Цэцэрлэгийн насны хүүхэдтэй ээж, аавуудын хувьд хүйтний улирал гэдэг хамгийн айдастай үе билээ. Хүүхдээ ханиад хүрэхэд нь арайхийн эдгээнэ. Хэд хоногийн дараа дахиад л өвдөнө. Ийм байдлаар өвлийн саруудыг ханиадтай “тулалдаж” өнгөрүүлдэг ээжүүд халширч, үгээ хэлж сууна. Тиймээс бид ханиад, томууны талаар мэргэжлийн эмчээс тодрууллаа.

Б.Мөнгөнчөдөр эмч “Бүжинмед” хүүхдийн эмнэлэгт ажилладаг. Төв замаас зайдуу байрны нэг давхарт байрлах тус эмнэлэгт оочер дараалал их ажээ. “Б.Мөнгөнчөдөр эмч байгаа юу” гэсээр ээжүүд хүүхдээ дагуулан орж ирсээр байв. Үүнээс түүнийг ажилдаа хэр сайн эмч вэ гэдгийг нь шинжиж болох юм. Түүний өгсөн зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу. 

               

-Хүүхдүүд ханиад, томуугаар өвчлөх тохиолдол ихэсчээ. Гол нөлөөлж буй шалтгааны талаар эхлээд ярихгүй юу? 

-Ханиад гэдэг вирусийн гаралтай халдварт өвчин. Ойрын жишээгээр тайлбарлавал, коронавирустэй хүнтэй уулзахаар халдвар авдаг. Үүний шалтгаан нь коронавирус цоо шинэ төрлийн вирус учраас хүмүүс бие биедээ халдааж байгаа юм. Үүнтэй адил өмнө нь ханиад тусаж байгаагүй гурав хүртэлх насны хүүхдүүд ханиадтай хүнтэй уулзсан тохиолдолд халдвар авна гэсэн үг. Тэгэхээр ханиадтай хүнтэй уулзсан л бол ханиад хүрнэ.

Ээжүүд хүүхдээ ханиад хүргэхгүй байх шидэт ус шиг зүйл хайгаад байна. Үүнийг нь ашиглаж, зарим хүн ашиг олж байна. Жишээлбэл, мөнгөжүүлсэн ус. “Ханиадыг нам дарна”, “Дархлааг маш сайн дэмжинэ” гэх мэт зарууд явдаг. Мөнгөжүүлсэн ус уугаад ханиад хүрэхгүй байх үндэслэл байхгүй. 

Тэгэхээр хүүхдээ янз бүрийн бүтээгдэхүүнээр эмчлэх арга хайхаасаа өмнө дархлааг нь хэрхэн дэмжих талаар мэдлэгтэй болох ёстой. Зургаан настай хүүхэд нэгдүгээр ангид ороод А, Б, В гэх мэтээр цагаан толгойн 35 үсгийг тус бүрд нь цээжилсний дараа холбож, уншиж сурдаг. Үүнтэй адил хүүхдэд дархлаа тогтоохын тулд ханиадны вирусийг нэг нэгээр нь авахуулах ёстой. Хүүхэд өвдөж, эдгэрч явсаар Монголд байдаг ханиадны 200 орчим вирусийг дуусгасны дараа тав, зургаан настай болохоороо ханиад хүрэхээ больж эхэлдэг. Эрсдэл нь буурдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүний дархлааны систем нянг зөвхөн алж устгадаггүй. Гаднаас орж ирсэн вирусүүдээр өвдөөд, тэднийг таньж авдаг юм. 

Үнэхээр ханиад хүргэхгүй байя гэвэл ханиадтай хүнтэй уулзуулахгүйгээр гэртээ байлгаж, өөр хүнтэй ойртуулахгүй байх хэрэгтэй. Гэхдээ таны хүүхэд цаашдаа нийгмийн харилцаанд орох нь ойлгомжтой. Тухайлбал, хүүхдээ цэцэрлэгт явуулахгүй таван жил гэрт нь байлгалаа гэж бодъё. Зургаа дахь жилээс нь сургуульд өгөх болно. Тэр үед олон төрлийн ханиад авч эхэлдэг.

-Бага насны хүүхэд, тэр дундаа 1-3 насны хүүхдүүд ханиад хүрэх нь хэвийн үзэгдэл гэсэн үг үү?

-Тийм. Хүүхэд жилд 6-8 удаа ханиад хүрэх нь хэвийн үзэгдэл гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг. Манай хүүхэд цэцэрлэгт явлаа гэж бодоход найз Доржоос нэг, Дондогоос нэг, Батаас нэг гээд олон төрлийн ханиадны вирус нэг зэрэг авч болно. Энэ бүх вирусийг авч ханиад хүрээд, эдгэрнэ. Том болохоороо тэр вирусээр өвдөхөө болино гэсэн үг. Харин эмч нар, ээж аавууд тухайн хүүхдийн ханиадыг хүндрүүлж, хатгаа болгохгүй л байх ёстой.

-Ханиадыг хүндрүүлэхгүйн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Зуны улиралд сайн борогшсон хүүхэд өвөл ханиад хүрэх нь бага. Тиймээс зун агаар, салхинд гаргаж, цагаан идээ өгөх ёстой. 21:00 цагаас хойш хүүхдийн дархлааны систем идэвхждэг учир эрт унтуулах хэрэгтэй. Мөн чихэр, амттан их иддэг хүүхдүүдийн ханиад хүндэрдэг. Тиймээс амттан бага өг. Бодисын солилцоо буюу дархлааны систем цусаар дамждаг учраас цусанд дахь шингэн эсүүдийг байнга сэлгэж, шингэн сайн уулгах хэрэгтэй.

Эмийн эмчилгээний тухайд гэвэл, хүүхдийн яс, сэтгэцийн хөгжил, дархлааны систем зэргийг бүрэн үйл ажиллагаа явуулахад тус болдог учир D витаминыг байнга, заавал уулгах ёстой. Мөн хүн даарах үед дархлаа нь унадаг. Даарсан хүүхдийн өвчин тусах эрсдэл нэмэгдэж, хүндэрдэг. Тиймээс дааруулахгүй байх хэрэгтэй. Халуун ваннд суулгах, хөлийг нь давстай дүрлэгт дүрэх, бариа хийх зэрэг гэрийн нөхцөлд дархлаа сэргээх аргуудыг хавсарч хийж бас болно.

Өвдөхөөс сэргийлэх өөр нэг арга бий. Агаарт байгаа вирус хамгийн эхлээд хамар руу орно. Ингээд хамраас нус гоожиж эхэлнэ. Энгийн үгээр тайлбарлавал, хамар руу орсон ханиадны 10 ширхэг вирус 1000 болж байж нусыг нь гоожуулж, ханиад үүсгэдэг. Тиймээс хамрыг нь сайн цэвэрлээд байвал ханиад хүрэх эрсдэл буурна. Хүрсэн ч хөнгөн өвдөөд, эдгэнэ. 

-Эцэг, эхчүүд ханиадны талаар ямар буруу ойлголттой байдаг вэ?

-Хүүхэд нь даарснаас болж ханиад хүрлээ гэж эцэг, эхчүүд боддог. “Өчигдөр хүүхдээ аваад гадаа гарчихсан. Тэрнээс болоод даараад, ханиад авчих шиг боллоо” гэж ирдэг. Энэ буруу ойлголт. Өвлийн хүйтэнд хоёр, гуравхан сартай нялх хүүхдээ даартал нь гадаа байлгана гэж байхгүй. Ханиад хүйтнээс болдог өвчин биш, халдвар. Үүнийг л маш сайн ойлгох хэрэгтэй. Та хүүхдээ гадаа авч гарснаас биш, ханиадтай хүнтэй ойр байлгаснаас болж өвдсөн гэсэн үг. 

-Энэ аравдугаар сард ямар төрлийн ханиад зонхилж байна вэ?

-Жил бүрийн есөөс арваннэгдүгээр сарын хооронд хамар нусгайруулж, нүд нуухтуулж, хоолой сөөлгөдөг төрлийн ханиад их гардаг. Тухайлбал, адено вирус нүд нуухтуулж, хоолой сөөлгөдөг. Рино нь нус гоожуулдаг. Яг энэ цаг үед дээрх хоёр вирусийн ханиад элбэг байна. Эдгээрийн уушгийг хатгаа болгох чадвар харьцангуй сул. 

Харин арванхоёроос нэг сарыг дуустал томуу дэгддэг. Энэ томуугийн вирусийг аваад 5-7 хоноход л хатгаа болчихдог. Зундаа борогшуулаагүй, дархлаа султай хүүхдүүд хоёр хоноод л хүндэрч, хатгаа болдог. Ийм томуунаас сэргийлэхийн тулд вакцин хийлгэх шаардлагатай. 

-Ээжүүд ханиад эмчлэх уламжлалт аргуудаас бие биетэйгээ хуваалцдаг. Аяга сүүнд хушны самар хийгээд буцалгаж өгөх, шар тосоор иллэг хийх гэх мэт. Энэ бүхнийг ашиглаж болох уу?

-Би европ анагаах ухааны эмч. Уламжлалт анагаахын талаар яримааргүй байна. Гэхдээ шээсээ уулгадаг бол буруу. 

-Хүүхэд нь өвдөхөөр ээжийнх нь шээсийг уулгах сайн гэцгээдэг. Тэрийг хэлж байна уу?

-Тийм. Би хувийн фэйсбүүк хаягтаа энэ тухай пост оруулаад, олон хүн загнасан. “Би уугаад өссөн. Буруудаагүй л байна” гээд эхэлсэн. Хүн ямар нэгэн шингэн зүйл уугаад, түүнийх нь хэрэггүй хэсэг бөөрөөр ялгарч шээс болж гардаг. Тэгэхээр биедээ хэрэггүй болсон зүйлийг хүүхдэдээ уулгаж байна гэсэн үг. Энэ нь ямар ч үр дүн өгөхгүй. 

-Цахимаас “Хоолой өвдвөл зайрмаг ид гэж Их Британийн эмч зөвлөдөг” гэх утгатай пост уншсан. Анагаах ухаан талаасаа ийм зүйл байж болох уу?

-Эхлээд хоолой өвдөх шалтгааныг тайлбарлая. Би гараа зүслээ гэж бодъё. Зүссэн шарх маань юунаас болж идээлэх вэ?

-Бохир орсноос болж…

-Яг үүнтэй адил ам руу бохир орвол хоолой идээлдэг. Тэгэхээр хүйтний нөлөөнөөс болж хүүхдийн хоолой өвддөггүй. Тэр хүүхдийн ам руу бохир орсноос, шүд нь хорхойтой учраас хоолой нь идээлж байгаа юм. 

Ээж, аавууд шүд хорхойтчихсон, ам нь өмхий байж хүүхдэдээ хоол өгөхдөө үлээж, халбагыг нь долоож, уруул дээр нь үнсээд байдаг. Үүнээс болж хүүхдийн хоолой идээлдэг.

-Хүйтэн огт нөлөөлдөггүй гэж үү?

-Тодорхой хэмжээнд нөлөөлнө л дөө. Хүйтэн агаар хэсэг газрын дархлааг унагаж, өвчин хүндрэхэд нөлөөлдөг. 10 хүүхэд гадаа даараад зогсоход нэг, хоёрынх нь хоолой өвдөж, бусдынх нь өвддөггүй. Үүний шалтгаан хоолой нь өвдсөн хүүхдүүдийн ам бохир, шүд хорхойтой байсан гэсэн үг. Уг нь хүйтнээс болсон бол бүгдийнх нь хоолой өвдөх ёстой шүү дээ. Товчилбол, амны хөндийн ариун цэвэр муугаас болж хүүхдийн хоолой өвддөг учир зайрмаг идсэн ч хоолой нь өвдөхгүй байх боломжтой. Гэхдээ өвдсөн үед нь зайрмаг өгөхийг эсэргүүцнэ. 

-Сүүлийн асуултыг таны мэдэлд үлдээе!

-Хүүхдийг үзээд, өөрт нь тохирсон арга барилаар эмчлэх учраас эмийн эмчилгээний талаар энд ярих боломжгүй. Тиймээс дээрх дархлаа дэмжих аргуудыг хэрэглээд, хүүхдийн тань ханиад эдгэхгүй бол даруй эмчид үзүүлээрэй. 

Б.ХОНГОРЗУЛ

2 САНАЛ

  1. Ийм худал мэдээлэл хийх ямар хэрэгтэй вэ хаха арга байж уу та нарт үзүүлэр хүүхэд байхгүй болчихоор чинь 🤣

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу