Учир битүүлгээр амиа алдсан Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Ганжаргалын ар гэрийнхэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын үүдэнд өнөөдөр (2023.10.17) суулт зарлаж, олон нийтэд мэдээлэл өглөө.

Талийгаачийн аав: “Шалтгаан нөхцөлийг үнэн зөвөөр нь тогтоогоод өгөөч гэж сүүлийн удаа хүсэж байна”

 Хүү минь албан үүргээ гүйцэтгэж яваад нэгэн амралтын газар харамсалтайгаар амь насаа алдсан байдаг ч нотолсон бодитой мэдээлэл гараагүй байна. Амиа хорлосон шалтгаан нөхцөлийг үнэн зөвөөр нь тогтоогоод өгөөч гэж сүүлийн удаа хүсэж байна.

Тухайн үед маш олон тооны зулгаралттай, тархи нь бяцралттай байсан. Унасан гэж нотлох баримт үнэхээр хангалтгүй байна. Хэн ч хараагүй, хэн ч нотолж чадахгүй байгаад л гомдолтой өдийг хүрлээ. Японы шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд хүртэл бидэнд шинжлэх ухааны үндэслэл тайлбарлаж өгсөн. 80 кг жинтэй, 170 см өндөртэй хүн өндрөөс унахад үүсэх гэмтлийн зэргийг бидэнд үндэслэлтэйгээр явуулаад, өндрөөс унаагүй байна аа гэж захиж хэлсэн. Одоо хүртэл шийдэж, нотолж чадахгүй байгаа энэ хэргийг нэг тийш нь болгож өгөхгүй бол суулт зарлана.

Талийгаачийн  найз: Хэрвээ өөрөө унасан бол тэр балконы хаалга нээлттэй байх байсан

Өндрөөс унасан хүн ийм хэмжээний зулгаралт бэртэл авах боломжгүй гэж бид үзэж байна. Хэрэг өөр газар үйлдэгдээд зөөвөрлөгдөж ирсэн байж болзошгүй байгаа юм. Цонхны харалдаа байсан генератораас хоёр метрийн зайд хэвтэж байхад олсон нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Хамт байгаа хүмүүст нь “Танай цонхноос хүн уначихжээ” гэж мэдэгдэхэд балконы хаалгаа нээгээд гарч ирсэн. Хэрвээ өөрөө унасан бол тэр балконы хаалга нээлттэй байх байсан. Энэ бүх үл ойлгогдох хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөч ээ л гэж хүсэж байна.

Талийгаачийн  дүү: “Хэрэг гарах үед хамт байсан эмч найзууд нь шинжээчийн багт орох гээд улайраад байна”

Хэрэг гараад удаагүй байхад хэргийг хаах гэж оролдсон. Анхнаасаа яагаад хаах гэж яаравчлан оролдов. Хэргийг шалгах эд мөрийн баримт дутуу бүрдүүлсэн байж хаах гэж байсан. Хэрэг гарах үед хамт байсан эмч найзууд нь шинжээчийн багт орох гээд улайраад байна. Гэрийнхээ хүнийг алдсандаа ингээд байгаа юм биш. Хэрэг бүхэн балартаж сарниж алга болох ёсгүй. Үнэн мөнөөрөө шийдэгдэх ёстой.

Талийгаачийн эхнэр:Монголд өнөөдөр өндрөөс унасан хүн болгоныг золгүй явдал болгоод өнгөрөөдөг”

Гурав дахь удаагийн дахин шинжилгээний багт нүүр ам судлалын салбарын хүмүүсийг оруулах гэж байсан. Би эсэргүүцсээр байгаа. Талийгаачтай хамт байсан хүмүүс энэ салбарт ажилладаг. Тухайн хэрэг гарахад хамт байсан хүмүүс нь шинжилгээний багт томилогдсон байсан. Хавтаст хэргийн материал алдагдаж, задрах вий гэж би айж байгаа юм. Олон нийтэд хандаад эсэргүүцээд, хэвлэлд мэдээлээд эхлэхээр тэр дор нь цуцалсан. Гурван сар хөөцөлдөөд хасаагүй хэр нь олон нийтэд ил болохоор хасаж байгаа нь хардлага төрүүлж байна.

Монгол Улсын урдаа барьдаг физикчид оролцохыг хүссэн ч Хууль зүй, дотоод хэргийн сайдын шинээр гаргасан журмын дагуу шинжилгээний багт оруулаагүй. Тэр даруйд нь би хэвлэлд хандсан. Мөн л тэр даруйд батлаад өгчихсөн. Гэтэл хичээл сургууль амарч, байцаагч нь амралтаа аваад явчихсан. Тэгээд энэ хэрэг дахин замхарчихсан.

Бүх материал мэдээллээ би хэвлэлийнхэнд өгье. Та бүхэн минь чадахаараа туслаад, оролцоод өгөөрэй. Яагаад заавал олон нийтэд хандсаны дараа энэ хэрэг дээр ажиллаад байгаа юм бэ?

Монголд өнөөдөр өндрөөс унасан хүн болгоныг золгүй явдал болгоод өнгөрөөдөг. Дэлхий дахинд үүнийг тогтоодог болчихсон. Монголд үнэхээр тогтоож чадахгүй юм бол тогтоож чаддаг хүмүүс гадаадад байна. Гадаад улсаас хууль зүйн туслалцаа авъя. Монголд угаасаа туршлага мэдлэг юу ч байхгүй юм байна. Ганцхан манай хэрэг биш. Маш олон харамсалтай хэрэг Монголд болж байсан. Тэр бүх хүмүүсийг хамтраад дуу хоолойгоо хүргээсэй гэж хүсмээр байна.

Талийгаачийн ар гэрийнхэн ойрын хугацаанд нааштай хариу өгч, дахин шинжилгээг үр дүнтэй болох хүртэл холбогдож, албаныханд шаардлага хүргүүлсээр байна гэдгээ мэдэгдлээ. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу