УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2023.10.23/ “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол” зохион байгуулж байна.

Энэ үеэр УИХ дахь АН-ын гишүүд мэргэжлийн шинжээч томилж өгөхийг хүсэж, сонсголыг хойшлуулахыг хүслээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ковидын төгсгөлөөр бусад яамдад хэмнэлтийн горим гэдэг зүйл үйлчилж эхэлсэн. Гэтэл зөвхөн эрүүл мэндийн яам дээр санхүү мөнгө нь багтахаа байсан. Оны төгсгөл рүү асар их мөнгө илүү гараад, үүнийг нь сүүлдээ хаа хамаагүй зарцуулж эхэлсэн. Жишээ нь, Эрүүл мэндийн яамны харъяа Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг байна.

Тэнд 50 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт илүү гарсан. Үүнээс 25 тэрбум төгрөгөөр ажилчдын орон сууц барина гээд явж байсан. Энэ дагуу бүр зураг төсөл гаргуулчихсан. Дүүргийн нэг эмнэлэг төсвөөс 25 тэрбум төгрөг гаргуулаад ажилчдын орон сууцны зураг хийлгээд явж байж болох уу.

Мөн тухайн үед санхүү, хөрөнгийн зарцуулалтыг хариуцаж байсан 4-5 хүн тэрбумаас дээш төгрөгийн байр худалдаж авсан. Одоогоор хауст амьдарч байгаа гэдэг мэдээлэл бидэнд ирсэн. Үүний үнэн, худлыг нь нотлохгүй. Энэ мэтчилэн олон асуудал байна. 

Алдарт Хөгжлийн банкны сонсголоор нэг их наяд төгрөгийн асуудал ярихдаа шинжээч, хянан шалгагч нар томилж, нийгмийн сенсаци болсон. Гэтэл бид одоо 20 их наядын асуудал ярих гэж байна. Тиймээс зайлшгүй шинжээч томилуулж байж сонсгол хийнэ” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу