УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2023.10.16) хуралдаж, хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.

Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа 2024 оны улсын төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай, эрүүгийн уульд нээлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцжээ.

Засгийн газар газрын 5 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барьсан байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс намын бүлэгт Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор шаардлага хүргүүлсэн. Эрүүгийн хуулийн 21.9 дэх заалтад мөрдөн байцаалтын мэдээллийг ил болгосон, задруулсан хүнд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцдог болох тухай заажээ.

Энэ заалт иргэдийн мэдэх эрхийг хаасан, сэтгүүлчдийн мэдээлэх ажлын хүрээг хумьж байна хэмээн Төрийн ордонд ажилладаг сэтгүүлчид эсэргүүцсэн. Энэ дагуу намын бүлэг ХЗДХ-ийн сайд Н.Энхбаярын мэдээллийг сонссоны дараа дээрх заалтыг хуулийн төслөөс хасжээ.

Эрүүгийн хуулийн төслийн богино хугацаанд боловсруулсан тул нийтээр хэлэлцүүлээгүй аж.

Д.АМАРБАЯСГАЛАН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ АХАЛНА

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:

-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 21.9 дэх заалтад мөрдөн байцаалтын нууцыг хамгаалах, задруулахгүй байх зохицуулалт тусгасан. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс дээрх зохицуулалт нь мэдээлэл олж авах эрхийг боомилох төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах сөрөг талтай гэж үзэж, эсэргүүцлээ илэрхийлсэн.

Бүлэг хуулийн төслийг хэлэлцэх шатанд Хууль зүй, дотоод хэргийн сайдаас мэдээлэл сонссон. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх шатанд 21.9 дэх заалтыг хасахаар санал нэгдлээ.

УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх Лхагва гаригт зарлан хуралдуулж, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Дээрх хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн мэдүүлэхдээ “Яаралтай горимоор хэлэлцүүлэх” санал оруулж ирсэн.

УИХ-ын намрын чуулган нь хүний эрх тэр дундаа хүүхдийн эрх, гэр бүлийг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллана. Энэ чиглэлийн хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг томилсон.

Хоёр дахь нь хот, хөдөөгийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллана. Ажлын хэсгийг Д.Тогтохсүрэн миний бие ахалж ажиллана.

Хувийн хэвшлийг дэмжих хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулахаар болж, ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ахлахаар болсон.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу