ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Бээжинд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийх үеэрээ “Орос, Хятадын худалдааны эргэлт энэ оны эцэст 200 тэрбум ам.доллар давна” гэж мэдэгджээ.

Тэрбээр “Та сая манай хоёр орны худалдааны эргэлтийг энэ онд 200 тэрбумд хүргэх зорилтын тухай дурдлаа. Жилийн өмнөхтэй харьцуулбал манай хоёр орны худалдааны эргэлт 200 тэрбум аль хэдийнэ хүрсэн байна. Жилийн эцэст энэ тоо гарцаагүй давах болно” гэж хэлжээ.

Хятадын төрийн тэргүүн хоёр талын худалдаа түүхэн дээд хэмжээнд хүрч, улс төрийн итгэлцэл улам гүнзгийрч байгааг тэмдэглэсэн байна. Ши Жиньпин “Хоёр орны стратегийн ойр дотно, үр дүнтэй хамтын ажиллагаа хадгалагдсаар байна. 2013 оноос эхлэн арав гаруй жилийн хугацаанд ноён Ерөнхийлөгч та бид хоёр 42 удаа уулзаж, ажил хэрэгч сайн харилцаа, хувийн нөхөрлөлийн бат бэх харилцаа тогтоосон” гэж онцолжээ.

Путин Хятадын эдийн засгийн амжилтын талаар ярихдаа дэлхийн нэг ч удирдагч төлөвлөгөөгөө хэрхэн биелүүлэхийг 100 хувь мэддэггүй ч БНХАУ сайн ажиллаж байгааг тэмдэглэжээ.

Оросын удирдагч “Бид танд болон энэхүү өргөн харилцаанд оролцож буй бүх хүнд маш их талархаж байна. Учир нь хүн бүр үр шимийг нь хүртдэг” гэж хэлсэн байна.

Путин “Нэг бүс, нэг зам” олон улсын III форумд оролцохоор Бээжинг зорьсон. Тэрбээр уг арга хэмжээнд хүндэт зочноор оролцож, Ши Жиньпиний дараа хоёрдугаарт үг хэлсэн билээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI, RT
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу