Өнгөрсөн аравдугаар сарын 21-ний 22:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн “Саппоро” орчмоос таксинд суусан 13 настай охин сураггүй алга болсон. Охиныг 63 цагийн турш эрэн хайж байгаа ч одоог хүртэл олоогүй байна. 

Энэ талаар ЦЕГ-ын дарга Т.Сүхболд “Өнгөрсөн долоо хоногийн Бямба, Ням гарагт зургаан хүүхэд алга болсон. Улмаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, тавыг нь олсон. Нэгийг нь хайх ажиллагаа үргэлжилж байна. 

Хүүхдүүд эцэг эх, найз нөхөдтэйгөө маргалдсан шалтгаанаар гэрээсээ гараад, алга болж байна. Мөн найз нөхдийндөө очиж хоноод, тэр тухайгаа эцэг, эхдээ хэлэхгүй байх тохиолдол гарч байна. Ийм хүүхдүүдийг олоод, ар гэрт нь хүлээлгэж өгсөн.

Нэг талаас эцэг, эхчүүдийн хараа хяналт сул байна. Нөгөө талаас хүүхдүүд эцэг, эх асран хамгаалагчдаа хэлэхгүйгээр дур зоргоороо гадуур явж байна. Үүнээс болж цагдаагийн алба хаагчид ажлын цагаа сунгаж ажиллах, бензин шатахууны зардал гарах гэх мэтээр цагдаагийн байгууллагад хүндрэл учирдаг.

Иргэн орой ажлаа тараад гэртээ ирэхэд хүүхэд нь байхгүй тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлж байна. Энэ бол өдөр тутам л тохиолддог үйл явдал. Ийм үед бид тухайн хүүхдийг аль болох түргэн, шуурхай олж, эцэг, эхэд нь хүлээлгэж өгч байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу