Монголд бизнес эрхлэх хэцүү гэж олон ч хүний амнаас сонсож явлаа. Гэхдээ татвар, зөвшөөрөл гээд төрөөс үзүүлэх дарамт нь “хар мянга” гэж дуулснаас түрээслүүлэгч нь түрээслэгчээ дээрэлхсэн тухай сонсож байгаагүй юм. Харамсалтай нь ийм зүйл болжээ. Гурван жилийн турш нойр хоолгүй хөдөлмөрлөж босгосон ресторан нь нэг шөнийн дотор юу ч үгүй болж, эвдэрч хэмхэрсэн эд хогшил, тоггүй хүйтэн өрөөнд нэгэн эмэгтэй хоёр шөнө уйлж сууна.

                     

“ТӨРД ТУШААДАГ ТАТВАР, ШИМТГЭЛИЙН ДОРООС ӨНДИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙХАД ТҮРЭЭСЛҮҮЛЭГЧ НЬ ХҮРТЭЛ ДЭЭРЭЛХЭЖ БАЙНА”

П.Жасмин гэх залуухан бүсгүй 2020 оны есдүгээр сард ресторан нээжээ. Тухайн үедээ Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах “Очир төв”-ийн хоёр давхрыг сарын 7.5 сая төгрөгөөр түрээслэхээр таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан аж. 

Гэтэл энэ оны наймдугаар сард түрээслүүлэгч тал буюу “Очир төв”-өөс П.Жасминд албан бичиг өгч, сарын түрээсээ 19.3 сая төгрөг болгож нэмэгдүүлсэнээ мэдэгдсэн аж. Үүнийг нь П.Жасмин хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлжээ. Учир нь хоёр талын байгуулсан гэрээнд “Инфляцын түвшинтэй уялдуулж, түрээсийн мөнгийг 20 хүртэлх хувиар нэмж болно. Ингэхдээ нэмэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарлана” гэж тусгажээ.

Гэтэл “Очир төв”-өөс шалтгаангүйгээр түрээсээ 125 хувиар нэмэхийг шаардсан байгаа юм. П.Жасмин ийм их хэмжээний мөнгө төлөх боломжгүйгээ хэлтэл есдүгээр сарын 4-нд рестораных нь цахилгааныг хүчээр тасалж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгожээ. Ингээд тус рестораны 23 ажилтан ажилгүй болсон байна. Энэ үед П.Жасмин эл асуудлаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан ч шүүх хуралдааны товыг тогтоохгүй явсаар өдийг хүрч буй аж.

Цав цагаан ханатай, юу ч үгүй байрыг рестораны түвшинд хүргэж тохижуулахад мэдээж их хэмжээний хөрөнгө орно. Ширхэг хадаасыг нь ч өөрийн хөрөнгөөр хийсэн тул байрнаас шууд гарах нь П.Жасминд хүнд байсан аж. Тиймээс тэр шүүх хурлын товыг хүлээж, хаа нэг ресторан дээрээ ирж, өдөр хоногийг өнгөрүүлж байжээ. 

Гэтэл өнгөрсөн Ням гарагт буюу аравдугаар сарын 15-нд “Очир төв”-ийнхэн “Панда” гэх нүүлгэлтийн компани хөлсөлж, П.Жасминд мэдэгдэхгүйгээр рестораных нь хаалгыг эвдэн орж, нүүлгэсэн байна.

Энэ талаар тэрбээр “Манай рестораны тогийг тасалснаас болоод бид ажлаа хийж чадахгүйд хүрсэн. Гэсэн ч оффисоо шалгах гэж ажлын өдрөөр ирдэг байсан юм. Гэтэл Ням гаргийн орой 20:00 цагийн үед гэртээ амарч байтал найз маань над руу ярьсан. “Танай гэрэл асчихсан байхаар нь гайхаад хартал хэдэн залуу нүүлгэж байна. Нүүж байгаа юм уу” гэсэн.

Би ч үүнийг нь сонсоод, санд мэнд гэрээсээ гарсан. Ресторандаа ирэхэд архи үнэртүүлсэн 16 танихгүй залуу үүдэнд зогсож байсан. Тухайн үед би шууд цагдаа дуудсан. Цагдаа нар ирэх үед нөгөө залуус явчихсан. “Очир төв”-ийнхэнтэй холбогдож чадахгүй байна. Энэ байрыг түрээслэнэ гээд үүдэнд зар тавьчихсан байна лээ. 

Ресторан маань ундуй сундуй, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй байна. Хаалгыг нь эвдчихсэн учраас үлдсэн хэдэн эд хогшлоо алдахгүйн тулд хоёр шөнө сахиж хонолоо. Шүүхийн шийдвэр гараагүй, шүүх хурал нь болоогүй байхад ингэж болохгүй. Би маш их гомдолтой байна.

Монголд байр түрээсэлж буй хүн дандаа хохирдог. Бизнес эрхэлж эхэлж буй 1980-аад оны “нуруугаа авахуулсан” залуус байна. Тэд банкны хүү, түрээс, татвар, даатгал, шимтгэл зэрэгт дарлагдаад өндийж чаддаггүй. Хүн харахад сайхан ажил төрөлтэй. Яг үнэндээ мөнхийн дарамтад ажиллаж байна. Түрээслүүлэгч нь хүртэл ийм дээрэнгүй байна” гэсэн юм. 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ДАМБА-ОЧИР “ОЧИР ТӨВ” НЭРТЭЙ ХЭД ХЭДЭН БАРИЛГАТАЙ БӨГӨӨД ТҮРЭЭСИЙН АСУУДАЛ ГАРГАСАН БАЙРЫГ ТҮҮНИЙ ОХИН Д.МӨНХЗУЛ ХАРИУЦДАГ АЖЭЭ

Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс “Очир төв”-ийн удирдлага болон нягтлантай холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байлаа. Мөн тус барилгын есөн давхарт байрлах өрөө үү очиход хаалга нь түгжээтэй байсан юм.

Тус төвийн удирдлагын талаар судлахад, 1991 онд УИХ-ын гишүүн асан Дорждамбын Дамба-Очир “Очир төв” гэх компанийг үүсгэн байгуулжээ. Улмаар “Очир” нэрээр хэд хэдэн охин компани салбарлуулсан байна. Сүхбаатарт дүүргийн 1-р хороонд байрлах эл салбарыг түүний охин Д.Мөнхзул хариуцан ажилладаг ажээ. 

Д.Дамба-Очирын тухайд ЖДҮХС-гаас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь нөлөөлсөн гэх үндэслэлээр ял сонсож байсан билээ. Тиймээс бизнес эрхлэгчдийг төр нь татвараар, төрөөс буусан “хулгайч” нь түрээсийн мөнгөөр дээрэлхэж байна хэмээн иргэд бухимдаж байна.

Бичлэгийг дээрээс үзнэ үү.

Х.ТҮШИГ

4 САНАЛ

  1. Яагаад энэ УИХ гишүүн болоод баяжаад хүнээ байдаг болчвоо энэ дээдэс нэртэй хөөрхийснүүд яандаа хүн бж болдгүйм бхдаа бусдад гай болохгүй,бусдыг өөрөөсөө дорд үзэхгүйгээр шуналаа ,араатан зангаа дараад үхвэл алмас тийрэн болж бусдад гай болохгүй явбол болохгүй юм бхдаа үлгэрлэгч нар дандаа бүтэргүйгээр үлгэрлэх юм😪🤔

  2. Бузарын шунал тай Дамба очироо чи ард түмний мөнгөөр өдий зэрэгтэй явж бж яасан дээрэнгүй хэрцгий өлөн новш вэ яасан цадаж ханадаггүй шээс вэ

  3. Энэ Дамба очир хэмээх шуналын тулам, бирдийн элч үхэх болоогүй юу, авилгаар тендер авч барьсан зам нь хэчнээн хүнийг тахир татуу болгож, бас цаг бусаар одуулсан билээ. Одоо бүүр хүмүүсийг амьдаар нь тамладаг болж. Нүгэл нүдээр нь гардаг даа.
    Үйлийн үрийн шийтгэлийн төлөөс хаалга андууралгүй эзнээ олж очино шүү!

  4. Ямар муухай шуналтай новшнууд вэ яаахаараа ийм өндөр үнээр түрээслэж байгаа юм яаасан цадаж ханадаггүй лайнууд вэ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу