УИХ-ын бүрэн эрхэд хамаарах тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх иргэний саналыг хүлээн авах D-Petition сайт ажиллаж эхэлсэн билээ. Тус сайтад иргэн өргөдөл байршуулна. Байршуулсан өргөдлийг нь дэмжих эсэх санал асуулга явуулж, 30 хоногийн дотор 100 мянган хүн дэмжсэн тохиолдолд УИХ-аар хэлэлцэх юм. 

Эл сайтад иргэн Раднаабазар Цэндсүрэнгээс 0-3 насны хүүхдээ асарч буй ээж, аавуудад сар бүр олгодог 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэх өргөдөл гаргажээ. Улмаар уг өргөдлийг дэмжих эсэх талаар иргэдийн саналыг авч эхэлсэн байна. Үүнд одоогийн байдлаар 10 мянга орчим хүн саналаа өгчээ. Хэрэв та саналаа өгөхийг хүсвэл petition.parliament.mn холбоосоор нэвтрэх боломжтой. 

Өргөдөлд “Цалинтай ээж гэж нэрлээд байгаа 50000 төгрөгөөр өнөөдөр 30 хоногийн ядаж долоо хоногт хэрэглэх памперс, эсвэл 1 сав хүүхдийн нэмэлт сүү ч авч хүрэхгүй байна. Хамгийн чухал, нэр хүндтэй, улс орныхоо ирээдүйг өсгөж байгаа энэ л үед ээжүүдийг хүүхдээ эрүүл өсгөж хөгжүүлэхэд, зөв сайхан хүмүүжүүлэхэд санаа амар байх хэмжээний цалин олгоосой гэж хүсч байна.

Өнөөдөр нэг гэр бүлээс хоёулаа ажиллаад ажиллаад ч үнийн өсөлттэй, өргөн хэрэглээний бараа материал үнэтэй, өрх бүр зээлтэй ийм нийгэмд дундаж түвшинд л арай гэж амьдралаа авч явж байхад хүүхдээ өсгөөд, гэртээ нэг нь суучихаар амьдралын түвшин бүр л хүнд болж байна.

Сэтгэл санаа амар, нялх хүүхдээ хараад суух нөхцөлгүй болоод л ээжүүд хүүхдээ үлдээгээд, бушуухан ажилдаа орох шаардлагатай болно, ямар нэг юм хийж, өрхийн санхүүдээ нэмэр болохгүй л бол хэцүүднэ. Нялх хүүхдээ үлдээгээд, ажилдаа орлоо гэхэд ханиад томуу тусна, өвдөнө хавдана, эм тариа, эмнэлэг домлого, харах хүн олох, гэмтэж бэртэх, эндэх гээд зөндөө эрсдэл бий болно.

Бусад гадны улс орон шиг ээжүүд нь энэ сайхан жаргалтай байх үедээ хүүхдэдээ зөв иргэн байх суурийг тавих боломж олгож, “Цалинтай ээж”-ийн мөнгийг нэмж өгөөч хэмээн өргөдөл гаргаж байна. Нийгмийн даатгал төлдөг байсан хэмжээнээс нь хамаараад үе шаттайгаар цалинг нэмж олгохыг хүсэж байна” гэжээ.

Сануулахад, 2017 оны зургаадугаар сарын 30-нд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталж, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үед 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа, зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор тусгасан. Улмаар 2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн нэр болон холбогдох заалтуудад “эх” гэсний ард “эцэг” гэж нэмэлт оруулсан бөгөөд 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу