Газын эмнэлэгт дэлбэрэлт болсны улмаас олон зуун хүн амиа алдсан. Үүний дараа Ойрхи Дорнодод хурцадмал байдал даамжирч, Лхагва гараг (2023.10.18)-т газрын тосны үнэ өсөв.

“Брент” төрлийн газрын тосны фьючерс 1.75 ам.доллар буюу 2 хувиар өсөж, нэг торх нь 91.65 ам.доллар болов. Баруун Техасын түүхий газрын тосны (WTI) фьючерс 1.91 ам.доллар буюу 2.2 хувиар өсч, нэг торх нь 88.57 ам.долларт хүрчээ.

Өмнөх арилжаагаар жишиг үзүүлэлтүүд 2 ам.доллараас давж, хоёр долоо хоногийн хамгийн дээд түвшинд хүрсэн байна.

Газа хотын эмнэлэгт өнгөрсөн Мягмар гарагт болсон дэлбэрэлтийн улмаас олон зуун палестин амиа алдаж, Израйль, Палестины албаныхан бие биенээ буруутгаж, зах зээлүүд эрсдэлийн урамшууллыг тооцжээ. Улмаар Йордан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Египет, Палестины удирдагчидтай хийх дээд хэмжээний уулзалтаа цуцлаад буй юм.

Австралийн Хамтын нөхөрлөлийн банкны шинжээч Вивек Дар “Байден болон Арабын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг цуцалсан нь Израиль, ХАМАС-ын мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэх магадлалыг бууруулж байна” гэж хэлжээ.

Газын зурваст Израиль хуурай замын дайралт хийх аюул заналхийлж байгаагаас үүдэн зах зээлүүд хэлбэлзэж байна.

Вивек Дар “Брент төрлийн газрын тосны фьючерс хэлцлийн үнийг 100 ам.доллар/торх-аас дээш гаргах хувилбар нь Израиль, ХАМАС-ын мөргөлдөөн даамжирч, Ираныг шууд татан оролцуулах эрсдэлийг нэмэгдүүлж байна” гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Лхагва гарагт Израильд айлчилж, Исламын зэвсэгт бүлэглэл ХАМАС-тай хийж буй дайнд тус улсыг дэмжиж байгаагаа харуулахыг зорьж, Цагаан ордон мөргөлдөөнийг даамжруулахыг хүсэхгүй байгаагаа тодорхой илэрхийлнэ гэж мэдэгдсэн байна.

Америкийн Газрын тосны хүрээлэнгээс өнгөрсөн Мягмар гарагт гаргасан тоо баримтаас харахад, тус улсын түүхий газрын тосны нөөц 4.4 сая торхоор буурчээ. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсан 300,000 торх олборлолтоос огцом буурсан үзүүлэлт юм.

Эрэлт талаас нь авч үзвэл, Хятадын эдийн засаг гуравдугаар улиралд хүлээгдэж байснаас илүү хурдацтай өсчээ. Лхагва гарагт гарсан албан ёсны мэдээллээс харахад, Хятадын сүүлийн үед хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ нь урьдчилсан сэргэлтийг нэмэгдүүлж байгаа аж.

Хятадын албан ёсны мэдээллээс үзэхэд, өнгөрсөн есдүгээр сард тус улсын газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээмж өдөр тутамд дээд амжилт тогтоож, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хувиар өссөн байна.

“Алтан долоо хоногийн баяр”-ын үеэр тээврийн түлшний эрэлт хэрэгцээг хангахын тулд боловсруулах үйлдвэрүүд хурдаа нэмэгдүүлж, үйлдвэрлэлээ сайжруулжээ. Гэвч үл хөдлөх хөрөнгийн салбар удаашралтай хэвээр байгаа тул шинжээчид Хятадын эдийн засгийн өсөлтөд болгоомжтой хандаж байна.

“Moody’s Analytics”-ийн эдийн засагч Харри Мерфи Круз “Есдүгээр сарын тоо баримт нь Хятад улс энэ онд “5 орчим хувийн” өсөлтийн зорилтоо биелүүлнэ гэсэн баталгаа өгч магадгүй. Энэ нь түүнийг сайжруулахын төлөө тэмцэнэ гэсэн үг. Эдийн засгийн сэргэлт дөнгөж эхэлж байна” гэж хэлсэн байна.

Үүний зэрэгцээ есдүгээр сард АНУ-ын жижиглэнгийн худалдааны хэмжээ хүлээгдэж байснаас илүү өссөн нь оны эцэс гэхэд Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ дахин өсгөнө гэсэн хүлээлт үүсгэв. Инфляцийг бууруулахын тулд зээлийн хүүг өсгөх нь эдийн засгийн өсөлтийг удаашруулж, газрын тосны эрэлтийг бууруулах талтай юм.

Эх сурвалж: REUTERS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу