Арабын хэвлэлүүд өнгөрсөн Мягмар гарагт Израилийн агаарын цэргийн хүчний харвасан пуужингийн цохилтод Газын зурвас дахь эмнэлэг өртсөн талаар мэдээлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, нас барсан болон шархадсан хүний ​​тоо 800 давсан байна.

“Al Hadath” телевизийн мэдээлснээр, Израилийн Агаарын цэргийн хүчин Газын зурвасын төв хэсэг рүү хэд хэдэн довтолгоо хийжээ. Тус довтолгооны үеэр “Аль-Маамадани” эмнэлэг пуужингийн цохилтод өртсөн байна. Эмнэлгийн эх сурвалжийн мэдээлснээр, амиа алдагсдын тоо 300 давжээ.

Өмнө нь Палестины Эрүүл мэндийн сайд Мэй Кайле “Аль Хадат” телевизэд хэлэхдээ, Израилийн командлал ХАМАС-ын эсрэг цэргийн ажиллагаагаа идэвхжүүлж, Газын зурвас дахь 20 эмнэлгийн ажилтнуудаас ажлын байраа орхин гарахыг шаардсан байна.

НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар (OCHA)-аас “Палестин-Израилийн мөргөлдөөн хурцадсаны улмаас Газын зурваст дотоод дүрвэгсдийн тоо 1 саяд хүрлээ”  гэж мэдээлэв.

OCHA “Мөргөлдөөн эхэлснээс хойш дотоод дүрвэгсдийн тоо 1 саяд хүрснээс 352 мянга гаруй нь НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд туслах агентлагийн төв болон өмнөд хэсэгт байрлах сургуулиудад, 55 мянга орчим нь өөр 51 хоргодох байранд амьдарч байна” гэж тэмдэглэжээ.

OCHA мөн Газын зурвас дахь дэлгүүрүүд ердөө 4-5 хоногийн хоол хүнсний нөөцтэй байна” гэж мэдэгдсэн байна.

ХАМАС бүлэглэлийн хувьд Израилийн агаарын цэргийн хүчин эмнэлэг рүү халдсаныг геноцид буюу “аймаглан устгах” гэмт хэрэг гэж үзэж байгаа аж.

Израилийн батлан ​​хамгаалах хүчнийхэн “Палестины бүс нутгаас пуужин харвасны улмаас Газын эмнэлгүүдэд томоохон дэлбэрэлт болсны хариуцлагыг Исламын жихад байгууллага хариуцна” гэж мэдэгджээ.

Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас тус улсад гурван өдрийн гашуудал зарлажээ. “Al Mayadeen” телевизийн сувгийн мэдээлснээр, тэрбээр аравдугаар сарын 19-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хийх уулзалтыг хүлээлгүй Амманаас гарч, Рамалла руу яаралтай буцаж ирсэн байна.

Палестины Эрүүл мэндийн сайд Мэй Кайле НҮБ, олон улсын болон хүмүүнлэгийн байгууллага, дэлхийн бүх улс оронд хандан Палестины ард түмнийг Израилийн эрх баригчдын явуулж буй геноцидын бодлогоос аврахыг уриалжээ.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Газын зурвас дахь эмнэлэгт олон тооны хүний ​​амь эрсэдсэн халдлагад Израилийн цэргийнхэн оролцсон гэх мэдэгдлийг няцаасан байна. Түүний хэлснээр, энэ дэлбэрэлт террористуудын хийсэн ажил аж.

ХАМАС хөдөлгөөний тэргүүн Халед Мешал лалын шашинтнуудад хандан, дэлхийн өнцөг булан бүрт байгаа Израилийн Элчин сайдын яамдын өмнө жагсаал зохион байгуулахыг уриалжээ.

Газын Эрүүл мэндийн яамнаас “Эмнэлэг халдлагад өртсөний улмаас амиа алдсан хүмүүс бүгд энгийн иргэд байсан” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу