Гуравдугаар сарын 13-17-нд болох Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр /2023.03.06/ мэдээлэл хүргэлээ.

Тэрбээр “Хөгжлийн Банкны асуудлаар гурав дахь удаагийн сонсгол болох гэж байна. Төгсгөлийн буюу нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг МҮОНТ-ээр шууд дамжуулна. Арилжааны банкуудаар дамжуулан олгосон Хөгжлийн Банкны эх үүсвэртэй 2,542 зээлийн асуудлыг ярина. Нийт 1.6 их наяд төгрөгийн зээлийн асуудал яригдах юм.

Хоёрдугаарт, 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн Банкны эх үүсвэрээс байршуулсан 3,280 мөнгөн хадгаламжийн хэлэлцэлд дүн шинжилгээ хийнэ. Мөнгөн удирдлагын асуудлыг мөн ярина гэсэн үг. Тухайн хадгаламжийг байршуулсан болон буцаан татсан асуудлыг багцалж ярина.

2,542 зээлийн асуудлын тухайд:

  • Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 151,
  • Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын 168,
  • Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгох 57,
  • Экспортыг дэмжиж, импортыг орлох үйлдвэрлэлийн 888,
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн 70 тэрбум төгрөгийг дамжуулан зээл олгосон 406,
  • Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалттай олгох хөнгөлөлттэй 11,
  • Үйлдвэрлэлийн чиглэлийн экспортыг дэмжих 18,
  • АСЕМ вилла цогцолбор хотхон, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцох төлөөлөгчдийг байршуулах зочид буудлын дамжуулан зээлдэх 15,
  • Мах боловсруулах үйлдвэрлэлийн 1,
  • Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах 93 төсөл зэрэг 2,542 зээлдэгчтэй холбогдох төслийг хэлэлцэнэ. 

Хөгжлийн Банкны гурав дахь удаагийн сонсголд нийт 210 хүнийг гэрчээр дуудна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, “MCS” группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, “Таванбогд” группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, “Буян” компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнчимэг, Н.Батбаяр болон түүний охин Б.Жаргалан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нарын 210 хүнийг гэрчээр дуудах юм” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу