БНХАУ-ын дарга Ши Жиньпин Орос-Хятадын эрчим хүчний бизнес форумд оролцогчдод илгээсэн илгээлтдээ “Хятад, Оросын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа хоёр орны төдийгүй дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад тустай” гэж дурджээ.

Тэрбээр “Хоёр орны эрчим хүчний хамтын ажиллагаа нь Хятад, Оросын эрх тэгш, харилцан ашигтай, ажил хэрэгч хамтын ажиллагааны загвар бөгөөд хоёр орон төдийгүй дэлхийн эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад эерэг үүрэг гүйцэтгэдэг” гэж хэлснийг Хятадын төв телевиз иш татан мэдээлсэн байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа Монголын газар нутгаар дайран өнгөрөх “Сибирийн хүч-2” төсөлд тун удахгүй ахиц гарна гэсэн хүлээлттэй байгаагаа онцолжээ.

ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах үеэрээ төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгааг дурдсан билээ.

Өдгөө Баруун Сибирийн хийг Монголоор дайруулан БНХАУ-д хүргэх “Сибирийн хүч-2” хоолойн загварыг боловсруулах ажил үргэлжилж буй юм. Хийн хоолойн нийт урт ойролцоогоор 6.7 мянган км байх бөгөөд үүнээс 2.7 мянга нь ОХУ-ын нутгаар дамжин өнгөрнө.

Тус хоолойн хүчин чадал жилд 50 тэрбум куб метр бөгөөд Монголын газар нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн урт 962.9 км. Энэхүү бүтээн байгуулалтын ажил 2024 онд эхлэх бөгөөд 2027-2028 онд ашиглалтад орно гэж тооцоолжээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу