Ирэх жил Парист олимп болно. Их эв нэгдлийн баяр. Гэвч Монгол Улс олимпын наадамд Монгол Улсынхаа нэрийн дор оролцох уу, цагаан тугийн дор оролцох уу гэдэг маш том анхаарлын тэмдэгтэй сууж байна. WADA-гаас өгсөн зөвлөмжийн дагуу таван зөрчлөө ирэх оны нэгдүгээр сар гэхэд арилгаж чадах уу гэдэг эргэлзээтэй байгаа юм.

“Ханжоу 2023” Азийн наадамд оролцож, боксын төрөлд алтан медаль хүртсэн Б.Чинзориг, хүндийг өргөлтийн тамирчин Б.Эрдэнэзул нараас допинг илэрч, гал дээр тос нэмээтхэв.

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газартаа “нутгийн ах” Б.Бат-Эрдэнийг Спортын сайд болгож эрхлүүлсэн. Засгийн газар Парисын олимпод ингэж анхаарч байна гэж ойлгож болно. Гэсэн ч “Ба” аварга өчигдөр мэдэгдэл хийхдээ “Манай улсад допингийн асуудал олон жил ужгирсан. Иймд Азийн наадамд оролцсон Б.Чинзоригтой холбоотой асуудлаар би Боксын холбооны санхүүжилтийг зогсоохоор албан бичиг илгээгээд байна. Төрөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр допингийн асуудал гаргасан спортын холбоог дэмжихгүй” гээд хэлнэ лээ.

Допингтойгоо л тэмцэж, допинг хэрэглэсэн тамирчиндаа л хариуцлага тооцох асуудал атал олимпын боксын шигшээ багийг бүхэлд нь золигт гаргаж байгаагаа мэдэгдсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлэв.

WADA “Боксын тамирчнаас маань допинг илэрсэн учраас Засгийн газар боксын холбоогоо дэмжиж, санхүүжилт өгөхгүй” гэхээр “Цагаан тугийн дор та нар олимпод орохгүй ээ” гээд зөвлөх юм байх.

2018 оны Азийн наадамд манай тамирчин, МУГТ П.Орхоноос допинг илэрснээр алтан медалиа хураалгасан байдаг. Гэсэн ч Чөлөөт бөхийн холбооны санхүүжилтийг зогсоогоогүй. Олимп, дэлхийн медальтнууд чөлөөтийнхөн дундаас төрсөөр байсан. Одоо боксынхны санхүүжилтийг зогсоочихвол тамирчид нь бизнесийн компанийн үүд сахиж, эхсүл ард түмнээсээ хандив цуглуулж олимпдоо оролцох юм байна.

Үнэндээ Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ шиг боксчин болох хүсэлтэй бэлтгэлээ базааж буй олон тамирчны хичээл зүтгэл рүү юу ч болоогүй мэт ус цацаж суугаа ийм сэтгэлгүй Спортын сайдаар яах юм бэ.

Цагтаа жүдо бөхийн шигшээ багт багтаж, дэлхий, олимпын наадамд эх орныхоо алтан соёмбот далбааг цэнгэлдэхэд өргөж явсан их спортын тамирчин явсан цаг үеэ тэр улстөрч болоод мартсан байж таарах уу. Алдаагаа хамтдаа засаж явах ёстой байтал алдааг нь дэвсэлж, санхүүжилт өгөхгүй гэж аархаж зогсоо “Ба” аваргаас хүлээх зүйл үлдээгүй гэдэг нь харагдаж байна.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу