Өдгөө 35 настай Даниэль Нобоа Эквадор улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, тус улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч болсон байна.

Баруун төвийн намаас нэр дэвшигч, гадил жимсний магнатын хүү тэрбээр Латин Америкт хүчирхийлэл гаарч, аюулгүй байдлын нөхцөл байдал улам бүр дордож байгаа цаг үед болсон сонгуулийн үр дүнд Эквадорын дараагийн ерөнхийлөгч болов.

Эквадорын Ерөнхийлөгчийн сонгуульд 10 сая гаруй хүн саналаа өгсөн бөгөөд тус улсын Үндэсний сонгуулийн зөвлөл (CNE)-өөс мэдээлснээр Нобоа 52,3 хувийн буюу нийт 4,829,130 сонгогчийн санал авсан байна.

Түүний улс төрийн гол өрсөлдөгч, зүүний үзэл баримтлалтай нэр дэвшигч Луиса Гонзалес нийт сонгогчийн 47.7 хувь (4,404,014)-ийн санал авсан гэж CNE мэдээлжээ.

“Үндэсний ардчилсан үйл ажиллагаа” намаас нэр дэвшсэн Нобоа ерөнхийлөгчийн сонгуульд таван удаа нэр дэвшиж байсан Альваро Нобоагийн хүү аж.

Албан тушаалаасаа бууж буй ерөнхийлөгч Гилермо Лассо өөрт нь импичмент зарласан парламентыг тарааж, улмаар ээлжит бус сонгууль зарласан тул Нобоа ерөнхийлөгчийн албыг дараагийн сонгууль хүртэл буюу 2023 оны арваннэгдүгээр сарын сүүлчээс 2025 оны тавдугаар сар хүртэл 17 сарын хугацаатай хаших юм байна. Улиран сонгогдохыг хүсвэл 2025 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжтой ажээ.

Нобоа 36 нас хүрэхээсээ таван хоногийн өмнө буюу ирэх арваннэгдүгээр сарын 25-нд ерөнхийлөгчийн тангараг өргөх юм байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад ялсныхаа дараа тэрбээр дэмжигчдэдээ хандан “Маргаашаас бид шинэ Эквадорын төлөө ажиллаж, хүчирхийлэл, авлига, үзэн ядалтад нэрвэгдсэн улс орноо авран сэргээх ажлыг эхлүүлнэ” гэж хэлжээ.

Сүүлийн жилүүдэд Эквадорт гэмт бүлэглэлүүдийн хүчирхийлэл газар авч, өнгөрсөн наймдугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Фернандо Виллависенсиогийн амийг хөнөөсөн хэрэг гарчээ. Тэрбээр авлигатай тууштай тэмцэгч байсан аж.

Эквадор улс кокаин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Колумби, Перу улсуудын дунд оршдог тул мансууруулах бодис наймаалагч бүлэглэлүүдийн төв болжээ.

Нобоа Эквадорын хамгийн хүнд гэмт хэрэгтнүүдийг тус улсын эрэг орчмын шоронгийн хөлөг онгоцуудад шилжүүлж, цуст үймээн самуун дэгдээж буй шоронгийн бүлэглэлүүдийг тараахыг санал болгожээ.

Тэрбээр мөн Эквадорын хил, боомтуудын аюулгүй байдлыг сайжруулж, мансууруулах бодисын наймааны гол замуудыг тасалж, кокаин тээвэрлэлтийг зогсоохын тулд сканнер суурилуулахыг санал болгосон байна.

Түүний өрсөлдөгч, зүүний үзэлт Ерөнхийлөгч асан Рафаэль Корреагийн дэмжигч Мовимиенто Революсион Сьюдадана намын гишүүн Гонзалес төсвийн зарлага, нийгмийн хөтөлбөрийг нэмэгдүүлэх амлалтад хүрч, ядуурал, хүчирхийлэл зэрэг хүчирхийллийн үндсэн шалтгааныг арилгах замаар аюулгүй байдлын хямралыг шийдвэрлэхийг хүсчээ. Тэрбээр санал хураалтын эхний шатанд тэргүүлсэн байна.

Эх сурвалж: BBC
 Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу