Намрын адаг хар нохой сарын шинийн найман. Өглөөний 09.00 цаг. Нар хэдийнэ мандсан ч өглөөний жавар дөнгөж арилж байлаа. Замын хажуугийн мод, бут, өвс тэр чигтээ шаргал тосон харандаагаар будсан юм шиг алаг цоог харагдана. Атал цагаан хяруу ч мөн сүүдэр хэсэгтээ дөнгөж ууршиж байлаа. Амралтын өдөр хэдий ч олон хүн холхилдож, аль нэг тийшээ уур цан савсуулан алхацгаана.

Арав гаруйхан минут автобус хүлээн зогсоход нарны илч сэргээд ирлээ. Нүд гялбуулах хэр нь нэг их хүчтэй биш ажээ. Ийм өдрүүдэд хотын төвөөс жаахан зайдуухан гараад хэсэгхэн ч болов чимээгүйд саатах нь хамгийн тааламжтай.

Хотын төвөөс Богд хан амралтын чиглэлд 72 дугаартай автобус цөөн тоогоор явдаг. Богинохон цэнхэр, дунд оврын цагаан автобус явдаг нь эцсийн буудлын эргэх талбайтай холбоотой. Эцсийн буудалд хүрээд буцаж эргэх зам талбай бараг үгүй тул ийнхүү жижиг автобус явдаг юмсанж. Ингэхдээ амралтыг зорих иргэдээ арай гэж л багтаана даа.

Гартаа уулын хос таяг барьж, цүнхнийхээ халаасанд усны сав бэхэлсэн хүмүүс голдуу харагдана. Тэд эхлэх цэгээс суусан ч хэдийнэ автобус дүүргэчихлээ. Хөнгөхөн хэр нь дулаахан сөдөн хүрэм өмссөн хөгшчүүл, найзтайгаа инээлдэн, өнгөрснийг ярилцах багачууд, нэгнийхээ мөрийг налаад инээж зогсох хосууд. Мөн эдгээрийг чимээгүй ажих ганцаараа яваа нэгэн эл автобусыг дүүргэжээ.

Тэд цонхоор харагдах хотыг огтхон ч сонирхохгүй байсан юм. Цэнхэр униар татсан Богд уулын барааг хаа нэг тогтож харахаас бусдаар анхаарал нь үл сарнина. Өдөр, шөнөгүй дэргэдүүр нь давхилдсан машин, орж гарч холхисон байшин барилга, бүгд нэг байдлаар алхаж одох хүмүүс одоо сонирхолтой санагдахаа хэдийнэ больжээ. Жаахан ч атугай амрахыг хүсэж буй биз.

Зайсангийн уулзвараас эхлээд түгжирлээ. Амралтын өдөр тул тийш зорих хөдөлгөөн ихэссэн бололтой. Жолооч туршлага тааруу нь илт бөгөөд өөд замд 4-5 унтраагаад амжсан юм. Энэ зуур сэгсчүүлэн тийш зүглэхдээ уурлаж халаглах хүн ховор бөгөөд зорьсон газраа л очихыг бодохоос өөр зүйлд үл сатаарна.

Эцсийн буудлаас хоёр буудлын наана нам түгжирсэнд цөм бууж одов. Тэд огт төвөгшөөсөн зүйлгүй ч бушуухан л алхаж агаар амьсгалахыг яарч буй мэт цуван одоцгоолоо. Би буун тэдний араас алхана.

Миний харагдацаар 500 орчим метр цуварсан машин замын дэргэдүүр аль нэг орны жуулчид ирж дээ гэж андуурам алхалт болж байлаа. Цаг 11.00-ийг заана.

Богдхан амралтын газрын хашаагаар ормогц “дугуй цагаан”-д бужигнах хүмүүс ямар нэг наадмыг санагдуулна. Саяхан тохижуулсан тоглоомын талбай, амрах хэсэгт иргэд тун ам сайтай байлаа. Хүүхдүүд дураараа тоглоомууд дээр тоглоно, бага хүүхдээ нарлуулаад, ээж нь ном уншиж ч харагдана.

Ангиараа ирсэн хэсэг нь арай зайдуу модны хаяанд дугуйран бөмбөг тоглоно. Энэ бүгдийг гүйлгэн тойруулж харвал алаг эрээнд төөрөх мэт. Харин ийнхүү эрээлжлэх биднийг ургаж буй, өвгөрч буй модод чимээгүй ширтэнэ. Уулын горхи энэ бүхэнд чимээ нэмэх агаад эрэг орчимдоо хөлдүү мөстэй байх аж. Хүүхэд хөгшид ойрхондоо тоглож, залуус яриа нийлэн ийш тийш алхалдана.

Хэсэг алхаад эргэж харвал хотын саарал өнгөнөөс арай холдож аваад, сэтгэлээ жаахан амсхийлгэж суугаа хүмүүс яасан их вэ. Богд уулын ганцхан аманд ийм олуулаа цуглаж, тал тал тийш тараад, модны чимээ чагнаж сууна гэдэг сайхан. Чимээ аниргүйг тийм их хүсэмжилж, хотын чимээнээс дайждаг хэр нь өглөө найман цагт ажилдаа явах л ёстой. Нэг үеэ бодоход өчүүхэн ч хог харагдахгүй байлаа.

Хоёр хоёроороо, гурваараа, ганцаараа хаа сайгүй нэг зүйлийг ширтэж, нэг зүйлийг ярилцаж харагдана. Шарлаад өчүүхэн ч амьгүй болсон навч, шилмүүс тэдний дээрээс сэм унана. Сэрүүхэн салхитай ийм шаргал өдрөөр алхах шиг тайван зүйл үгүй биз. Гэвч нийслэл хотод минь ийм газар хэр олон билээ дээ.

Өнгө будгийг нь яаж тааруулж зурсан юм бол гэмээр гоо байгаль ажээ. Намрын тэнгэр өчүүхэн ч үүлгүй цэнхэр бөгөөд уулын оргил эмжсэн модод нь тэр чигтээ улбар байх юм. Гоолиг хус цагааран харагдах агаад туниагүй мөчир дээр нь болжмор сууна. Энэ бүхнийг ширтвэл өчүүхэн ч тархи ядрахгүй, нүд өвдөхгүй гээч. 

Хоёр хөгшин уулын бэлд ирээд, горхины хажууд аяллын сандал дээр сууж байв. Тэд моддын завсраар харагдах олон хүүхдийг ажна. Тоглоомын талбайд хөл гишгэх зайгүй. Инээд хөөр, цагаахан гомдол атаархал, гэмгүй шохоорхол ч тэнд гүйлдэнэ. Цаад доор нь хотын их амьгүй барилга харагдана. Бас тэрний цаана ч холхих үй олон хүн.

Горхины хажууд байх хоёр хөгшин эрихээ эргүүлж, нүдээ анивчина. Дэргэдээ байгаа модтой ижилхэн ч юм шиг. Өнө удаан жил тэр доор бужигнах олныг харж чимээгүй амьдарсан модод шиг хоёр хөгшин инээлдэн тоглох хүүхдүүдээ ширтэнэ.

Энд чимээгүй, сэрүүхэн бас тайван байлаа. Мөнөөх хоёр хөгшнийг уулын сүүдэр түрүүлж нөмрөх байх даа. Гэвч тоглож буй хүүхдүүд нь даруй цагийн дараа л сүүдрийг мэдэх биз. Горхи урссаар л байлаа. Залуус харин хаа нэгтээ алхан одно.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу