УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэхүү хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэж буй юм.

Хуулийн төсөлд:

-Бага насны хүүхдийг хүчиндэх, алах, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 жил болгох,

-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийг эсрэг үйлдэгдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй,

-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бага насны хүүхдийг эсрэг үйлдэгдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэг болон авлигын гэмт хэрэг үйлдсэн ялтныг хорих ялын хугацаанаас өмнө суллахгүй,

-Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох,

-Бага насны хүүхэд гэдэг Эрүүгийн хуулийн ойлголт 14 нас байсныг 16 нас болгож нэмэгдүүлэх өөрчлөлтийг тусгажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хуулийн төсөл, байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ: -Нууцлалтай холбоотой асуудлаа ялгаж, тодруулах хэрэгтэй байна. Нууцалбал зохих баримт мэдээлэл гэдгийг тодорхой болгохгүй бол бүх зүйл нууц болох гээд байна. Төсвийн хөрөнгөөр барьж байгаа бүтээн байгуулалт, автосны тендер ч гэсэн нууц болоод байна. Юуг нууц гэх вэ, юуг нууцад оруулахгүйгээ тодорхой болгох хэрэгтэй байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР: -Мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг нь тухайн гэмт хэргийг илрүүлэх, гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор нууцалж, нөгөө талаар илрүүлэх зорилгоор тактикийн асуудлыг нууцалдаг. Тухайлбал, Т.Бадамжунай гэдэг хүнийг баривчлах, саатуулах, шалгах ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад тэр хүн хоёр хоногийн дараа Замын-Үүд боомтоор хил гараад явчихсан. Түүнээс хойш найман жилийн дараа тэр хүнийг бөөн хүч хөдөлмөр болж байж сая саатуулж авчирсан. Хэрэг илрэхгүй болдог, төөрөлддөг, замхардаг асуудал гардаг учраас мөрдөн шалгах ажиллагааг нууцлах нь хэргийг шуурхай илрүүлэх, гэрч, хохирогчийн амь насыг хамгаалах зорилготойгоор зохицуулалт хийгддэг. Нууцтай холбоотой асуудлыг нэг цэгцэлж, ойлголтоо нэг болгох, өөрчлөх ёстой гэдэгтэй санал нэг байна.

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ: -Монгол Улсад ялын бодлогыг чангатгахаар гэмт хэрэг буурдаг уу, энэ чиглэлийн судалгаа мэдээлэл байна уу? Нийгмийн асуудал үүсэхээр шууд л ялын бодлогыг нь чангаруулах нь хэр зохимжтой вэ. Бид ялын хатуу бодлоготой болчих вий. Мөн цээрлүүлэх замаар урьдчилан сэргийлэхээс өөрөөр ямар заалтууд хуулиудад орсон бэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР: -Сэтгэл хөөрлөөр эрүүгийн хуулийн ял шийтгэлд хандаж болохгүй гэдэгтэй санал нэг байна. Сошиал давлагаа, шуугианаар энэ удаагийн өөрчлөлтийг хийгээгүй. Хуучин Эрүүгийн хуулиар ял шийтгэлийн бодлого чанга байсан. Бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь хохироовол дунджаар 22 жилийн хорих ял оноодог байсан. Харин 2015-2023 оны хооронд манай ялын бодлого буурч, 10-15 жил болж буурсан байна.

Бага насны хүүхдийг хүчирхийлэх үйлдлийн 20 гаруй хувь нь дахин давтагддаг гэсэн судалгаа бий.

Сая болж өнгөрсөн асуудлын дараа нийгмээрээ хохирч, шуугихад хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар огцом өссөн. Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн үйлдэл реалити шоу биш. Энэ талаар дуцгарахгүй, мэдээлэхгүй байх нь зөв. Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээд ялаа эдлээд гарвал 10 жил цахим гав зүүж, зураг мэдээллийг нь олон нийтэд ил мэдээлдэг болно. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүн эгнээнд тавьж ажиллана.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ: -Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг орхисон байна. Согтуугаар жолоо барихад ялын бодлого ямар байх вэ. Хөдөө айраг уугаад давхиж байхад бариад авах уу. Согтуугаар жолоо барих үед хөнгөн, хүнд гэмт хэрэг гэсэн шатлал байх уу?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР: -Засгийн газрын хуралдаанаар согтуурлын доод хэмжээг тавьж өгөх асуудал яригдсан. Ингээд тавьж өгч байгаа. Бусад улсад цусанд 0.5 промилле гэдэг хэмжээ мөрдөж байНа. 0.5 промилле гэдэг нь 100 гр  цагаан архи, эсвэл 200 гр виноноос гардаг хэмжээ. Бүр эсвэл эмэгтэй хүн 330 гр пиво, эрэгтэй хүнд 500 гр пиво уухад гардаг хэмжээ. Өөрөөр хэлбэл, сая миний хэлсэн хэмжээнээс дээшилбэл, асуудалд орно гэсэн үг. Гэмт хэрэгтэн болох хэмжээ.

Би айрагны градусыг хэлж мэдэхгүй байна. Булганы айраг намар цагт ямар байдгийг Та сайн мэдэх байх. Тэгэхээр булганыхан хорио цээрт орохоор асуудал. Ерөөсөө согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддог байдлыг таслан зосгооё гэж байгаа юм. Таны эрх чөлөө байж болно. Бусад хүний эрүүл мэндэд аюул учирч болзошгүй гэж үзнэ. Бусдад хохирол учруулаагүй үйлдэл бол Таны сая хэлсэн хөнгөн гэмт хэрэг болно.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад бусдын бие мах бодид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулах, энэ гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирох, нэгээс дээш хүний амь нас хохирох гэсэн таван шатлалаар ялын бодлого чангарч байна.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах асуудал таван шатлалаар чангарч байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдын амь насыг хохироовол бүх насаар нь эрх хасна. Хүнд гэмтэл учруулбал, жолоодох эрхийг 5-8 жилээр хасна. Хүндэвтэр гэсэн шатлалтай байдлаар хуулийн төсөлд тусгасан.

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН: -Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийг чангатгах нь зөв. Эрүүгийн хуульд эцэг эхийн хариуцлагын тухай асуудал байна уу. Мөн бага насны хүүхдийн насны босгыг 14-өөс 16 болгож байгаагийн ялгаа юу вэ. Өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэрэгтэн болгох вий дээ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.ЭНХБАЯР: -Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт хүүхдээ асран хамгаалах үүргээ үл биелүүлсэн хариуцлага хүлээлгэх заалт хэрэгжиж байна. Энэ үүргээ үл биелүүлснээс болоод хүүхдэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учирсан бол дээд тал нь 2-8 жил хүртэл хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай.

АНУ болон Европын холбооны улсуудыг судалж үзсэн. Эдгээр орнуудад бэлгийн амьдралд шийдвэр гаргах чадвар чадамжийг насны заагаар тогтоож өгсөн байдаг. Туайлбалбал, Хорват, Чех, Швед, Дани зэрэг орнууд 15 нас хүрээгүй хүүхэд бэлгийн амьдралд шийдвэр гаргах чадвар чадамжгүй гэж үздэг байна.

Одоогийн хуулийн төсөлд 16 хүртэлх насны хүүхдийг бага насны хүүхэд гэж оруулсан. Тэгэхээр 14, 15 настай хүүхэд ч бага насны хүүхэд үүнд хамаарна гэсэн үг. Өмнө хуулиар 14 нас гэж байсныг 16 гэж хоёр насаар нэмэгдүүлж байна.


“СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОНЫ УЛМААС ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРСОН БОЛ ЖОЛООДОХ ЭРХИЙГ БҮХ НАСААР НЬ ХАСНА”

Согтуугаар тээврийн хэрэг жолоодсон зөрчил 2022 онд 54924 бүртгэгджээ. 2023 оны эхний есөн сарын байдлаар 33788 зөрчил гарснаас дийлэнх нь нийслэлд бүртгэгдсэн байна.

Хуулийн төсөлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 450-2700 нэгжээр торгох шатлал оруулж иржээ. Хэрэв давтан үйлдсэн бол торгуулийн хэмжээг гурав дахин нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Торгуулийн хэмжээний хувьд 1350-10,000 хүртэл нэгжээр торгох заалт оржээ. Мөн энэ гэмт хэргийн улмаас бусдын биед хүндэвтэр болон хүнд гэмтэл учирвал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 хүртэл жилээр хасах, 1-3 жилээр хорих ял шийтгэхээр тусгасан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хоёр болон түүнээс олон хүний амь нас хохирсон тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг бүх насаар нь хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр төлөвлөжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу