Далан давхар (Самбалхүндэв)-ын оршуулгын газрыг чөлөөлж байгуулсан Цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд талийгаачдын гэр бүл төрөл төрөгсөд, Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд оролцлоо. Энэ үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа оролцож үг хэлсэн юм.

Тэрбээр  хэлсэн үгэндээ, Цэцэрлэгт хүрээлэнгийн 2 га талбайд хийсэн ногоон байгууламжид 18 төрлийн 5300 гаруй мод бут тарьж, 1317 м.кв талбайг зүлэгжүүлсэн. Цаашид нөөц дууссан оршуулгын газруудыг иргэдийн хүсэлт, хэрэгцээнд тулгуурлан тохижуулах, шилжүүлэх ажлыг зохион байгуулж, энэ хүрээнд оршуулгын үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчин бий болгохоор санал хүргүүлсэн тухайгаа онцоллоо. 

Далан давхар (Самбалхүндэв)-ын оршуулгын газар 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан ч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар иржээ.

Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоол, 2015 оны 15 дугаар тогтоолд тус оршуулгын газрыг нөөцгүйн улмаас хааж, хил хязгаарыг тогтоосон байдаг. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 15 дугаар тогтоолд тусгаснаар тус оршуулгын газар нь 73.9 га талбайтай, мөн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн хүрээнд хийсэн тооллогоор 47.6 мянган шарил байх бөгөөд 35.3 хувь буюу 16.8 мянга нь эвдэрч муудсан, 1.1 хувь буюу 0.5 мянга нь ухагдаж тоногдсон байдалтай байгааг дурдсан байдаг.

Улмаар суурьшлын бүс, цаашлаад нийслэл хотын хүнсний захтай зэрэгцэн оршиж буй тухайн оршуулгын газрыг нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2015 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд олон улсын жишигт нийцүүлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох төслийг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. 

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Нью Семетри” ХХК-тай төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Далан давхар (Самбалхүндэв)-ын оршуулгын газарт Дурсгал хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг өнгөрсөн онд эхлүүлсэн юм.

Төслийн хүрээнд тус оршуулгын газрын 10 га талбай дахь талийгаачдын булшийг 2022 оны оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр холбогдох хууль тогтоомж, стандарт, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун, ёс заншилд нийцүүлэн газраас гарган чандарлаж, чандарыг Дурсгал, хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд залсан юм.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу