Боливийн экс Ерөнхийлөгч, Социализмын төлөөх хөдөлгөөний намын тэргүүн Эво Моралес “Газын зурваст үйлдэгдэж буй халдлагын улмаас Боливи Улс Израильтай харилцаагаа тасалж, алан хядагч улс гэж зарлах ёстой” гэсэн байр суурь илэрхийлжээ.

Дээрх улс төрийн хүчнээс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр батламжлагдсан тэрбээр X нийгмийн сүлжээн дэх (хуучнаар Twitter) өөрийн хуудастаа “Бид 2005 оны арванхоёрдугаар сард сонгуульд ялалт байгуулсны дараа засгийн газарт орж ирэхдээ энх тайванч, империализмын эсрэг зарчмын дагуу Израильтай харилцаагаа тасалсан.

АНУ-ын дэмжлэгтэйгээр 2019 оны арваннэгдүгээр сард төрийн эргэлт хийсний дараа Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жанин Анес “эзэнт гүрний тушаал”-ыг дуулгавартай дагаж, Израильтай харилцаагаа сэргээсэн.

Гурван жил өнгөрсөн ч харамсалтай нь эдгээр харилцаа үргэлжилсээр байна. Би Израильтай харилцаагаа таслахын зэрэгцээ тодорхой бөгөөд шийдэмгий байх хүсэлтийг манай засгийн газарт дахин давтан хэлж байна. Палестины ард түмнийг хомроглон устгаж буйг буруушааж байна” гэж бичжээ.

Моралес “Израилийг террорист улс гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж тэмдэглэсэн байна. Тэрбээр “Геноцидээс татгалздаггүй хүн бол хамсаатан юм. Израилийг террорист буюу алан хядагч улс гэж зарлах ёстой” гэжээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу