Нүргээнт хотын минь амьдрал уур бухимдал дунд буцалж байна. Хотын шинэ дарга Х.Нямбаатар өөрийн багаа бүрдүүлж ажиллахаар болж, томилгоонуудаа хийж эхэллээ. Хууль зүй, дотоод хэргийн яамыг Төрийн нарийн бичгийн дарга болон газар, хэлтсийн даргагүй болгож үлдээчихээд хот бараадав. Хууль зүй, дотоод хэргийн шинэхэн сайд Б.Энхбаяр ханхай хоосон яаманд буурь сэлгэн ирчихээд байна.

Хотын дарга Х.Нямбаатар П.Сайнзоригийг нэгдүгээр орлогчоороо томилсон. П.Сайнзоригийн хувьд Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хороог даргалан, бөхчүүдийн допингийн асуудлаас болж муу нэр зүүж танигдсан. Салбартаа сайн хуульч гэгддэг ч савнаасаа халихаараа ар дагз руугаа шилдүүлэхийн зовлонг хангалттай туулж яваа.

Хуульч хүний хувьд Төрийн нарийн бичгийн дарга гэдэг голж болохгүй том албан тушаал хэдий ч сайдаа дагаад явах шийдвэрт хүрсэн. Одооноос хууль биш, хотын иргэдийн амьдралыг судлах хатуухан сорилтууд түүнийг хүлээж буй.

Хотын даргын зүүн гарын орлогчоор О.Номинчимэг хэмээх хэн ч танихгүй нэгэн бүсгүй тооноор ороод ирчихсэн. МАН-ынхан тэр дундаа Сонгинохайрхан дүүргийнхэн Хотын даргын сонголтод хачин их гайхаж байгаагаа нуухгүй байгаа юм.

О.Номинчимэг хуульч мэргэжилтэй. МУИС-ийн Хууль зүйн сургууль болон СЭЗИС-д багшилж байгаад, 2010-2011 онд “Мицубиши” корпорацийн Улаанбаатар хот дахь салбарын хуулийн зөвлөх, 2011-2016 онд “Хоган Ловеллс Монголиа” компанийн ахлах хуульч, 2019-2021 онд өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад, УИХ-ын Тамгын газар, Тэргүүн дэд дарга, 2022 оноос УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж, Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдлоо. Говь-Алтай аймгаас гаралтай юм байна.

Баянхонгорынх биш ч Г.Занданшатарын дэргэд зөвлөж байгаад Хотын орлогчоор очно гэдэг ар тал нь хэр том бэ гэдгийг харуулчихаж байгаа юм. Хотын дарга Д.Сумъяабазарын ажлыг өгүүлэхээр МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар хүчтэй акц өрнүүлсэн ч хотын даргаа авч чадаагүй тул нутгийн хуульч эмэгтэйгээ Хотын орлогчид зүтгүүлсэн гэх яриа бий. МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдоод удаагүй аж. Тиймээс намын амьдралаас тэс хөндлөн гэж хэлж болно.

Гэсэн ч О.Номинчимэг Д.Амарбаясгалангийн дэмжлэгийг авахааргүй ар талтай гэх юм. Түүний нөхөр “Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирлаар ажилладаг.

Хотын шинэ орлогч О.Номинчимэг 92.7 сая төгрөгийн жилийн орлоготой бол гэр бүлийн гишүүд нь 577.3 сая төгрөгийн орлоготой юм байна. 1 тэрбум 209 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, гурван авто зогсоол, зуслангийн нэг байшинтай. 190 сая төгрөгийн Mercedes Benz S350L, Lexus 570 маркийн хоёр автомашинтай.

Нэг тэрбум 61 сая төгрөгийн хадгаламжтай, 1 тэрбум 235 сая төгрөгийн авлагатай. “Лонг Терм Валью Фанд” ХК, “АПУ” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Лэнд МН ББСБ” ХК, “Ард санхүүгийн нэгдэл” ХК,  “Үндэсний хөрөнгө оруулалтын сан” ХК, “Мандал даатгал” ХК, “Рио тинто” ХК, “Өмгөөллийн Номин энд Адвокатс” ХХК-д тус тус хувь эзэмшдэг байна. Ийм нэг чинээлэг хотын орлогчтой болов.

Хамгийн хачирхалтай нь О.Номинчимэгийг “Рио Тинто” группын захиалгаар Хотын орлогчоор томилсон гэсэн яриа МАН дотор тархсан байна. Түүний гэр бүлийн хүнээс эхлээд “Рио Тинто”-той холбогддог. Хотын дарга Х.Нямбаатар “Оюу толгой”-н гэрээний ажлын хэсгийн ахлагчаар ажилладаг зэргээс харахад “Рио Тинто”-гийн нөлөөлөл байсан байж болзошгүй гэх хардлага байгаа юм.

Хэрэв тийм бол дайсагнах шахам шахалтад оруулж “Рио Тинто”-той хэлэлцээрт орж байсан Х.Нямбаатар тэдний хөнжилд шургасан болж таарч байна. Хотын орлогчоор томилогдон, тооноор орж ирсэн О.Номинчимэг ирэх оны сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр зэхэж эхэлсэн бололтой. Мөнгөтэй хүн хөгжмөө захиалдаг гэдэг шиг мөнгөтэй хүн хаана дэвшихээ өөрөө шийддэг болсон цаг.

Хуулийн салбарт ажилласан Хотын захын гэр хорооллын амьдрал мэдэхгүй, талхаа таллаж, тосоо граммлаж, төмсөө ширхэглэж авдаг иргэдийн амьдралыг ойлгоход багагүй хугацаа шаардах байх. Ямартай ч Улаанбаатар хотод “Рио Тинто” хүнээ шургууллаа гэсэн яриа чих дэлссэннь үнэн билээ.

Э.ТЭРГЭЛ

1 сэтгэгдэл

  1. Энэ албан тушаалд очих сонирхол байгаа л юм байна. Түүнээс биш их мөнгөтэй, сайн ажилтай хүн байна. Ямар …

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу