Газын зурваст дайны нөхцөл байдал тун ээдрээтэй болж байна. Израилийн тал ХАМАС бүлэглэлийн барьцаанд байсан хоёр иргэнээ суллуулж чаджээ. Тус улсын Ерөнхий сайдын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргаж, Газад барьцаалагдсан Нурит Купер, Йочевед Лифшиц нарыг Даваа гарагт сулласан талаар мэдээлэв.

Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын албаны хэвлэлийн төлөөлөгч, Хулгайлагдсан болон сураггүй болсон хүмүүсийн асуудал хариуцсан тусгай элч “Сүүлийн хэдэн өдөр тэднийг суллахын тулд Израилийн зэвсэгт хүчнийхэн болон аюулгүй байдлын хүчин бүх сувгаар шаргуу ажиллалаа” гэж мэдэгдсэн байна.

Нетаньяхугийн ажлын албанаас “Барьцаанд буй иргэдээс хоёрыг нь суллуулахад тусламж үзүүлсэн Египет болон Улаан загалмайн нийгэмлэгт талархаж байна” гэж мэдэгджээ.

Мөн тус албанаас “Израилийн Засгийн газар, Олон улсын хөгжлийн холбоо болон аюулгүй байдлын бүх байгууллага сураггүй алга болсон, хулгайлагдсан бүх хүнийг олж, эх оронд нь буцаахын тулд өөрсдийн чадавхи, хүчин чармайлтаа дайчлан ажиллана” гэж мэдэгдсэн байна.

Улс орнуудын эрх баригчид болон ХАМАС бүлэглэлийн хооронд барьцаалагдсан хүмүүсийг суллах талаар хэлэлцээ хийгдэж байгаа бөгөөд Орос ч мөн энэ тал дээр ажиллаж буй аж.

Израилийн эрх баригчид Газын зурваст 210 хүн барьцаалагдсан гэж үзэж байгаагаа өнгөрсөн Бямба гарагт мэдэгдэв.

ХАМАС-ын хэвлэлийн төлөөлөгч өмнө нь тус зэвсэгт бүлэглэл аравдугаар сарын 7-нд болсон террорист халдлагын үеэр 200-250 хүнийг баривчилсан гэж мэдэгдсэн. Израиль-Америкийн давхар иргэншилтэй хоёр иргэн Жудит Тай Раанан болон түүний 17 настай охин Натали Раанан нар өнгөрсөн Баасан гарагт суллагджээ.

АНУ-ын Төрийн департамент “ХАМАС Газын энгийн иргэдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг өөр тийш нь шилжүүлж буй эсэхийг НҮБ анхааралтай ажиглаж байна. Одоогоор ийм шинж тэмдэг илрээгүй” гэж мэдэгдэв.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэтт Миллер “Нэгдсэн үндэстний байгууллагынхан хүмүүнлэгийн тусламжийг Газын зурваст ирмэгц хүргэх үүрэгтэй” гэж мэдэгдэв.

НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газраас Даваа гарагт хүмүүнлэгийн тусламж ачсан 20 ачааны машин Рафах боомтоор Газын зурвас руу нэвтэрсэн гэж мэдэгдэв. Түүнчлэн Бямба, Ням гарагт нийт 34 ачааны машин амь аврах материалтай Газын зурвас руу нэвтэрч чадсан гэж мэдэгдэлдээ дурджээ. Энэ нь аравдугаар сарын 7-ноос өмнө Газын зурваст орж ирж буй бараа, бүтээгдэхүүний өдрийн дунджаас 4 хувиас бага юм.

Европын холбооны тэргүүн дипломат Жозеп Боррел өнгөрсөн Даваа гарагт Израиль болон ХАМАС хоорондын дайн гурав дахь долоо хоног руугаа орж байгаа тул Ойрхи Дорнод дахь энхийн үйл явцыг сэргээхийг уриалав.

Израилийн Батлан ​​хамгаалах хүчин (IDF)-ий хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, Газын зурваст хуурай замын ажиллагаа явуулах нь бараг тодорхой болжээ. Уг ажиллагаанд Тэнгисийн цэргийн хүчнийг оролцуулах төлөвлөгөө зэрэг нэгдсэн цохилтуудыг багтаана гэж Израилийн Батлан ​​хамгаалахын сайд мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN, TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу