Хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.03.06/ болж байна.

Шүүх хурлын үеэр яллагдагчийн зүгээс хурлыг хойшлуулах санал гаргалаа.

Өмнө нь яллагдагч нь өмгөөлөгчөөсөө татгалзсан, өмгөөлөгч эмнэлэгт хэвтсэн гэх шалтгаанаар хоёр ч удаа хойшлоод байсан уг хэргийн шүүх хурал гурав дахь удаагаа хойшилж магадгүй байна. 

Хэргийг эргэн сануулахад, Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөсөн.

Мөн явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу