С.Батдөлийн хадгалж байсан их хэмжээний бэлэн мөнгө “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ачаа тээвэрлэлттэй  холбоотой авлигын мөнгө байж болзошгүй гэсэн хардлага байгаа учраас хуулийнхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн. Мөн иргэн Ж.Энхбат энэ хэрэгт Зам тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтар, түүний эхнэр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Ц.Ганзул холбоотой гэж үзэн АТГ-т шалгуулах хүсэлтийг өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан байдаг. Тэгвэл энэ хэргийг АТГ-аас нягталж үзээд прокурорын байгууллагад шилжүүлэн шалгуулж эхэлсэн гэж мэдэгдэж байна.

УБТЗ-ын эрх бүхий албан тушаалтанд холбогдох энэ хэрэг ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар луу чиглэж байна. Учир нь ЗТХ-ийн дэд сайд Л.Халтарын эхнэр Ц.Ганзул нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээвэр зохион байгуулалтын албан ерөнхий инженерийн албан тушаалыг хашдаг. Тэрбээр вагоноор зөөх ачаа тээвэрлэлтийн төлөвлөлт, хуваарийг гаргаж батлуулдаг гол албан тушаалтан юм. Харин хэрэгт холбогдон саатуулагдаад байгаа С.Батдөл нь Ц.Ганзулын гаргасан ачаа тээвэрлэлтийн хуваарь, төлөвлөлтийг баталж гарын үсгээ зурж баталгаажуулдаг албан тушаалтан. Тэгэхээр энэ хэрэгт С.Батдөлөөс гадна Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарын эхнэр Ц.Ганзул холбогдож болзошгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл С.Батдөл төмөр замын ачаа тээвэрлэлтийн төлөвлөлт хуваарийг батлахдаа аж ахуй нэгжүүдэд давамгай байдал үүсгэж хахууль авсан бол дэд сайд Халтарын эхнэр Ц.Ганзул ч холбоотой болж таарна. Тиймээс иргэн Ж.Энхбат ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар болон гэр бүлийн хүмүүсийнх нь эрхэлж байгаа ажил албан тушаалууд нь авлигын эсрэг хуультай үл нийцэж ашиг сонирхлын зөрчил үүсч байна гэж үзэн хуулийн дагуу шалгаж өгөх хүсэлтийг АТГ-т хүргүүлсэн. Тэгвэл АТГ-аас түүний бүрдүүлсэн материал, хүсэлтийг шалгаж үзээд хэрэг бүртгэлт нээж проукурорын байгууллагад хүргүүлсэн гэж иргэн Э.Энхбат мэдэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу