УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэллээ. 

Тэрбээр “Олон түмний хүч ордны хуйвалдааныг ялсаар ирснийг буурал түүх нотолдог. Хэрэв авлигажсан тогтолцоотой хийх энэхүү тэмцэл үр дүнд хүрч, эдийн засгийн хүртээмж нэмэгдэж, дундаж давхарга тэлэхгүй бол нийгэм өөрөө өөрийгөө засах өөрчлөлт рүү ороход нийгмийн сэтгэл зүй бүрэлдэн бий болсонд авлигын энэхүү тэмцлийг сааруулж буй бүлэглэлийн гар хөл болсон шат шатны хувалзууд, тэдний цаана байгаа эзэд нь бодит дүгнэлт хийгээсэй гэж хичээнгүйлэн хүсэж байна. 

Шинэ сэргэлтийн бодлого бодитоор хэрэгжиж, авлигатай хийх тэмцэл эрчимжсэнээр эдийн засгийн тоон үзүүлэлтүүд өдөр өдрөөр сайжирсаар байна.  

2023 оны төсвийн жил Монгол Улс олон жилийн хугацаанд бугшсан далд эдийн засгийг илчлэх авлигын тэмцлийг идэвхжүүлэхэд бүхэлдээ чиглэгдсэн. 
 
2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 62.4 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрч, төсвийн орлого 1.8 их наядаар давж, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн төсвийн тодотголыг хамтдаа хийсэн билээ.

Эдийн засгийн өсөлт 6.4 хувь болж, Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.4 их наяд давж, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын өр бүрэн төлөгдөв.

Улсын төсөв энэ жил 1.8 их наядаар давж биелж, төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая доллароор эерэг гарлаа.
 
Энэ бүхэн авлигатай хийсэн тэмцлийн шууд үр дүн байсан гэж үзэж болно.

Энэ амжилтад тулгуурлан 2024 оны улсын төсөв бол хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулж та бүхэнд танилцуулж байна. 2024 онд эдийн засаг долоон хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 6000 ам.доллар давна гэж төсөөллөө” хэмээв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу