УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг санаачилж, иргэдээс санал авахаар D-өргөдөл системд байршуулсан билээ. 

Уг хуулийн төслийг 100 мянган иргэн дэмжиж, гарын үсэг зурвал УИХ-аар хэлэлцэх юм. Үүнд одоогоор 45 мянга орчим хүн саналаа өгчээ. 

Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох боломжгүй талаар мэдэгдэж, УИХ-ын даргын гаргасан шийдвэрт гайхаж буй талаараа хэвлэлд ярилаа. 

Тэрбээр “Ерөнхийлөгчтэй хамт Франц руу явчихаад иртэл НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх талаар асуудал хөндөгдөөд, өндрөө авчихсан байна. Энэ бол гэнэт шийдэх боломжгүй, татварын тогтолцооны асуудал. Татварт өөрчлөлт орсноос татварын суурьд ямар нөлөө үзүүлэх вэ зэрэг олон талын судалгаа хийж байж шийднэ. Манай яам энэ талаар судалгаа хийж, санал дүгнэлтээ танилцуулахад бэлэн.

Ер нь татварын асуудлыг олон нийтийн санал асуулгаар шийдэх нь зөв эсэхийг бодох хэрэгтэй. “Татвар авах гэсэн юм. Та хэдэн төгрөг төлмөөр байна вэ” гэж татвар төлөгчөөс асуувал юу гэж хариулах нь ойлгомжтой. Надаас бусад нь бүх хүн НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг дэмжих байх.

НӨАТ-ын орлого төсвийн орлогын 25 хувийг бүрдүүлдэг. Ирэх жил 28 хувь руу дөхнө. Буцаан олголт 400 тэрбум руу дөхөж очих тооцоолол гарсан. Хэрэв 5 хувь болговол нэмж 600 тэрбум төгрөг хэрэгтэй болно. Нийт 1 их наяд төгрөг гэсэн үг. 

Ирэх оны төсөв өргөн барьчихсан, маргааш эхний хэлэлцүүлгээ хийх гэж байна. Ийм үед 600 тэрбум төгрөгийн төсвийн орон зай гаргах ямар ч боломжгүй. Төсвийн алдагдлаа нэмэхээс өөр аргагүйд хүрнэ” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу