Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар У.Алтанзаяа, Г.Болдбаатар, Х.Чинтуяа, О.Отгонтуул, Б.Пүрэвдолгор, Б.Ануударь нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны аравдугаар сарын 18-ны өдөр хэлэлцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд прокурорын бичсэн эсэргүүцэл хамаарахгүй.

Иймд уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж буй юм.

Хэргийг сануулбал, У.Алтанзаяа, Г.Болдбаатар, Х.Чинтуяа, Б.Ануударь, Б.Отгонтуул, Б.Пүрэвдолгор нарт холбогдох, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэн ашигласан хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн ял шийтгэсэн.

Эхнэр нөхөр болох У.Алтанзаяа, Г.Болдбаатар нар цахим орчинд НӨАТ-ын падаан худалдах зар байршуулан, 2017-2021 оны хооронд давхардсан тоогоор 1570 аж ахуйн нэгжид хуурамч баримт борлуулж, компаниудыг татвар төлөхөөс зайлсхийх боломж олгон, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан нь ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчдийн шалгалтаар тогтоогдсон байдаг.

Тэд 2017-2021 оны хооронд “Мөнх тэнгэр констракшн”, “Дөл ананд констракшн”, “Алтангадас майнинг”, “Дөл ойл”, “Имаралт зоне”, “Пи и си констракшн”, “Эй ти эс и”, “Ананд финанс” зэрэг ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй компанийн эрхийг худалдан авч, 1537 аж ахуйн нэгжид ямар нэг бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй, ажил үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа 187.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7525 ширхэг НӨАТ-ын падааныг татварын байгууллагын программд оруулж, 18.7 тэрбум гаруй төгрөгийн татвараас зайлсхийсэн гэмт хэрэгт үйлджээ.

Тэд Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Про ван” (Pro one) оффист өрөө түрээслэн хуурамч падаанаа бэлтгэн борлуулж байсныг ч хууль сахиулагчид тогтоосон байдаг. Улмаар эл гэмт хэргийг үйлдэж олсон мөнгөөрөө У.Алтанзаяа, Г.Болдбаатар нар Сүхбаатар дүүргийн нутаг, 11 дүгээр хороололд хоёр орон сууц, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь 1.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй “Алтан хөндий цогцолбор” хэмээх амралтын газрыг эд хөрөнгийн хамт, хүүхдүүдийнхээ нэр дээр “Рэнж ровер”, “Тоёота хариер”, “Тоёота кроун” зэрэг автомашин худалдан авч ашиглаж байжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс У.Алтанзаяа, Г.Болдбаатар нарыг Эрүүгийн хуулийн 18.3-1, 18.6-2.2, 18.7-1 дэх хэсэгт заасан татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан гэм буруутайд тооцсон юм.

У.Алтанзаяаг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид долоо, Г.Болдбаатарыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид таван жил хорихоор шийдвэрлэжээ. Үүнээс өмнө У.Алтанзаяа нь НӨАТ-ын хуурамч падаантай холбоотой хэргийг шалгаж байсан мөрдөгч Ц.Б-т “айфоне 11” гар утас, бензиний мөнгө гэх байдлаар 420 000, нөхөр Г.Болдбаатараар дамжуулж 50 мянган төгрөгийн хахууль өгч өөрт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар мэдээлэл авч байсан үйлдэлдээ долоон сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.

Хахууль авсан мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Б-т 12 сая төгрөгөөр торгох ял оноосон байдаг. Татвар төлөхөөс зайлсхийсэн, онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан гэм буруутай нь тогтоогдсон О.Отгонтуул, Б.Пүрэвдолгор, Х.Чинтуяа нарт эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид нэг жил зургаан сар хорих, Б.Ануударьд 5.4 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу