Ерөнхий боловсролын 151 дүгээр сургуулиас баруун тийш уруудаад явах замд цагаан хашаатай “Цолмон” найман нэрийн хүнсний дэлгүүр харагдана. Гэр хорооллын айлуудын дундах энгийн нэгэн хүнсний дэлгүүр бодож, дотогш орвоос тэс өөр дүр зураг угтсан юм. Зүүн гар талд будаа, гоймон мэтийн хүнсний бүтээгдэхүүн өрж, баруун талаар саван, шампунь зэргийг байрлуулжээ. Энгийн дэлгүүрээс ялгаатай гээд буй нь барааны төрөл тус бүр нь гарын арван хуруунд багтахуйц цөөнийг хэлж байгаа юм. 6500 гэсэн бичгийн ард хоёр ширхэг наранцэцэгийн тос, 2800 гэсний ард гурван ширхэг кетчуп, нэг ширхэг цуу харагдана. Энэ мэт дэлгүүрийн бараа цөөрч, лангуу хоосорчээ. 

                   

“ЗУРГААН ЖИЛИЙН ӨМНӨ ДЭЛГҮҮРЭЭ НЭЭХЭД ЛАНГУУ ДҮҮРЭН БАРААТАЙ, ХУДАЛДАН АВАГЧ ОЛОНТОЙ БАЙСАН Ч ОДОО ӨР БИЧСЭН ХЭДЭН ДЭВТЭР ХАРААД СУУЖ БАЙНА”

Дэлгүүрийн худалдагч, 40 орчим насны эмэгтэй “Сайн байна уу” гэж мэндэлсээр инээмсэглэн зогсоно. CU, GS25 гэх мэт франчайз дэлгүүр орохдоо л сонсож байснаас дэлгүүрт ороод ийм үг сонсож байгаагүй надад нэг л дотно, эелдэг санагдах нь тэр. Цөөхөн бараатай, эл хуль дэлгүүрийг аварч байгаа ганц зүйл нь худалдагч бүсгүйн инээмсэглэл л байх. Ийм сэтгэгдэл төрүүлсэн учир түүнтэй цөөн хором ярилцахыг хүссэн юм. 

Дэлгүүрийн эзэн бүсгүй нэрээ нууцлахыг хүссэн учир Удвал гэх зохиомол нэр ашиглаж, бичвэрээ үргэлжлүүлье. 

Удвал сарын 150 мянган төгрөгийн цалин авч, оёдлын үйлдвэрт ажилладаг байжээ. Нөхөр хүүхдийн хамт хүний гэрт амьдардаг байсан тэр 2010 оноос эхэлж Солонгос явж, ажил хийж эхэлсэн байна. 2017 оныг хүртэл тэндээ ажиллаж байгаад нөхрөө гэрээгээр ажиллуулахын тулд “харлахаа” больж, эх орондоо ирсэн аж. Анх Солонгост очсон тухайгаа тэр “Солонгост очоод, үнэхээр гайхсан. Хүнд байсан ч хүний нутагт буруу харж уйлж, зөв харж инээж байгаад л ажлаа хийсэн. Гэхдээ сэтгэл хангалуун байсан. Монголд арван жил ажиллаад олоогүй хөрөнгөө тэнд гурван жил ажиллаад л олчихсон. Хүний гэрт амьдардаг байсан бол хашаа байшинтай, юм юмтай л болсон доо” хэмээн ярив.

Удвал Солонгост ажиллаад олсон хэдэн төгрөгөө эргэлдүүлэх зорилгоор Монголд ирсэн жилээ буюу 2017 онд хүнсний дэлгүүр нээжээ. Гэвч дэлгүүрийнх нь худалдан авагч цөөрч, тэдний авч буй бараа нь тоотой хэдэн ширхэг болжээ. Талх, хоёр өндөг, гурван төмс гэх мэтээр өдрийн хоолоо аргацаах хүнс авдаг болсон талаар тэр хэлэв. Тийм учраас лангуугаа дүүргэх шаардлагагүй болж, эргэлдэх мөнгө нь ч багасжээ. 

Энэ тухай тэрбээр “Би энд зургаа дахь жилдээ дэлгүүр ажиллуулж байна. Анх ирэхэд дажгүй байсан. Сүүлийн хоёр жилд буюу коронагаас хойш хүмүүсийн худалдан авалт эрс муудсан. Үнэхээр хэцүү болж байна даа. Дэлгүүрээ цааш нь ажиллуулах эсэхдээ эргэлздэг боллоо. Өдөрт нэг цаг гаруй хүн орж ирэхгүй, хоосон сууж байна.

Хүн орж ирэхээрээ хоёр өндөг, хоёр гурван төмс, нэг талх гэх зэргийг л авч байна. Боорцогны худалдан авалт эрс багассан. Зарим өдөр зарагддаггүй. Ихдээ л өдөрт 3-5 боорцог гардаг. Ер нь их муу болсон” хэмээн хэлсэн юм. 

“МИНИЙ ӨР ХЭД БАЙГАА БИЛЭЭ, 120 МЯНГЫГ НЬ ХАСУУЛЪЯ”

Удвалтай ийн ярилцан зогсох зуур 30 орчим насны эмэгтэй орж ирэв. Тэр ойр хавьд амьдардаг, байнгын үйлчлүүлэгч бололтой мэнд мэдсээр Удвал руу очлоо. “Хэдэн төгрөгтэй боллоо. Миний өр хэд байгаа билээ, 120 мянгыг нь хасуулъя” хэмээгээд тэдний хоорондын яриа эхлэв. Өнөөх эмэгтэй бараа авахгүйгээр, тавьсан өрнөөсөө хэдийг хасуулчихаад гараад явлаа. 

Ингээд бидний яриа өрийн дэвтрээр үргэлжилсэн юм. Хэр олон хүн өр, зээл тавьж байгааг асуухад тэрбээр “Зээл авах тохиолдол их. Байнга л зээлээр авъя гэж гуйна. Үнэхээр хоолгүй болсон хүнд зээл өгөхөөс өөр аргагүй шүү дээ. Тиймээс өдөрт тав, зургаагаас илүү хүнд зээл өгөхгүй байхыг хичээдэг юм. Одоо үед хүний иргэний үнэмлэхийг барьцаанд авах үндэслэлгүй болсон. Тиймээс итгэлцэл дээр тулгуурлаж л зээл өгдөг. Гэтэл зарим нь тэр чигээрээ алга болчихдог. Одоо ч шантарч эхэлж байна” хэмээн ярьсан юм. 

“БАРААНЫ ҮНЭ САР ТУТАМ НЭМЭГДЭЖ ИРЖ БАЙНА. ГЭТЭЛ ХҮМҮҮС НАМАЙГ ҮНЭ НЭМСЭН МЭТ ААШИЛДАГ”

Барааны үнийн тухайд сарын өмнө гурилын үнэ өсжээ. Түүнийг нь дагаад талх, боовны үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдсэн аж. Өдөр бүх 2100 төгрөгөөр авдаг байсан талхны үнэ нэг өдөр 2400 болчихсон байвал би ч, та ч бухимдах нь мэдээж. Гэхдээ хаана нь үнэ өссөн бэ гэдгийг бодох ёстой байх. Гэтэл барааны үнэ өсөх бүрт худалдагч руу бухимдлаа гаргах тохиолдол их байдаг ажээ. Энэ тухай Удвал “Барааны үнэ сар тутам нэмэгдэж байна. Энэ үед хүмүүс “Хүүе нэмчихсэн юм уу” гээд л эхэлнэ. Би үнийг нь нэмчихсэн юм шиг хандана. Хэрэглэгчид хүргэж байгаа эцсийн дамжуулагч нь учраас бидэнд бухимдлаа хамгийн их гаргадаг. Тэгэхээр их хэцүү. Уг нь Атар талхыг гэхэд 2300 төгрөгөөр аваад 2400 төгрөгөөр зарж байгаа. Хүн бүрийн амьдрал хэцүү байгааг ойлгож, аль болох хямдаар л бараагаа зарахыг бодох юм. 20 мянган төгрөгөөр бараа авахад алаг цэнхэр тор дүүрэхгүй байна. Наймаа хийж, бараа зарахаас ч ичиж сууна” гэлээ. 

“ДАРГА НАР ЭДИЙН ЗАСАГ ӨСӨЖ БАЙНА ГЭЭД ТОО ЯРИАД БАЙХ ЮМ. ГЭТЭЛ ИРГЭДИЙН АМЬЖИРГАА ӨДӨР ИРЭХ ТУСАМ ДОРОЙТОЖ БАЙНА”

Удвалаас асуусан сүүлийн асуулт маань төр, засгаас юу хүлээж байгаа вэ гэдэг байсан юм. Үүнд тэр “Үйлдвэрлэгч улс ядуу амьдардаггүй. Үйлдвэр л барих хэрэгтэй. Мөн дарга нар гүүр давж, Зайсан руу харахаас илүү иргэдийн амьдрал ямар байгааг бодитоор хараасай. Нүүрсний хулгайн асуудал шийдэгдэж, эдийн засаг өсөж байна гээд тоо яриад байдаг. Гэтэл бодит амьдрал иргэдийн амьдрал доройтож байна. Би зургаан жил дэлгүүр ажиллуулж, хэний амьдрал ямар болж байгааг харж суугаа хүн. Иргэдийн амьжиргааны түвшин нүдэн дээр муудаж байна. 

Манай урдуур засмал төв зам бий. Энэ хэсгээр дарга нар явах гэж байна шүү гэхэд гудамжаар нэг ч хүн гаргахгүй, цэвэрлэгч нар нь ирээд гудамж, талбай цэвэрлэчихдэг. Төд удалгүй том том хар машинтай хүмүүс сүнгэнээд л өнгөрнө. Тэд буугаад тав ч алхахгүй, зүгээр л хар машинтайгаа өнгөрч байгаа юм. 

Яг та нар шиг орж ирээд “яаж байна” гэж асуух хүн байдаггүй. Би энд байхдаа дарга нар ирж байгааг хоёр, гурван удаа сонссон. Нэг нь ч энэ хавиар алхаж үзээгүй. Бүх замыг нь хаачихаад том машинууд гараад явдаг. Бараг л “Битгий гэрээсээ гараарай” гэх нь холгүй байдаг” хэмээн хэлэв.

Бидний яриа энэ хүрч дуусаж, Удвал лангууны цаанаа суулаа. 

Бичлэгийг дээрээс үзнэ үү. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу