Хотын дарга Х.Нямбаатар ажлаа хүлээж авахын өмнө “Алсдаа тустай, ойрдоо давс мэт шорвог шийдвэр гаргана” хэмээн хэлсэн билээ. Тэрбээр шинэ ажлаа авснаас хойш долоо хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд түүний баг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөл болон энэ хуулийн төслийг дагалдуулж 27 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ. Улмаар энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулсан байна.

Уг хуулийн төсөлд тусгасан онцлох заалтуудыг хүргэе.

1. Улаанбаатар хотын авто замын даацад тохируулж автомашины дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ-аар батлуулах;

2. Замбараагүй, төлөвлөлтгүй барилга байгууламж барихыг хязгаарлах;

3. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн орон сууцны стандарт нормыг боловсруулан тогтоох;

4. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд төвийн 6 дүүрэгт зуслангийн болон амины зориулалтаар газар олгохгүй байх. Энэ хүрээнд дүүргийн Засаг дарга нар газар олгохыг хориглох;

5. Нийслэлийн Засаг дарга дараах таван тохиолдолд газар олгоно. Үүнд;

-Төр бүтээн байгуулалт хийх зорилгоор буюу эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих тохиолдолд;

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх үед; – Хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар;

-Дахин төлөвлөлт буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртөгдсөн ААН-үүдтэй хэлэлцээ хийж нүүлгэн шилжүүлэх зорилгоор;

-Царцаагдсан барилга байгууламжид урд олгогдсон газрыг ерөнхий төлөвлөгөөний дагуу дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэн суурьшуулах үед зэрэг багтана.

6. Газар чөлөөлөлтийн нөлөөллийн бүсэд буй иргэдийн 65 хувь нь дэмжсэн тохиолдолд албадан чөлөөлж, нөхөн олговрыг төрөөс олгох. Ингэхдээ газрыг бэлэн мөнгөөр солих, түр орон сууцаар хангаж дараа нь тухайн байршилд баригдсан орон сууцыг өмчлүүлэх эсхүл газрыг орон сууцаар солих нөхцөлийг санал болгоно;

7. Дахин төлөвлөлтийг нэгдсэн журмаар хотоос газрыг нь чөлөөлж хашааг орон сууцаар солих ажлыг зохион байгуулах хэлбэрт шилжүүлэх;

8. Орон сууцны нэг давхрыг зориулалтын бусаар өөрчлөн үйлчилгээ эрхлэхийг хязгаарлах; зэргийг хуульд тусгажээ. 

Х.ТҮШИГ

2 САНАЛ

  1. Замбараагүйг анхнаас нь үүсгэсэн та нар минь хариуцлагаа үүрэх нь зүйтэй төвлөрүүлсэн оррн сууц нэртэй нийтийн байр биш ,хашаандаа байшин үйлдвэрлэхээр 2 даьхар хаусаа бариулаад ногоо модоо тариад сайхан амьдарч хөнжмөөрл бна

  2. Бас нэг шинэ хэлбэрийн луйвар хийхээр хууль ашигласан харагдана. Гэр хорооллыг том том барилга болгосон нь төрийн алдаа, одоо иргэдийг газар дээрээ сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх заалт оруулах хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу