Монголын боксын холбооноос ДАШТ-ий мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Б.Чинзоригийг Үндэсний шигшээ багаас хасаж, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийг гурван сарын хугацаанд цалингийн 20 хувиар торгох шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл гарсан билээ. 

Энэ талаар Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасангаас тодруулахад “Хөөгөөгүй” гэх ганц үг хэлээд утсаа тасаллаа. 

Сануулахад, Өнгөрөгч аравдугаар сарын 4-нд Монгол Улсын Гавьяат тамирчин Баатарсүхийн Чинзориг “Ханжоу-2022” Азийн 19 дэх удаагийн наадмаас боксын төрөлд алтан медаль хүртэж, Парисын олимпод оролцох эрхээ авсан. Гэтэл үүнээс ес хоногийн дараа буюу аравдугаар сарын 13-нд түүнийг допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар мэдээлэл цацагдсан юм. Тодруулбал, “International Testing Agency” гэх олон улсын шинжилгээний байгууллагаас Б.Чинзоригийг дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориглосон эмийн S1 ангилалд багтдаг метандиенон метаболит бодис хэрэглэсэн хэмээн зарласан. Энэ нь А сорьцын шинжилгээний хариу тул тамирчин өөрийн эрхийн хүрээнд Б сорьцоо шинжлүүлэх боломжтойг мөн дурьдсан юм.

Харин үүнд Б.Чинзориг цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгч, Олон улсын спортын арбитрын шүүхэд хандахаар болсноо хэлсэн билээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу