Өдөр өнжүүлэх төвийн багш харгалзах хүнгүйгээр зургаан настай охиныг хэсэг хугацаанд гадна орхисны улмаас эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон тухай мэдээлэл аравдугаар сарын 13-ны өдөр гарсан.

Бид уг асуудлын хүрээнд “Буянт-Ухаа 2” хороололд үйл ажиллагаа явуулдаг Улсын тэргүүний “Эмүкагийн найзууд” өдөр өнжүүлэх төвийн удирдлага болон тус охины ар гэртэй уулзаж дараах тодруулгыг бэлтгэлээ.

Охины эмээ Ч.Ариунбаяр:

Тухайн өдөр охиноо эрт авахаар очсон юм. Эхэндээ охиноо хүртэл таниагүй зөрж өнгөрчхөөд эргээд очиход танихгүй нэг хүн дэргэдээ авчихсан “санаа зовоод цагдаа дуудчихсан, нэлээн удсан” гээд хүлээж байсан. Тухайн үед нүүр нь цус, хувцас нь шороо болчихсон үнэхээр өрөвдмөөр байдалтай байсан.

Өдөр өнжүүлэх төвдөө өмсгөөрэй гээд энгийн хувцас авч өгсөн ч өмсүүлээгүй хичээлийнхээ формтой байсан юм. Тийм зүйл харсан эх хүн яаж тайван байх билээ. Би охиноо дагуулж ороод, бухимдлаа илэрхийлсэн. Намайг ороход нэг өрөөнд хүүхдүүдээ оруулаад, хаалгыг нь хаачихсан, багш нар нь нэг өрөөнд цуглаад сууцгааж байсан.

Яав ийв гэтэл “танай хүүхэд шинэ хүүхэд болохоор таньсангүй үлдээчхэж ээ, уучлаарай” гэсэн. Би бухимдахдаа нэг багшийг нь алгадаад авсан юм. Үнэхээр биеэ барьж дийлээгүй. Тэр багш одоо бараг танд алгадуулаад тархи толгой хөдөлчихлөө гэсэн юм ярьж байна лээ.

Бид яагаад үүнийг яриад байна вэ гэхээр сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэхэд эцэг, эх нь найдаад, төлбөрөө төлөөд, хүүхдээ аваачиж өгсөн байхад үл хайхрагдаад, хаягдсан асуудал гарна гэж юу гэсэн үг вэ. Өөр хэн нэгний хүүхэд эрүүл мэнд, гоо сайхнаараа битгий хохироосой гэсэн дээ л ярьж байна.

Захирал нь одоог хүртэл нэг ч яриагүй, “Байгууллага ямар ч хариуцлага хүлээхгүй. Багш нарын асуудал, багш нартайгаа учраа ол” гэж байна. Бид өөрсдөө ярьж хөөцөлдөж байж эмнэлэгт үзүүлэх үедээ багшийг нь дуудсан, бусдаар өөрсдөө хүрч ирээгүй.

“Харанхуй шөнө нялх биетэй эмэгтэй ганцаараа хүүхдээ дагуулаад яваад байна шүү дээ” гэж байж ирүүлсэн. Үзүүлэх үед нүүр нь айхтар болсон байгааг, шокийн байдалд байгааг бүгд харсан. Тэр өдрөөс хойш хэд хоног толгойгоо бариулаад гайгүй болсон учраас рентген зураг авхуулаагүй. Рентген хортой учраас оруулахаас татгалзсан.

Бодитой хохирол байгаа учраас шүүх цагдаа гэхгүйгээр нэг сая төгрөг гаргаж өгье өө гэсэн учраас за болно оо, хүлээж байя гэсэн юм. Тэр өдрөөс хойш мөнгөө цуглуулж байна, бидний цалинг хассан болохоор жаахан хүндрэлтэй байгаа гэж ярьсан. Тэр үедээ өдөр өнжүүлэхийн фэйсбүүк групп дээр нэг коммент бичсэн юм билээ. “Ийм юм болсон шүү дээ, сайн нь хаана байгаа юм бэ” гэсэн утгатай.

Гэтэл захирал нь залгаад “Манай нэр хүндэд халдлаа. Сая төгрөг аваад тохиролцоно гэсэн яасан бэ” гэж хэлсэн. Биднийг сая төгрөг аваад таг дуугуй бол гэж байгаа юм шиг. Байгууллага ямар ч хариуцлага хүлээхгүй, хүлээлгэмээр байвал шүүх цагдаагаар яваарай гэсэн.

Захирал, байгууллага нь яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ, хөөрхий хоёр багш нь гүйгээд л байх юм гэж зөндөө хэлсэн. Гэтэл одоо хүртэл чимээгүй байна. Цаашдаа өдөр өнжүүлэх газруудыг хэн, хаанаас хараа хяналт тавьдаг вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Дулаан хувцсыг нь ч өмсгөхгүй иймэрхүү үйлдэл гаргадаг газар цөөхөн байгаасай.

Өнөөдөр нялх биетэй ээж нь үнэхээр бухимдалтай байна. Эмнэлгээс гарснаас хойш сүү нь татарч, хүүхдээ нэмэлт тэжээлд оруулаад байж байна. Сэтгэл санаа тайван болж өгөхгүй байхад  фэйсбүүкээр элдэв сэтгэгдэл хөврөх болсон. Ороод харахаар өдөр өнжүүлэх төвөө өмөөрсөн багш нар, мөн хуурамч хаягууд байна билээ. Энд төлбөр мөнгө гэхээсээ илүү хариуцлага л яримаар байна. 

Эмүкагийн найзууд” өдөр өнжүүлэх төвийн эрхлэгч Г.Алтанцэцэг:

-Тухайн өдөр хүргэлтийн ажилтан маань хүүхдүүдийг агаарт гаргачихаад, эргээд орохдоо охиныг үлдээсэн байсан. Тэр хугацаанд гадна гүйж байгаад унахдаа нүүрээ шалбалсан нь хажуу байрны камерт бичигдсэн байна.

Бид багш нараа цуглуулаад богино хугацаанд хурал хийх гээд сууж байсан юм. Эмээ нь мэдээж бухимдалтай орж ирсэн. Бид уучлал гуйж, хохирлыг барагдуулна гэсэн байр суурьтай байна. Зуун хувь бидний буруу учраас заргалдахгүй, хариуцлага хүлээхгүй гэсэн юм байхгүй. Орж ирэхэд нь “Бидэнд тавих тайлбар байхгүй ээ, бидний буруу, уучлаарай” гэсэн.

Шат дараатай арга хэмжээ авч байна. Нэгдүгээрт, охиныг хариуцаж байсан багшийг ажлаас чөлөөлж, хамт байсан хоёр багшийг цалингийн 20 хувиар торгосон. Гэхдээ ажлаас чөлөөлөх хүсэлтээ өгсөн хэдийг албан ёсоор тамга дарж, чөлөөлөөгүй байна. Хуулийн дагуу асуудал нэг тийш шийдэгдсэний дараа тамга дарах эсэхээ шийднэ. “Байгууллага хариуцлага хүлээхгүй ээ” гэдэг нь багшийн гаргасан алдаа учраас бид багштайгаа л учраа олж зөвлөлдөөрэй гээд байгаа юм. 

А.САЙХАН

2 САНАЛ

  1. Хүүхэд нь бүдрээд унасан л байна .Тэгээд хэдэн саягыг нэхэх гээд байгаан бээ.Бүүр нэг сүржигнэчих юмаа.Ингэж олсон мөнгө чинь зовлон л даллана даа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу