УИХ-ын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим систем буюу petition.parliament.mn сайтад НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох хүсэлтийг байршуулсан билээ. 

Өнгөрөгч аравдугаар сарын 17-нд хурааж эхэлсэн эл санал асуулгад зургаан өдрийн дотор буюу өнөөдөр /2023.10.23/ 100,000 хүн санал өгчээ. Ингэснээр уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэж байна. 

Сануулахад, НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуудалд УИХ-ын дарга Г.Занданшатар болон Сангийн сайд Б.Жавхлан нар эсрэг тэсрэг байр суурь илэрхийлж буй. Тодруулбал, УИХ-ын чуулганы үеэр Г.Занданшатар дарга Сангийн сайд руу хэд хэдэн удаа уурласан. Тэрбээр “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд 20 хүртэлх хувийг буцаан олголтод зарцуулна гэж заасан байдаг. Мөн 10 хүртэлх хувийн урамшуулал олгоно гэж заасан. Тэгэхээр хуулиар 30 хүртэлх хувийг буцааан олгох боломжтой.

2020 онд ДНБ 37 их наяд болсон. Одоо 2024 онд 74 их наяд төгрөгөөр тооцсон. НӨАТ-ын орлого 2020 онд 2.2 орчим их наяд байсан. Ирэх жил 6.1 их наяд төгрөгөөр тооцоолсон. 2.5 дахин өсөлттэй байна. ДНБ болон НӨАТ-ын орлогын өсөлт шууд хамааралтай байх ёстой. Иргэдэд ирэх жил 410 тэрбум төгрөгийг өгнө гэж тооцоолсон.

Сангийн яам төсвийн орлого бүрдүүлэх талдаа ийм байр суурь баримтлах нь зүй ёсных. Эдийн засаг, хөгжлийн яам ямар байр суурьтай байгаа талаар сонсох хэрэгтэй. Эдийн засгийн эерэг болон сөрөг тал дээр харьцуулсан тоон мэдээлэл байна.

ОУВС-гийн 2019 оны тайлан ч бий. Эерэг нөлөө ихтэй гэсэн. 2.8 их наяд төгрөгийн НӨАТ-ын орлогын алдагдал бий болсон. Тэгэхээр бид НӨАТ-ын урамшууллын хувийг нэмэх хэрэгтэй. НӨАТ-ын албан татвар нэмэгдэхийн хэрээр буцаан олголт нэмэгдэх ёстой” гэсэн юм.

Харин Сангийн сайд Б.Жавхлан үүнийг эсэргүүцсэн. Тэрбээр “Татварын тогтолцоог ингэж өөрчилж болохгүй. НӨАТ-ын урамшууллыг нэмлээ гээд иргэдэд ашиггүй. Өндөр орлоготой хүмүүст ашигтай. Нөгөө талаасаа татварын асуудлыг олон нийтийн санал асуулгаар шийдэх нь зөв эсэхийг бодох хэрэгтэй. “Та хэдэн төгрөг төлмөөр байна вэ” гэж татвар төлөгчөөс асуувал юу гэж хариулах нь ойлгомжтой. Надаас бусад нь бүх хүн НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг дэмжих байх.

НӨАТ-ын орлого төсвийн орлогын 25 хувийг бүрдүүлдэг. Ирэх жил 28 хувь руу дөхнө. Буцаан олголт 400 тэрбум руу дөхөж очих тооцоолол гарсан. Хэрэв 5 хувь болговол нэмж 600 тэрбум төгрөг хэрэгтэй болно. Нийт 1 их наяд төгрөг гэсэн үг. 

Ирэх оны төсөв өргөн барьчихсан. Ийм үед 600 тэрбум төгрөгийн төсвийн орон зай гаргах ямар ч боломжгүй” хэмээж буй билээ.

                               

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу