 их наяд төгрөг, Оюу толгойгоос нэг их наяд төгрөгийг дайчилсан. Нэг их наяд гэдэг чин нэг хонийг 200 мянган төгрөгөөр тооцоход таван сая хонь байна. 20 их наяд гэвэл эрх баригчид 100 сая хоньтой тэнцэхүйц хэмжээний мөнгийг цар тахал нэрийн дор гарын салаагаар урсгасан байна.

Хоёр их наяд төгрөгийг нь ямар нэгэн компани, ажлын байрыг дэмжих зорилгоор хүүгүй болон хүүтэйгээр зээлсэн. Ямар компанид зээлснээ хэлдэггүй. Бас л ногоон автобус шиг нууцалж байна.

Өмнөх гурван жилийн хугацаанд цар тахал нэрээр зарцуулсан 20 их наяд төгрөгийн задаргааг тайлагнах гэсэн ч бид мухардлаа. Хүчээ нэгтгэе гэж та бүхнээс хүсэж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу