Израилийн цэргүүд Газын зурвасын өмнөд хэсэгт байрлах Хан Юнис хотын нэгэн орон сууцны барилгад халдсаны улмаас дор хаяж есөн палестин хүний амь хохиржээ. Энэ тухай Палестины “Al Ray” агентлаг мэдээлэв. Хохирогчдын дунд долоон хүүхэд байжээ.

Газын зурвасаас аравдугаар сарын 7-нд ХАМАС бүлэглэлийн дайчид Израилийн нутаг дэвсгэрт нэвтрэн орсноос хойш Ойрхи Дорнодын нөхцөл байдал эрс муудсан. ХАМАС энэ халдлагыг Израилийн Иерусалим дахь Аль-Акса сүмийн эсрэг явуулж буй үйлдлийн хариу гэж нэрлэж байна.

Израиль Газын зурвасыг бүрэн бүслэн хааж байгаагаа зарлаж, Ливан, Сирийн зурвас болон зарим хэсэгт цохилт өгч эхэлжээ. Баруун эрэгт ч мөргөлдөөн гарч байгаа аж.

Израиль, ХАМАС-ийн мөргөлдөөний улмаас 3.4 мянга гаруй палестин хүн амиа алдаж, 12 мянга гаруй хүн бэртэж гэмтжээ. Израилийн талаас 1.5 мянга хүртэлх хүн мөргөлдөөний хохирогч болж, 4.5 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Венесуэл улс өнгөрсөн Лхагва гарагт Газын зурвасын оршин суугчдад 30 гаруй тонн хүмүүнлэгийн тусламж илгээсэн байна. Энэ тухай Өмнөд Америкийн тус улсын Гадаад хэргийн сайд Иван Гил олон нийтийн сүлжээ Х (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрбээр “Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн өгсөн даалгаврыг биелүүлж, бид Египет рүү 30 гаруй тонн хүмүүнлэгийн тусламж илгээгээд байна. Энэ нь 10 хоног бүслэлт, бөмбөгдөлтөд өртсөн хүн амд тулгараад байгаа хүмүүнлэгийн хүнд нөхцөл байдлыг намжаахын тулд Газын зурваст удахгүй хүрэх болно” гэжээ. Мөн сайд “Манай ард түмний эв нэгдэл эвдрэшгүй юм” гэж онцолсон байна.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу