НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг 5 хувь болгох эсэх саналыг petition.parliament.mn сайтаар дамжуулан иргэдээс авч эхэлсэн. Одоогоор тус сайтад 64 мянга гаруй хүн дэмжиж саналаа өгөөд байна.

Саналын тоо 100 мянгад хүрсэн тохиолдолд эл асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм. Гэтэл Сангийн сайд Б.Жавхлан үүнийг эсэргүүцэж, “Хэрэв НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгож нэмэгдүүлбэл 2024 оны төсөвт 600 орчим тэрбум төгрөг суулгах хэрэгтэй болно. Төсөвт тийм орон зай байхгүй” гэх тайлбар хэлсэн. 

Эдийн засагч Д.Ангар энэ талаар дараах байр суурийг илэрхийлэв. 

Тэрбээр “Сангийн сайд Б.Жавхлангийн зовлонг ойлгож байна. Төсөв дээр нь гэнэт 600 тэрбумын цоорхой гараад ирэхэд ямар ч Сангийн сайдад тааламжтай биш. Эсэргүүцэх нь ойлгомжтой. Гэхдээ НӨАТ үнэхээр иргэдийн хувьд том зовлон. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох хуулийн төсөл ч цагаа олсон, иргэдийн хүсэн хүлээж буй зохицуулалт.

Гол нь үүнийг хэн нэгэн дарга, эсвэл нам шийдэх биш, иргэд өөрсдөө анх удаа шийдэх гэж байгаа нь ирээдүйд зөв жишиг тогтооно.

Би ч гэсэн D Parliament руу ороод саналаа өгчихлөө. 100,000 санал хэрэгтэйгээс одоогийн байдлаар 60,000 давсан санал иржээ. Та ч бас яг одоо саналаа өгөөрэй.

Б.Жавхлан сайдын санааг зовоогоод байгаа 600 тэрбумын цоорхой бол ерөөсөө асуудал биш. Тансаг хэрэглээний татвараа л жаахан нэмчих. Өндөр хүүтэй банкны хадгаламжийн хүүнд татвараа нэмчих. Ингээд л 600 тэрбум чинь асуудалгүй гараад ирнэ.

Ганц жишээ. Өчигдөр сошиалаар яваад байсан. Монголбанкны нэг албан тушаалтан банканд 19 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэсэн байна лээ.

Жилдээ 3.8 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олж байна. 100 саяас дээшхи хадгаламжийн хүүд 30% татвар тавьчих. Монголбанкны тэр албан тушаалтан лав л тураад үхчихгүй.

Харин Монгол иргэд өнөөдөр талх таллаж, тос граммлаж авдаг болтлоо ядуурсан байна шүү.

Ард түмнээ бодъё оо, Жавхлан сайд аа. НӨАТ чинь үнэхээр иргэд, аж ахуйн нэгжүүдийг туйлдуулж байна” хэмээжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу