Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2023.10.20) нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тавилаа.

Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын хүүхдийн статистик мэдээллийг товч дурдаад, 2022 онд хүүхэд оролцсон 1540, хүүхэд хохирсон 2014 гэмт хэрэг гарч, үүний улмаас 92 хүүхэд нас барж, 177 хүүхэд гэр бүлийн, 358 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг мэдээллээ.

Засгийн газраас Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа хуулиар үүрэг хүлээсэн төрийн бүх шатны байгууллага, албан туаалтан, хуулийн этгээдийн үүрэг оролцоотой уялдуулж хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, хамгааллын үйлчилгээний хэлбэр, үйлчилгээ үзүүлэх кейс менежментийн үе шат, хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж, хуулийн давхардал, хийдлийг арилгаж, гэр бүл төвдөө хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохыг зорьжээ.

Хуулийн төсөл боловсруулах хүрээнд, 20 удаагийн хэлэлцүүлгийг Засгийн газрын гишүүд, төрийн бүх шатны байгууллага, олон улсын болон иргэний нийгмийн төлөөлөл, их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, 1300 гаруй хүүхэд оролцуулан зохион байгуулж, тэдний саналыг авсан байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийн дагуу хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 58.1 хувь нь дэмжлээ.

Иймд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу