Монгол Улсын Спортын сайд Б.Бат-Эрдэнэ Монголын Боксын Шигшээ багийн санхүүжилтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаа тухай олон нийтэд мэдээлсэн. Энэ талаар Монголын боксын холбоо дараах мэдэгдлийг гаргажээ. 

МЭДЭГДЭЛ

Монголын Боксын Үндэсний шигшээ баг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ханжоу хотод зохион байгуулагдсан Азийн 19 дүгээр наадамд амжилттай оролцсон.

Зуны Азийн наадмын медаль авсан тамирчдаас допингийн шинжилгээ авсан бегеед Боксын үндэсний шигшээ багийн тамирчин Баатарсүхийн Чинзоригоос авсан сорьцоос хориотой бодис илэрсэн тухай мэдээллийг Олон Улсын шинжилгээний агентлагаас 2023 оны аравдугаар сарын 13-ны өдөр тамирчинд ирүүлсэн.

Монголын Боксын спортын 75 жилийн түүхэнд допингтой нэр холбогдсон, шигшээ багийн тамирчдаас допинг илэрсэн тохиолдол огт гарч байгаагүй бөгөөд Монголын Боксын холбоо допингийн эсрэг онцгой анхаарал тавьж ажилладаг.

Олон Улсын шинжилгээний агентлагаас ирүүлсэн мэдээлэлтэй холбогдуулан Монголын Боксын холбооноос холбогдох дүрэм журмын хүрээнд зохих ажиллагааг хийж ажиллаж байгаа бөгөөд нэр бүхий тамирчны зүгээс Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон WADA-с баталсан дүрмийн дагуу Олон улсын спортын арбитрт хандан үүсээд буй асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр болсноо мэдэгдсэн.

Иймд Олон улсын спортын арбитрын эцсийн шийдвэрийн үндсэн дээр Монголын Боксын холбооноос дараа дараагийн арга хэмжээг авч ажиллах болно.

Допингийн асуудалд холбогдсон тамирчны асуудал бүрэн эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Монгол Улсын Спортын сайд Б.Бат-Эрдэнэ 2023 оны аравдугаар сарын 18-ны өдөр Монголын Боксын Шигшээ багийн санхүүжилтийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байгаагаа олон нийтэд хандан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн.

Б.Бат-Эрдэнэ сайдын энэхүү мэдэгдэл Монголын боксын үндэсний шигшээ багийн үйл ажиллагаанд нөлөөлж болохуйц, цаашлаад шигшээ багийн нийт тамирчин, багш дасгалжуулагч болон боксын спортоор хичээллэгч хүүхэд, залуус сонирхон дэмжигч нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн хэт улс төржсөн шийдвэр гэж үзэж байна.

Нөгөө талаар допингийн асуудалд нэр холбогдсон тамирчин Олон улсын спортын арбитрт хандсан энэ үед Монголын допингийн эсрэг үндэсний төв болон салбарын сайд нь хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн мэтээр мэдэгдсэн нь цаашдын арбитрын ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохуйц үйлдэл боллоо.

Бид Парис-2024 олимпын наадам хаяанд ирсэн чухал цаг үед шигшээ багийн эрх ашгийг хөндсөн энэхүү шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд уг шийдвэрээ дахин харж нягтална гэж найдаж байна.

МОНГОЛЫН БОКСЫН ХОЛБОО

2023.10.19

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу