Монголын ард түмэн анх удаа “Засгийн газар ажлаа хий” хэмээн Төв талбайдаа хэдэн мянгаараа цуглаж, жагсаж байлаа. Ард түмэн тэгж шахаж, шаардана гэдэг Засгийн газар иргэдийн хүлээлтэд огт хүрэхгүй ажиллаж байгаагийн хамгийн том гэрч юм. Танхимын тэргүүн нь Л.Оюун-Эрдэнэ. Бас жулдаж байгаа нь ч үнэн.

Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлнэ гэдэг амар биш. Гэхдээ үнэхээр жулдаж байгаа хүнээр төрийн жолоо атгуулсан нь У.Хүрэлсүхийн буруу. Улсаа бодсон бол тэр өөр хүнийг Ерөнхий сайдаар томилох байсан ч “утсан хүүхэлдэй” хэрэгтэй байсан тул далайсан газар нь далд орж чаддаг хуурай дүүгээрээ улс удирдуулах шийдвэр гаргаж байсан. Ингэж л эрх баригч намынхан улс орныг уруудан доройтоход улам хүч нэмж байлаа.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсон цагаас хойш “Хүч дутвал ард түмэнтэйгээ гудамжинд гарч хамтдаа тэмцэнэ”, “Нэрсийг ил болгоно”, “Удахгүй зарлана”, “Бүгдийг нь ил болгоно”, “Шүдгүй арслан болчихлоо”, “Ингэж тэмцэнэ”, “Тэгж хулгайг дарна”, “Дарамлт шахалтад орж байна”, “Та нараас айхгүй шүү” гэх үгсийг хамгийн их хэлж ирсэн. Тиймээс хамгийн том бүх эрх мэдлийг түүнд өгсөн нь ч бас үнэн.

МАН сүүлийн долоон жил Монгол Улсыг жолоочгүй мэт жолоодож яваа. Улс гэр минь бүхэлдээ утаа тогтогтой, хоногийн хоолгүй, галдаа хийх түлээгүй, балга усгүй зүдрүүхэн айлын дүр зурагтай хэдэн жилийг үдлээ.

Гартаа барьсан ганц лоозон нь “Шударга ёсыг тогтооно” хэмээн ангайх бүрдээ хэлж буй үг нь салхинд замхран одож байна. Одоогоор тогтсон шударга ёс, шударга ёсны төлөөх тэмцэл гээд байх зүйл алга. Сүрхий том зүйл ярьж гарч ирчихээд, яг нидэр дээрээ ямар ч хариуцлага хүлээлгээгүй.

Хөгжлийн банкны хэрэгт гэхэд улс төрийн хамгаалалтгүй шахам нөхдийг үлдээж, фракц бүлэглэлийнхээ хүмүүсийг сугалж аваад үлдчихсэн. 40 их наядын нүүрсний хулгай Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт ял оноосон болж дуусах зурагтай харагдана. Гэх мэтчилэн зүйлсийг нэрлээд байж болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр чуулганы танхимд 2024 оны төсөвтэй холбогдуулан мэдэгдэл хийсэн. Ингэхдээ “…Өмч хувьчлал, байгалийн баялаг, газрын эздийн өмнө Монгол төр хүчгүйдэн сааралтаж, Засгийн газрын дундаж нас 1.5 жил байсан нь энэхүү авлигын системтэй шууд холбоотой. Тэд тоглогчид өөрчлөгддөг ч тоглоом өөрчлөгдөхгүй гэдэг системийн авлигын дүрмээр тоглосоор Монгол Улсын 30 жилийг зөвхөн өөрсдөдөө ашигтай, ард түмэнд хүртээмжгүй болгон, манантуулан боолчилж чадаж байсан юм.

Монгол түмэн “Олны хүч оломгүй далай” гэж ярьдаг билээ. Олон түмний хүч ордны хуйвалдааныг үргэлж ялсаар ирснийг буурал түүх нотолдог билээ. Хэрэв авлигажсан тогтолцоотой хийх энэхүү тэмцэл үр дүнд хүрч, эдийн засгийн хүртээмж нэмэгдэж, дундаж давхарга тэлэхгүй бол нийгэм өөрөө өөрийгөө засах өөрчлөлт рүү ороход нийгмийн сэтгэлзүй бүрэлдэн бий болсонд авлигын тэмцлийг сааруулж буй бүлэглэлийн гар хөл болсон шат шатны хувалзууд, тэдний цаана байгаа эзэд бодит дүгнэлт хийгээсэй хэмээн хүсэж байна” гэж бас л гоншигонож байгаа харагдсан.

Бүх эрх мэдлээ гартаа атгачихаад, хэнд гомдож, гонгиноод байгааг огт ойлгосонгүй. Тоглоомоо булаалгасан хүүхэд шиг хачин юм ярьж суухын оронд дорвитой шийдэл гаргаж, авлигатайгаа тэмцээч. Иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад анхаараач.

Үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн сул дорой нь болж түүхэнд үлдэхгүйн тулд камерын өмнө зовлонд нэрвэгдсэн баатар шиг байхаа больж үз. Ард түмэн та нарыг ажлаа хийхийг хүсэж байгаа болохоос хэдэн сарын зайтай гонгиносон үг сонсох гэж хорвоогийн бор хоногийг хоолтой, хоолгүй өнгөрүүлээгүй шүү, Ерөнхий сайд аа.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу