ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бээжинд хоёр өдөр буюу аравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд айлчлахаар хүрэлцэн ирээд байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал шахуу хуваарьтай ажээ. Путин айлчлалынхаа эхний өдөр “Нэг бүс-Нэг зам” олон улсын гуравдугаар чуулга уулзалтад оролцохоор ирсэн Вьетнамын Ерөнхийлөгч Во Ван Тхуонг, Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Сетта Тависин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тхонглун Сисулит нартай хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.

“Нэг бүс-Нэг зам” олон улсын гуравдугаар чуулга уулзалтын гол арга хэмжээ аравдугаар сарын 18-нд Тяньаньмэний талбай дахь Ардын их хурлын ордонд болох бөгөөд Путин тус арга хэмжээний нээлтэд оролцох аж.

Лхагва гарагт Орос-Хятад хоёр улс хэлэлцээ хийх бөгөөд үүний дараа форумын хүрээнд хоёр талын уулзалтууд үргэлжлэх юм байна. Мөн Путин Пакистаны шилжилтийн засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Анвар-ул-Хак Какартай уулзахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу