МАН-ын зовлон тогооноосоо хальж, МАН-ын дайсан нь МАН л болчихоод байна. Ардчилсан нам шиг хүчгүй сөрөг хүчинтэй байснаас Ардын нам нь дотооддоо сөрөг хүчин хийгээд эхэлбэл амар ч юм уу. Албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл нь тэднийг 2024 оны сонгуулийн өмнө тамирдуулах янзтай. Д.Амарбаясгалан тэргүүтэй шинэ цагийн хотын фракцийнхан Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг хэдэн талаас нь нүдсээр байгаад эцсийн мөчид ажлыг нь өгүүлэх хэмжээнд хүрэв.

Д.Амарбаясгалангийн фракц сансандаа хүрч Хотын даргыг буулгасан ч тэдний зовлон өнөөдрөөр бас эхэлж байна. Өнгөн дээрээ генсек ялж байгаа мэт харагдах ч том агуулгаараа цаана нь МАН ялагдаж байгааг мартаж болохгүй. Ямартай ч Хотын шинэ даргаар Д.Амарбаясгалангийн талаас бус Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүнээ тавьсан. Товчхондоо үеэлийнхээ улс төрийн карьерийг золин байж Х.Нямбаатараар хотыг удирдуулахаар боллоо.

Хуулийн сайд Х.Нямбаатар “Оюу толгой”-н ажлын хэсэг, “Орона” групптэй ойлголцох ажлын хэсгээс эхлээд 26 ажлын хэсгийг ахалж байсан ч тэр бүгдээ хаяад хот руу зуларчихсан. Үүнээс үзэхэд ямар их үнэ цэнтэй суудалд очиж байгаа нь харагдана.

Засаг дотроо Л.Оюун-Эрдэнэ гар мухар үлдсэн ч хотоо Д.Амарбаясгаланд өгөхгүй байх нь хамгийн том зовлон болоод байсан. Х.Нямбаатар Ерөнхий сайдынхаа баруун гар болон шадарлаж явсан ч эцсийн сонголт нь энэ байлаа.

Нөгөө талд Д.Амарбаясгалангийн найз, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд төрсөн ах Ц.Ламжавын “Админерал” компаниар дамжуулан нүүрсний хулгайд холбогдсон талаар сүүлийн хэдэн сар хэвлэлээр бичигдэх болсон. Гэсэн ч генсек нүүрсний хулгайд холбоогүйгээ хэлээд байгаа ч олны үг ортой гэдгийг мартаж болохгүй.

Хуулийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж Д.Амарбаясгалан нар ч барьц алдаж эхэлжээ. У.Хүрэлсүхийн туган дор нэгдэж, нэгэн цул болж М.Энхболдыг дарж авсан ч одоо өөрсдийгөө намнаж байгаа юм. Дөрөвхөн жилийн өмнө М.Энхболдыг “Монголын зовлон” хэмээн нэрлэж байсан бол Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар өөрсдөө “Монголын зовлон” болчихсон бүдчиж сууна.

Сүүлийн үеийн процессийг харахад “Админерал” компаниар дамжуулан Д.Амарбаясгаланг буулгаж авах процесс хүчтэй өрнөөд эхэлж. Буланд шахуулсан тэрбээр баруун зүүнгүй өөрийгөө хамгаалж байгаа ч генсекийнхээ албан тушаалыг өгөх шахалтад ороод байгаа аж. ЗГХЭГ-ын дарга байснаас МАН-ын генсек байх нь илүү ашигтай. Наанаа гарч ирж гал дунд орохгүй, бүхнийг хөшигний араас удирдаад явчих боломжтой.

Нөгөө талд Н.Номтойбаяр шиг цөстэй залуусыг намдаа эгүүлэн татахаар Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын аль аль нь хөдөлж эхэлжээ. Гал цогтой, айдасгүй залуусаар хүч нэмсэн аль нэг тал нь давуу байдлаа баталгаажуулахад хэрэг болно гэдгийг тэд мэдэж байгаа. Тиймээс зарим залуустай уулзахаар хоёр талаас ярьж эхэлсэн аж.

2024 оны сонгуульд намаа ялуулж чадвал Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болох учиртай. Нүүрснийхэн ингэж нуруугаа амраах боломж гарах юм. Хөгжлийн банк, нүүрсний хулгайгаас эхлээд олон гал өөртөө дуудаж, үр дүнд хүрч чадаагүй яваа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллахгүй бол “арьсаа хуулуулахад” ойрхон байгаа тул Д.Амарбаясгаланг Ерөнхий сайд болгох сонирхол тун бага. Тиймээс тэдний албан тушаалын төлөөх тэмцэл Монголын зовлон болчихоод байгаа юм.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу