НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод өрнөж буй асуудлууд, тэр дундаа хотын даргын томилгоо, маш богино хугацаанд гаргаж буй шийдвэрүүдийн талаар Та ямар байр суурьтай байна вэ?

-Улаанбаатар хотод маш ноцтой асуудлууд өрнөж байна. Хотын засаглалын хямрал туйлдаа хүрлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйл “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж иргэдийн эрх мэдлийг баталгаажуулсан байдаг. Гэтэл энэ эрх мэдэл аажмаар алдагдсаар, үндсэндээ нийслэлд хулгайлагдаж алга боллоо. Хотын иргэдийн сонголт, хүсэл, хүлээлт хотын даргын томилгоо хоёрын хооронд ямар ч авцалдаа, холбоо байхгүй боллоо. Сүүлийн хоёр даргыг Үндсэн хууль зөрчиж, намын улс төрийн товчноос томиллоо. НИТХ-ын МАН-ын төлөөлөгчид нийслэлийн иргэдийг төлөөлөх чадваргүй, намаас бүрэн хараат, даргын үг дагадаг амьгүй албат болж хувирлаа. Энэ тэдний буруу биш. Зориуд ийм систем бий болгож байна. Үндсэн хуулиар баталгаажсан эрх мэдэл нь тодорхой, нутгийн өөрөө удирдах ёсны зарчим гэж бүхэл бүтэн ардчилсан засаглалын том салбар ойлголт байхад энэ бүхнийг үгүйсгэж, бүх эрх мэдлийг Засгийн газар буюу эрх барьж байгаа нам өөртөө татаж байна. Бүр хотын сайд гэж хүртэл орон тоо гаргалаа.

Та Хотын даргын томилгоо Үндсэн хууль зөрчсөн гэж хэлээд байна уу?

-Тийм ээ. Одоогийн байдлаар Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжуудын хүрээнд аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргыг тухайн шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэр дэвшүүлж томилдог. Ил, далд намын нөлөөлөл байсаар ирсэн үү гэвэл ирсэн. Гэхдээ үүнийгээ бас ч гэж ичиж зовж, далд мөлхөө аргаар хийдэг байсан. Гэтэл одоо ил цагаандаа гарлаа. МАН-ын Удирдах зөвлөлөөс ийм хүнийг томилохоор боллоо гэж ичиж зовох юмгүй хэвлэлийн хурал хийдэг боллоо. НИТХ танилцаад, кноп дарах л үүрэгтэй болж хувирлаа. Энэ бүхэн түмний нүдэн дээр ил тод явагдсан процесс. Хууль тэдний хувьд бэлгэдлийн чанартай хэрэгсэл төдий зүйл болж хувирлаа. Зориуд хотын хурлыг хүчгүй, нөлөөгүй байлгаж, хотын эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, дараагийн сонгуульд намаа ялуулах МАН-ын гаршсан технологи ил цагаандаа гарлаа. Улаанбаатар хотын нэг сая сонгогчийн төрийн үйл хэрэгт төлөөллөөрөө дамжуулан болон шууд оролцох эрхийг боомилж, үгүйсгэж байгаа бодит үйлдэл юм.

Иргэдийн эрх гэхээр өчигдөрхөн шинэхэн хотын дарга Улаанбаатар хотын нягтаршил, түгжрэлийг бууруулах үүднээс газар олголтын асуудлыг хязгаарлах, зогсоох, анхан шатны төрийн байгууллагууд дээр газар олгохгүй байх хуулийн төсөл өргөн барихаа олон нийтэд танилцуулсан. Энэ шийдвэрийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

Нэгдүгээрт, хотын шийдэл бол хориг, хязгаарлалт биш. Хориглоод, цагдаад хөгжсөн хот хаана байна вэ? Нэрлээч, Х.Нямбаатар дарга аа гэж хэлмээр байна. Аливаа хориг хязгаар болгоны ард иргэдийн эрх зөрчигдөж, эрх мэдэлтнүүдэд боломж нээгдэж байдаг юм шүү. Улаанбаатар хотыг иргэдийн 0.7 ийм болгосон юм уу? Эрх мэдэлтнүүдийн хууль зөрчиж олгосон газар олголт ийм болгосон юм уу? Өнөөдөр Улаанбаатар хотыг төлөвлөлтгүй, замбараагүй шавар ширэнгэ болгосон хүмүүс МАН-ын Засгийн газарт сайд болцгоогоод сууж байна. Тэднийхээ барилгыг эхлээд буулгачих. Битгий Үндсэн хуулиар олгогдсон иргэний газар эзэмших эрхэд халд.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотод шийдэх ёстой олон асуудал байгаа нь үнэн. Өнөөгийн байгаа засаглал, менежментээр нийслэлийн асуудлыг шийдэх боломжгүй нь хангалттай батлагдлаа. Олон улсын сайн туршлага, мэргэжлийн байгууллага, салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан оновчтой шийдэл дэвшүүлэн шийдэл гаргаж ажиллах ёстой. Хотын дарга өглөө сэрэхэд аль хөл дээрээ боссоноос шалтгаалж тэрийг ч хориглоно, энийг ч цагдана гээд байж болохгүй. Товчхондоо бол хотын иргэдийн хүлээлт сонголт, хотын удирдлага хоёрын хооронд ямар ч уялдаа холбоо, хариуцлага хяналтын механизм байхгүй болчихлоо. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийн эрчимтэй тэлэлт, хурдыг өнөөгийн хотын менежментээр гүйцэх аргагүй боллоо. Тэгэхээр эдийн засгийн аргаар шийдвэрлэх боломжтой хотын үйлчилгээ, менежментийг төрийн үрэлгэн, чадваргүй бүтцээс чөлөөлж, хувийн хэвшил, иргэдийн оролцоонд тулгуурлаж, хамтран явахаас өөр аргагүй. Гуравдугаарт, хотын эрх зүйн дэд бүтцийг цогцоор нь авч үзмээр байна. Ялангуяа хотын иргэдийн амьдралын чанарыг бие даасан хуулиар хамгаалах шаардлагатай байна. Олон улсад “Quality of Life \QOL\” гэж хэмжүүрээр хөгжлийг хэмждэг болоод удаж байна. Өөрөөр хэлбэл, экологи, хүрээлэн байгаа орчин, эдийн засгийн эрх чөлөө, боловсрол, эрүүл мэнд, соёлын үйлчилгээ, аюулгүй байдал гээд асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой. Гэтэл өнөөгийн эрх баригчид “түгжрэлийн хууль” ч гэх шиг ганц жижиг салаа мөчрийг нь барьж аваад, хотын дарга нь нэг өглөө босож ирээд, газар олголтыг цуцална гэж байна. Энэ бүхэн ямар ч авцалдаагүй, чадваргүй, мэдлэггүй байгаагийн л шинж л дээ.

-Газар олголттой холбоотой хууль өргөн барих асуудлаа НИТХ-д танилцуулсан уу? Хуулийн дагуу бол эхний байдлаар Засаг даргыг дэмжсэн НИТХ-д танилцуулагдах ёстой…

-НИТХ-д танилцуулсан, НИТХ-ыг хуралдуулсан процесс бол болоогүй. Угаасаа л төвийн дүүргүүдэд иргэдэд газар олгох боломж бараг байхгүй. Иргэдэд 0.7 га газар эзэмшүүлснээс болж утаа, түгжрэл үүсээгүй. Хотын дэд бүтцийг тэлэх хөрөнгө мөнгөөр хөдөө 1000 хүнтэй сум руу зам тавиад байгаагаас л энэ бүхэн үүдэлтэй шүү дээ. Гэтэл хотын иргэдэд эрхийг нь эдлүүлэх ёстой хүн нь эсрэгээрээ хотынхоо иргэдийг улам боомилъё гээд явж байгааг ойлгох ухаан алга. Хууль, тогтоомжуудын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын чиг үүрэг нь тухайн шатны ИТХ-аас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Нэг ёсондоо гүйцэтгэх засаглал юм. Гэтэл хотын даргын сүүлийн өдрүүдэд гаргаж байгаа шийдвэр, мэдэгдлүүд шууд намын төв хорооныхоо эрх ашгийг дээдэлсэн, Ерөнхий сайдтай яриад шийдсэн байдалтай харагдаж байна. Цаашид энэ мэт дураар авирласан, нийслэлийн иргэдийн эрх мэдэл рүү нулимсан үйлдэлтэй хатуу тэмцэхээс өөр аргагүй болж байна. Хэдий сөрөг хүчин ч гэлээ хотын амьдралыг засаж сайжруулахын төлөө юм бүхнийг жадлаж эсэргүүцээд байхгүйг хичээж ажиллаж ирсэн. Гэтэл байдал бүр туйлдаа хүрлээ.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу